Пригожины Африк дахь “эзэнт гүрний” хувь заяа хэрхэх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 29

ОХУ-ын Африк дахь нөлөө “Вагнер” группийн ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Тус группийн тэргүүн Евгений Пригожин онгоцны осолд амь үрэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа тус компанийн Африк дахь хувь заяаны тухай асуудал тавигдаж эхэлсэн.

Орос Африк дахь, тэр тусмаа баруун болон төв хэсэг дэх нөлөөгөө гол төлөв “Вагнер” группийн хөлсний цэргүүдийн тусламжтай өргөжүүлдэг. Харин “Вагнер”-ын тэргүүн Е.Пригожин онгоцны ослоор амиа алдсан мэдээлэл гарсны дараа эдгээр улсууд Оросын зүгээс үзүүлдэг цэргийн дэмжлэг хэрхэх тухай асуудал толгойн өвчин болжээ.

ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр, ДНХ-ийн шинжилгээний хариу онгоцны зорчигчдын жагсаалтад бичигдсэн хүмүүсийнхтэй таарчээ. Өөрөөр хэлбэл, тус онгоцоор зорчиж явсан Евгений Пригожин болон “Вагнер” группийн үүсгэн байгуулагчдын нэг болох Дмитрий Уткин нар амиа алдсан болохыг баталж байна.

Төв Африкийн БНУ-д юу өөрчлөгдөх вэ?

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад онцгой өөрчлөлт гарахгүй гэж орон нутгийнхан үзэж байна. Германы “DW” телевизийн мэдээлснээр, Пригожины үхэл Орос буюу “Вагнер”, ТАБНУ хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлэхгүй. Учир нь “Вагнер” групп олон жилийн турш сайн танигдсан.

Тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Фидел Гуанжика “DW” телевизэд өгсөн ярилцлагадаа хоёр талын харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй гэж мэдэгдсэн байна. Тус улс Оростой батлан хамгаалах тухай хэлэлцээртэй тул Төв Африкт группийн ажиллагаа урьдын адил үргэлжилнэ. “Тэд өөр удирдагч олох нь дамжиггүй” гэж Гуанжика онцолсон байна. Хоёр талын худалдааны харилцааны тухайд оросууд ашигт малтмал олборлох, шар айраг үйлдвэрлэл болон ойн аж ахуй эрхлэх зөвшөөрөлтэй. Евгений Пригожин үгүй ч юу ч өөрчлөгдөхгүй хэмээн Гаунжика мэдэгджээ.

Вагнер Африкт байх нь Орост ашигтай

Хоёр сарын өмнө гарсан Пригожины бослогоос өмнө Кремль “Вагнер” группийн Африк дахь үйл ажиллагааг өндрөөр үнэлж, тус хувийн цэргийн компани Мали болон ТАБНУ-д үүргээ сайн биелүүлж байгаа хэмээн мэдэгдэж байв.

“Вагнер” группийн Африкийн эдгээр улс дахь үйл ажиллагааг анхааралтай судалбал Оросын хөлсний цэргүүд Африк тивд байх нь Кремльд ашигтай нь тодорхой харагдана. Тус бүлэглэл түүхий эдийн нөөц бүхий улс орнуудын эрх баригчидтай хамтран ажиллаж, бизнесийг хянадаг. Путины Засгийн газар үүнийг үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэх зүйл байхгүй гэж ТАБНУ-ын парламентын гишүүн асан Жан Пьер Мара үзэж байна. Түүний хэлснээр, Москвад дайнаа санхүүжүүлэхийн тулд Төв Африкийн алт, Малигийн алт хэрэгтэй. Тиймээс Пригожины үхлийн дараа юу ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ тоглогчид хэвээр үлдэх эсэх нь одоогоор тодорхойгүй гэжээ.

Оросын түүх судлаач Ирина Филатовагийн ярьснаар, Африк дахь “Вагнер” групп, Оросын харилцаа аль аль талд ашигтай. Учир нь хөлсний цэргүүд Оросын эл бүс нутаг дахь нэр хүнд болон Оросын зэвсгийг ашигладаг. Нөхцөл байдал XIX зуунд колоничлолын тэлэлтийн үед Европын худалдааны компаниудын явуулж байсан үйл ажиллагааны загварыг санагдуулдаг. Тэд засгийн газраасаа эрх авч, бие даасан үйл ажиллагаа явуулдаг байсан.Тэдний Африк дахь үйл ажиллагаа тухайн улсад ашигтай байсан гэж Филатова онцолжээ.

Мали: “Вагнерт” жилд 100 сая евро

Харин Оросын хөлсний цэргүүд Африкийн улс орнуудад хэрхэн гарч ирсэн бэ? Хэдэн жилийн турш Евгений Пригожин тэргүүтэй “Вагнер” групп Африкийн мөргөлдөөн өрнөж буй янз бүрийн улсад бат бөх суурьшиж чаджээ. Тэдний нэг нь Мали улс. Хиймэл дагуулаас авсан Бамако нисэх онгоцны гэрэл зургууд тус компани 2022 оны эхээр ч байсныг гэрчилнэ. АНУ-ын Стратегийн олон улсын судалгааны төв тус улсад 2021 оны эхээр баригдсан шинэ цэргийн баазыг илрүүлсэн байна. Тус баазад “Вагнер”-ын хөлсний цэргүүд байрладаг.

"Вагнер"-ын цэргүүд Малид

Тухайн үед 10 сая ам.доллар эргэлдэж байжээ. Яг ийм хэмжээний мөнгийг Мали улсын цэргийн засгийн газар хөлсний цэргүүдэд сар бүр төлөхөд бэлэн байжээ. Өөрөөр хэлбэл тус улсын төсвөөс энэ зорилгод жилд 100 сая гаруй ам.долларыг зарцуулдаг байна. Засгийн газрын тайлангаас үзвэл, 2022 оны төсөвт 71.5 африк франк нэмж орж ирсэн нь 100 сая евротой тэнцэж байна. Энэ мөнгийг Улсын аюулгүй байдлын үндэсний агентлагт зориулж байжээ. Тус агентлаг нь Оросын хувийн цэргийн компанийг санхүүжүүлж байсан байх талтай.

Малигийн дэглэм одоогоор олон улсын, тэр дундаа Баруун Африкийн Эдийн Засгийн Эвслийн /ECOWAS/ хориг арга хэмжээнд ороод байгаа. Засгийн газрын төсөв “улайж” байгаа ба Малигийн “Вагнер”-т төлөх өр нэмэгдсээр. Зарим эх сурвалжийн мэдээллээр, “вагнерчууд” тус улсын хэд хэдэн алтны ордыг авчээ.

ТАБНУ: “Вагнер”-аас бүрэн хамааралтай

Иргэний дайн олон арван жил өрнөсний эцэст 2019 оны хоёрдугаар сард энхийн хэлэлцээр байгуулагдаж байсан Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад /ТБНАУ/ “Вагнер” группийн нөлөө их. Ажиглагчдын үзэж буйгаар, “Вагнер” нь тус улсын засгийн газрын хяналтад буй ашигтай салбаруудад нөлөөгөө бэхжүүлжээ. Тухайлбал газрын тос болон алтны салбар. Канад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын компаниуд лицензгүй болжээ.

Харин “Вагнер” группийн ТАБНУ дахь нөлөө өндөр, дээд түвшинд асар их. 2018 оноос хойш оросын хөлсний цэргүүд Ерөнхийлөгч Туадерын хувийн хамгаалалтыг хангаж байгаа. Түүний зөвлөхүүдийн нэгээр “Вагнер” группийн тэргүүн Пригожинтой дотно холбоотой байсан хүн ажиллаж байна.

Төв Африкийн иргэний нийгмийн төлөөлөгч Пол Кресент Бенингагийн хэлснээр, эдгээр үйл явдал ТАБНУ-д ашиггүй. Оросуудад л ашигтай. Тэрбээр “Вагнер” групп тус улсын дотоод хэрэгт оролцож байгаад сэтгэл зовниж явдгаа ярьжээ. ТАБНУ гаднын дарамт, шахалтгүй өөрийн бодлогоо хэрэгжүүлэх чадваргүй болох тэр цаг үед тулж ирээд байна гэж тэрбээр онцолжээ.

"Вагнер"-ын цэргүүдэд хөшөө босгожээ

ТАБНУ-ийн Ерөнхийлөгч “Вагнер”-ын барьцааны хүн үү?

Орон нутгийн эрх баригчдад “Вагнер”-ын нөлөөнөөс гарах боломж бараг үгүй гэж тус улсын харилцаа холбоо, үндэсний эвлэрлийн сайд асан Адриен Пуссу үзэж байна. Тэрбээр “Африкт Путин хэрэггүй” ном гаргаж байв. “Туадера Ерөнхийлөгч “Вагнер” группийн барьцааны хүн. Өөрөө ч тэрийгээ мэдэж байгаа” гэж Пуссу “DW” телевизэд ярьжээ. Тиймээс “вагнерчуудын” бослого бүтэлгүйтсэн ч ямар нэг илүү том хүч гарч ирэхгүй л бол нөхцөл байдал мухардмал хэвээр байна.

Харин ТАБНУ-ын Засгийн газар эрх баригчид хяналтаа алдсан гэх яриаг утгагүй хэмээн мэдэгджээ.

Тэгвэл “Вагнер” группийн Африк дахь бизнес хэрхэх вэ? Энэ бизнес Москвад хэтэрхий ашигтай бөгөөд чухал тул түүнээс татгалзахгүй гэж шинжээчид үзэж байна. Түүхч Ирина Филатовагийн ярьснаар, “Вагнер” хэд хэдэн охин компанитай. Тэдгээрийг нэрийг сольж, тус тусдаа үйл ажиллагаа явуулж магадгүй. Эцсийн бүлэгт “Вагнер”-ын хувь заяа В.Путинаас л шалтгаална хэмээн шинжээчид дүгнэж байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.191) 2023 оны 09 сарын 02

Оросууд 200 гаруй үндэстнийг газар нутагтай нь эзэлж, олон зуун үндэстнийг газрын хөрснөөс арчсан колоничлолын арвин туршлагатай улс. Африкт юу хийхээ сайн мэдэж байгаа.

1  |  0
Зочин(103.212.118.56) 2023 оны 09 сарын 01

Африкууд нь хэдэн зуун жилийн Европын дарлал мөлжлөгөөс залхаж одоо зэвсэг бариг ил тод тэмцдэг болсон. Ойр хавийнх нь улс руу ч нөлөөлж, баруун их бажигадау бгаа. Тийм ч болохоор Пригог алж Путин руу чихэж бгаа.

0  |  0
Зочин(103.57.92.128) 2023 оны 09 сарын 01

Африкдаа байгаа.Путины бөөн тохироо.

1  |  2
Чежү(202.179.24.16) 2023 оны 09 сарын 02

Зөвхөн нэг талын мэдэээллээр тархи угаахха болих хэрэгтэй. Тэр африкчуудаас нь сонс

1  |  1
өөдгүй амьтадад хөшө(192.82.65.180) 2023 оны 09 сарын 01

Мали улсад хэд хэдэн тосгоныг газрын баялгаас нь болж захилагаар хүмүүсийг нь бүгдийг алж, талж шатаачихаад үүнийгээ францын цэргүүдрүү чихсэн шүү энэ вагн?р групп нь. өөдгүй амьтадад хөшөө босгоод. одоо Нигериа улс уранаа 10 жилийн өмнөөс францын төрийн Арева-д зарахаа болисоноос хойш хамгийн ядуу, байнга дайн бослого гардаг улсболсон. Бас л Вагнерууд зэвсэг, хүчээр хангана. ОХУ тархийг нь угааж францын компаныш 2012 онд зайлуулаад өөрсдөө харин уранаа АНУ-д зардаг болсоноос хойш оросын экспорт 5 дахин нэмэгджээ. африкууд боловсролыг огт тоодоггүйн гай нь өлсглөлөн болж л ирж баййна.

1  |  1
Top