В.Путин зэвсэгт бослогоос хойш анх удаа мэдэгдэл хийв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 24-нд болсон зэвсэгт бослогоос хойш анх удаа ард иргэддээ хандан, мэдэгдэл хийв.

Тэрбээр эх оронч байж, нэгдэж чадсан ард түмэндээ талархал илэрхийлжээ. Кремлийн тэргүүн зэвсэгт үймээн дэгдсэнээс эхлэн цус урсахаас сэргийлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч, хууль хүчнийхэн, цэргийн алба хаагчид эр зориг гаргасан хэмээн онцлоод “Вагнер” хувийн цэргийн компанид өгсөн амлалтаа биелүүлнэ хэмээн мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Зэвсэгт бослогыг зохион байгуулагчид эх орон, ард түмнээсээ урвахдаа, тэдэнтэй хамт байсан бүх хүнээс урвасан. Оросын дайснууд ахан дүүс бие биенийгээ хөнөөхийг хүссэн. Үүнийг Киевийн неонацистууд болон тэднийг ивээдэг өрнөдийнхөн хүссэн. Тэд эцсийн бүлэгт Орос ялагдахыг, Оросын нийгэм хуваагдаж, цусанд хутгалдахыг хүссэн. Ерөнхийлөгчийн тушаалаар цус асгаруулахаас сэргийлэхэд чиглэсэн алхмуудыг авсан. Үүний тулд цаг хугацаа шаардагдсан. Алдаа гаргасан хүмүүст тэдний үйлдлийг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй байгааг, тэднийг хутгасан аюултай үйлдэл ямар эмгэнэлт үр дагаварт хүргэхийг ухамсарлан, ойлгох боломж олгосон” гэжээ.

В.Путин зэвсэгт босогчдын замд эрэлхгээр зогссон цэрэг, хууль хүчнийхэн болон баатарлаг нисгэгчдэд талархал илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр нөхцөл байдлыг зохицуулахад хувь нэмэр оруулсан Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкод талархал илэрхийлжээ.

“Вагнер” группийн талаар, В.Путин хэлэхдээ “”Вагнер” группийн оролцогчдыг ашиглахыг оролдсон. “Вагнер” группийн ихэнх дайчид болон удирдлагууд ард түмэн, эх орондоо үнэнч эх орончид гэдгийг бид мэднэ. Тэд үүнийгээ Донбасс, Новороссияг чөлөөлөхдөө тулааны талбарт баталсан” гээд ахан дүүсийнхээ цусыг урсгахаас ухарч, цорын ганц зөв шийдвэр гаргасан "Вагнер"-ын дайчдад талархал илэрхийлжээ. Тэрбээр “Вагнер” группийн цэргүүд ОХУ-ын Батлан хамгаалах яаманд албаа үргэлжлүүлэх эсвэл Беларус руу гарах боломжтой хэмээн онцлов. “Та бүгд сонголтоо хийнэ. Энэ бол өөрсдийн эмгэнэлт алдаагаа ухамсарласан Оросын дайчдын сонголт байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top