Үндсэн хуулиа өөрчилж, эрх мэдэлдээ үлдсэн ТЭРГҮҮНҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Энэ сарын 25-нд ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүх нийтийн санал хураалт тус улс даяар эхэлсэн. Коронавирусний цар тахалтай холбогдуулан санал хураах байранд олон хүн нэг дор цугларахаас зайлсхийх үүднээс санал хураалт долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл явж, энэ өдөр эхний үр дүнг танилцуулна. ОХУ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний бүрэн эрхийн хугацааг тэглэх тухай заалт орсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Ингэснээр Владимир Путин Орос улсыг 2036 он хүртэл удирдах эрхтэй болж байгаа юм. ОХУ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарласан үндсэн хуулийн заалтаас зайлсхийх оролдлого хийж буй цорын ганц улс биш. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас гадна сүүлийн жилүүдэд Африк даяар ийм давлагаа өрнөсөн билээ. Үүнээс өмнө олон арван төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацааг уртасгаж байв. Тэдний зарим нь өнөөг хүртэл улс орноо удирдаж байгаа бол зарим нь албан тушаалаа хашиж байхдаа хорвоог орхисон. Үлдсэнийг нь албан тушаалаас нь буулгаж байсан түүхтэй. Нэг хүн ерөнхийлөгчийн албан тушаалд байх хугацааг үндсэн хуулиар хязгаарласан нь тийм ч ховор үзэгдэл бус. Олон улсын “Constitution Unit” байгууллагын шинжээчдийн хийсэн судалгаанаас үзвэл, 1875-аас 2011 оны хооронд ийм асуудалтай тулж байсан төрийн тэргүүн нарын дөрөвний нэг нь эл хязгаарлалтыг ямар нэгэн аргаар хүчингүй болгохыг оролдож байснаас 20 хувь нь буюу 71 төрийн тэргүүн санасандаа хүрч байжээ. Ингэхдээ тэд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ үндсэн хууль батлах, бүх нийтийн санал асуулга явуулах зэрэг төрөл бүрийн арга хэрэглэж байсан байна. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг хязгаарлах нь хэдийгээр түгээмэл ч нийтлэг практик бас биш аж. Үндсэн хуулийн эрх зүйн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, сүүлийн хоёр зуунд баталсан үндсэн хуулиудын 60 орчим хувьд ийм хэм хэмжээг хуульчилсан байдаг аж.

Программчилсан тогтворгүй байдал

Тухайн удирдагч урт удаан хугацаанд төр барих эрхээ хуульчилсны дараа юу болдог вэ? Судлаачид энд тодорхой хандлага онцолж, ажиглаагүй байна. Энэ нь тухайн үндэстний соёл, түүх, удирдагчийн хувийн шинж чанар, дотоодын болон гаднын улс төрийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсээс ихээхэн шалтгаалдаг байна. Ихэнх “үндэстний эцэг” ерөнхийлөгчийн суудалд насан эцэслэтлээ суудаг бол зарим нэгэн нь найдвартай үе залгамжлагч олж, төрийн жолоог шилжүүлдэг бол зарим тохиолдолд төрийн эргэлт, иргэний дайнд хүргэх нь ч бий. Дэлхийн үндсэн хуулийн эрх зүйн мэргэжилтэн, Чикагогийн их сургуулийн профессор Том Гинзбургийн хэлснээр, нэг хүнд тохируулан бүрдүүлсэн  тогтолцоон дахь төрийн эрх шилжих үйл явц тухайн улсын хувьд маш аюултай цаг үе байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн удирдагч төрийн эрхэнд байх хугацаанд тогтвортой байдал хадгалагддаг бөгөөд дунд хугацааны туршид маш том асуудал хуримтлагддаг гэж Гинзбург ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Африкийн давлагаа: Бүгд ерөнхийлөгчөөр үлдэхийг хүссэн

Гинзбургийн хэлснээр, хүйтэн дайн төгссөний дараа Африк тивд олон тооны ардчилсан улс бий болж, шинэ удирдагчид гарч ирсэн. Гэтэл арваад жилийн дараа тэдний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох үед бүгд л ерөнхийлөгчөөрөө үлдэхийг хүсжээ. Энэ давлагааны нэг төлөөлөл бол Чад улсын тэргүүн Идрис Деби. Тэрбээр 1990 онд цэргийн эргэлт хийн, төрийн эрхэнд гарчээ. Эхэн үед Деби ардчилсан шинэчлэл хийхийг оролдож байсан бөгөөд 1996 онд бүх ард түмний санал асуулга явуулах замаар бүрэн эрхийн хугацааг таван жил болгож сунгасан байна. 2005 он гарахад түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох нь дөхөх үед дахин бүх ард түмний санал асуулга явуулж, өөрт саад болсон хязгаарыг үгүй хийсэн байдаг. Саяхан 68 насны ойгоо тэмдэглэсэн Идрис Деби төрийг хамгийн удаан хугацаанд удирдаж буй арван удирдагчийн нэг болсон бөгөөд ирэх арванхоёрдугаар сард төрийн эрхэнд гарсны 30 жилийн ойгоо тэмдэглэх юм. Харин тэрхүү жагсаалтыг Камеруны Ерөнхийлөгч Пол Бия тэргүүлдэг. Түүнд бүрэн эрхийн хугацааг сунгахад 1996 оны Үндсэн хууль саад болсон тул 2008 онд Бия энэхүү хязгаарлалт иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна гэж мэдэгдэн, эл саадыг арилгаж байв. Өдгөө 87 настай Бия Камерун улсыг 45 дахь жилдээ удирдаж буй. Харин бүтэлгүй жишээг Буркина Фасо улсын Ерөнхийлөгч Блез Компаоре үзүүлэв. Тэрбээр 1987 онд цэргийн эргэлтийн үр дүнд төрийн эрхэнд гарч, 27 жил тус улсыг удирдсан. 2014 онд Компаоре төрийн тэргүүний албан тушаалыг хоёроос дээшгүй хугацаанд хаших заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг батлах өдөр Үндэсний ассамблейн ордныг жагсагчид эзлэн авсны дараа Компаоред эрх мэдлээсээ татгалзаж, улс орноо орхин явахаас өөр зам үлдээгүй байна.

Боливарын эсрэг

Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес бүрэн эрхийн хугацаагаа сунгах зорилгоор гурван ч удаа бүх нийтийн санал асуулга явуулж байжээ. Үүнийгээ тэрээр Боливарын хувьсгалын үйл хэрэг болон социализмыг бүтээхэд хэрэгтэй гэж тайлбарладаг байв. Хамгийн сүүлд тэрээр 2009 онд бүрэн эрхийн хугацааг сунгах санал асуулгад ялалт байгуулж, 2012 оны сүүлээр дахин сонгогдсон ч 2013 онд Боливарын хувьсгалын удирдагч хорт хавдрын улмаас хорвоог орхисон түүхтэй. Сонирхолтой нь түүний шүтэн биширдэг Латин Америкийн эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Симон Боливар удирдах албан тушаал хаших хугацааг хязгаарлахын төлөө байр суурь баримталдаг байжээ.

Капитализмын эсрэг тэмцэгч, Боливын Ерөнхийлөгч асан Эво Моралес бүрэн эрхийн хугацааг сунгах оролдлого мөн хийсэн ч бүтэлгүйтэж, эцэст нь улсаа орхин гарахаас өөр аргагүйд хүрсэн. 2016 онд тэрбээр бүх нийтийн санал асуулга явуулсан ч дэмжлэг авч чадаагүй тул Үндсэн хуулийн цэцийн тогтоол гаргуулж, 2019 онд дахин өрсөлдөх эрх олж авч байжээ. Түүний өрсөлдөгчид сонгуулийн дүнг будлиантуулсан хэрэгт буруутгаж, улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Өдгөө Эво Моралес Аргентинд орогнож байна.

Хятад, Доминикан ба удирдагчийг хэрхэн явуулах вэ

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2018 онд гаргасан төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдох хязгаарыг хүчингүй болгох шийдвэр дээрх үйл явдлуудтай огт холбоогүй. “Хятадын улс төрийг сонирхдог ихэнх хүний хувьд энэ бол маш том гэнэтийн бэлэг болсон” гэж профессор Том Гинзбург онцолжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Д.Медведевтэй ээлжлэн төр, засгийн тэргүүний албан тушаалыг хашиж байсныг ажиглагчид Доминикан улсын удирдагч Рафаэл Трухильотой харьцуулдаг. Трухильо ерөнхийлөгчийн суудлыг хоёр удаа хашсаны дараа 1938 онд Хасинто Пейнадод эрх мэдлээ шилжүүлээд, 1942 онд буцаж ирээд, хоёр удаа сонгогдсоны дараа дүү Эктор Трухильод суудлаа шилжүүлж байв. Энэ бүх хугацаанд тэрээр улс орноо удирдсан хэвээр байжээ. 1961 онд Рафаэл Трухильо цэргийнхний гарт амь үрэгдсэн. 

Дэлхийн үндсэн хуулийн эрх зүйн профессор Том Гинзбургийн хэлснээр, бүрэн дарангуйлал тогтсон аль эсвэл жинхэнэ ардчилал хөгжсөн улс орны удирдагчид үндсэн хуулиа өөртөө тохируулан захирдаггүй. Урт удаан хугацаанд төрийг удирдаж буй удирдагчийг тайван замаар солих боломж тухайн удирдагч дотооддоо эсвэл Олон улсын эрүүгийн шүүхэд очихоос хэр их айж буйгаас шалтгаалдаг гэж Гинзбург үзэж байна. Үүний нэг жишээ Суданы Ерөнхийлөгч асан Омар Башир. Түүнийг Олон улсын эрүүгийн шүүх шүүхийг хүсэж байсан тул Башир эрх мэдлээ сайн дураар өгөх шанс тэг байсан хэдий ч эцсийн эцэст түүнийг төрийн эрхээс зайлуулж байсан гэж Гинзбург онцлов.

Нийтлэг хандлагын хувьд удирдагчдыг тайван замаар солихын тулд тэдэнд болон тэдний үр хүүхдэд хамгийн чухал зүйл болох эрх чөлөө, эд хөрөнгийг нь үлдээх баталгаатай аргыг олох нь зүйтэй гэж Гинзбург үзэж байна. Харин хөрөнгөжих зорилго агуулаагүй дарангуйлагчдаас салах хамгийн хэцүү гэж тэрбээр онцлоод В.Путиний хувьд Орос улсад сүр хүчийг нь дахин авчирч, эх орондоо геополитикийн ач холбогдлыг нь эргүүлэн өгсөн хүн болох гэсэн улс төрийн зорилго агуулж байна гэж дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top