НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны шийдвэрийн дагуу жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтжээ. Энэ жил Олон улсын ардчиллын өдөр “Оролцоо” сэдвийн дор болж өнгөрөв.
Ардчилал хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Ардчиллын үнэт зүйлсийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгаж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажуулсан байдаг.
НҮБ-ын ардчилал, ардчилсан засаглалыг дэмжих үйл ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Ардчиллын сан, НҮБ-ын улс төрийн асуудлын газар, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны хэлтэс, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сан зэргээр дамжуулан хэрэгжүүлдэг. Эдгээрийн үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл явцыг дэмжих НҮБ-ын хүчин чармайлтын салшгүй хэсэг. Энэ үүднээс НҮБ гишүүн орнуудын парламентад ардчиллыг бэхжүүлэхэд нэн чухал хяналтын тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, хүний эрх, шударга шүүх, аюулгүй байдал, үг хэлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрхийг хамгаалах хууль, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх, сонгуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Ардчиллын ирээдүй
Ирээдүйн талаарх төсөөлөл юу юунаас илүү хурдацтай “хөгширдөг”. Берлиний хана нурсны дараа “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” нэртэй бестселлер номын зохиолч Фрэнсис Фукуяама үзэл суртлын гол өсгөлдөгч нь үгүй болсноор либерал ардчилал дэлхийг эзэлнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэрбээр ардчилал хэт үндсэрхэг үзэл, шашны хэт туйлшрал, хариуцлагагүй технологийн титанууд, цахим дайн зэрэг шинэ сорилт, хуучин дайснуудтайгаа нүүр тулна гэдгийг урьдчилан харж чадаагүй гэх шүүмжлэлийг нэг бус удаа сонссон. Гэхдээ тэрбээр удаан бус ч тодорхой хугацаанд зөв байсан.
Хүйтэн дайны төгсгөл ХХ зууны сүүлээр ардчиллын гурав дахь давлагааг эрчимжүүлсэн. Зүүн Европын ард түмнүүд өөрсдийн засгийн газраа чөлөөтэй сонгох эрхтэй болж, Африкийн “мөнхийн” ерөнхийлөгчид огцорч, Латин Америкийн ихэнх улс орнууд ардчиллыг сонгосон. Зуун солигдох мөчид дэлхийн 100 гаруй улс орон ардчиллыг сонгоод байлаа. Гэтэл 100 жилийн өмнө дэлхийн газрын зураг дээр 10 гаруйхан ардчилсан улс тодорч байв. ХХ зуунд ардчилал ялав. Гэхдээ энэ хандлагыг эргэлт буцалтгүй хүчтэй гэж учирлах нь учир дутагдалтай. Үүнийг “Freedom House” байгууллагаас жил бүр гаргадаг дэлхий дээрх эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээс харж болно. Дэлхий даяар ардчиллын гол суурь болсон шударга сонгууль, чөлөөт хэвлэл, хуулийн засаглал, цөөнхийн эрхийг хамгаалах зэрэг нь дайралтад өртөх болжээ. Илтгэлд “ардчилал хямралын үеийг туулж байна” гэх дүгнэлтэд хүрсэн байдаг. Нотолгоо нь? Өнгөрсөн онд Роберт Мугабе тэргүүтэй хэд хэдэн дарангуйлагчдыг огцруулсан. Ихэнх орнууд ардчилсан зарчимдаа үнэнч хэвээр байгаа. “Freedom House” байгууллагаас 94 оноо авсан британчууд улс орноороо бахархах бүрэн эрхтэй. 100 оноо авахын тулд скандинав байх ёстой. Гэвч ардчиллын дүр зургийг бүхэлд нь авч үзвэл сөрөг хандлага илүү ажиглагдана.
Венесуэлээс авхуулаад Филиппин хүртэл улам бүр олон улс оронд эрх чөлөө хумигдаж байна. Гэтэл ардчилсан хэмээх тодотголтой үлдэж буй олон улс орон амжилт олохгүй л байна. Үүний нэг жишээ Сири улс. Арабын хавраар олж авсан найдвар тоос болон замхрав. Арабын ертөнцийн цорын ганц ардчилал болох Тунис улс өнөөдөр олон тооны асуудалтай тулгарч байна. Ардчилал бүрэн ялсан гэж үзэж байсан Турк, Польш, Унгар зэрэг улсад дарангуйлал бий болох хандлага ажиглагдаж буй. Эдгээр улсад эрх чөлөөг ардчиллын баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоо, улс төрийн өрсөлдөгчдийг хүндлэх хандлагад хийж буй халдлага боомилох болжээ. Эрх чөлөөг нэг удаагийн бус, харин цуврал халдлагаар үгүй хийдэг.
Өнөөдөр улс төр судлаачид дэлхий даяар ардчиллаас ухарч буй үзэгдлээс хэр их болгоомжлох вэ гэх асуултад хариу өгөх гэж ширүүн маргаан өрнүүлж байна. Ардчиллын хямралыг өдөөсөн хүчин зүйлс нь юу вэ? Эдийн засгийн хүчин зүйлс, нийгмийн тэгш бус байдал, даяаршлын үр дагавар, хэт үндсэрхэг үзэлд дургүйцсэн олныг ашиглан популистууд эрх мэдэлд гарч, зарим улс оронд улс төрийн гол намуудын үйл ажиллагаа, эвсэл байгуулах үйл явцад саад хийх болов. Ийм дүр зураг Герман, Нидерланд улсад ажиглагдав. Популистууд гаднынхан, элитууд хождог луйврын схем хэмээн ардчиллыг нэрийдэн, сонгогчдод итгүүлснээр илүү олон тооны санал авах болов. АНУ Трамп, Их Британи Брексит, Герман засгийн газраа бүрдүүлэх зэрэг барууны улс орнууд дотоодын асуудалдаа анхаарлаа хандуулах зуурт Мьянмар, Өмнөд Судан, Сири, Йемен зэрэг улсад балмад гэмт хэрэг үйлдэгчид шийтгэлгүй үлдэж байна.
АНУ дэлхий дээр ардчиллыг хамгаалагч, ардчиллын үлгэр жишээ болох уламжлалт үүргээсээ татгалзсан. Тус улс энэ үүргээ хэзээ ч төгс гүйцэтгэж байгаагүй ч дэлхийн дайны дараа гарч ирсэн тус улсын удирдагчид эрх чөлөөний арал дээрх хот эрх чөлөөний туяаг цацруулах ёстой гэсэн санааг хэзээд дэмжиж ирсэн. Дугуй танхимд өнөөдөр АНУ дахь ардчилсан хэм хэмжээг устахад бүрэн эрхийн хугацааныхаа эхний жилийг зориулсан, дэлхий дээр хүний эрхийг хамгаалахад бэлэн гэдгээ ямар нэгэн байдлаар хэзээ ч илэрхийлээгүй ерөнхийлөгч ажиллаж байна.
Дэлхий даяар эрх чөлөөний хямрал болж байна гэх олон тооны мэдээллийг авч буй уншигч ардчилал үхэж байна гэх гутранги дүгнэлтэд хүрч магадгүй. Гэхдээ энэ нь ардчилал бүрэн ялна гэх дүгнэлтийн нэгэн адил алдаа юм. Ардчилал олон давуу талтай. Одоогоор энэ нь хүн төрөлхтний бодож олсон засаглалын хамгийн сайн хэлбэр. Өмнөд Солонгосын сая сая иргэн Хойд Солонгос руу зугтан гарахгүй л байна. Цагаан ордны эмч ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар сурвалжлагчдын асуултад чөлөөтэй хариулж байна. Дарангуйллын нөхцөлд хэзээ ч гарахгүй хэрэг.
Орчин цагийн дарангуйлал тогтсон улс оронд хүчирхийлэл, олныг хамарсан гэмт үйлдэл гарах нь ховор болжээ. Авлигын хэрэгт холбогдуулан удирдлагын түвшинд цэвэрлэгээ хийж, зохиолч, яруу найрагчдыг шоронд хорихоо больсон /Хятадыг эс тооцвол/. Дэлхийд соёлын хувьсгал үгүй болсон.
Орчин үеийн дарангуйллын тогтолцоо илүү боловсронгуй болов. Тэд хоосон олон ургалч үзлийг бий болгож, олон ургалч үзлийг хамгаалдаг шүүх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэний нийгэм зэргийг боомилсоор. Өнөөдөр Турк, Египет улсад л улс төрийн хоригдуул мянга мянгаараа байна.
Орчин цагийн дарангуйлагчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд илүү хүчтэй дарамт, шахалт үзүүлэх болов. Сөрөг хүчний болон төвийг сахисан хэвлэлүүд хаагдаж эсвэл эрх мэдэлтнүүдэд зарагдсаар. ОХУ, Венесуэл, Египет, Унгар улсад хэвлэл мэдээллийн олон ургалч үзэл бүрэн үгүй болж, интернет дэх эрх чөлөө боомилогдож байна.
Өөрийн улс орондоо ардчиллыг нураасан дарангуйлагчид шударга, чөлөөт сонгуульд ялалт байгуулах байсан уу? Үнэндээ ихэнх дарангуйлагчид эхний сонгуульд хууль ёсны дагуу ялалт байгуулсан байдаг. Гэхдээ тэдний эхний ялалт сүүлчийн шударга сонгууль болж хувирдаг. Эрх баригч нам эрх мэдлээ бэхжүүлэх, удаан хадгалж үлдэх дүрмийг баримтална. Сонгуулийн хуульд эрх баригч намд л ашигтай өөрчлөлт оруулна. Эрх баригчид хэвлэл мэдээлэлд хяналтаа тогтоож, PR хийх хэрэгсэл болгож хувиргадаг. Шүүхийн тогтолцоо дуулгавартай болж, сонгуулийн үеэр зөрчил гаргасан хэмээн сөрөг хүчинд их хэмжээний торгууль тавина. Турк, Эквадор, Польшид эрх баригчдад шүүмжлэлттэй хандсаны төлөө шүүх хатуу шийтгэл ногдуулав. Шударга бус байдал үргэлжилж, хэн ч үүнийг илрүүлэхийг хүсэхгүй байгаа цагт ардчилал цаашид ч байр сууриа алдсан хэвээр байх болно.
Гэхдээ ардчилалд ирээдүй бий. Өнгөрсөн он жилүүдэд авсан сургамж ардчилал хэврэг, нөхцөл байдлаас хамааралтай гэдгийг харуулж байна. Түүх тэр бүр эрх чөлөөний талд зогсдоггүй. Ардчиллын тал дээр хийж буй бидний гол алдаа нь бид ардчиллыг байх л ёстой зүйл мэт хүлээн авдагт байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
mongolyn ardchilalyg bulsan xun Elbegdorj