Саудын Арабын хааны урилгаар ОХУ-ын Президент В.Путин энэ сарын 15-нд тус хаант улсад төрийн айлчлал хийнэ. Үүнээс өмнө В.Путины албан ёсны айлчлал 2007 оны хоёрдугаар сард болж байжээ.
Айлчлалын үеэр гуч гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Оросын тэргүүн Орос, Саудын эдийн засгийн зөвлөлийн анхны хуралдаанд оролцох гэнэ. Айлчлалын үеэр газрын тосны олборлолтыг хязгаарлах тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ. 2017 онд байгуулагдсан ОПЕК+ хэлэлцээр хоёр удаа сунгагдаж, газрын тосны олборлолтын нөхцөл өөрчлөгдөж байжээ.
Түүнчлэн талууд зэвсэглэлийн асуудлыг хөндөхөөр зэхэж байна. Энэ оны есдүгээр сард Саудын газрын тосны объектууд цохилтод өртсөний улмаас газрын тос олборлолтын хэмжээ хоёр дахин буурсан.
Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт 3.6 хувиар нэмэгдэж, 1.7 тэрбум ам.долларт хүрчээ. Тус хоёр улсын хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 2.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 45 гаруй хэлэлцээрийг хэрэгжүүлээд байна. Ойрын хугацаанд талууд хөрөнгө оруулалтын хэмжээг долоон тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )