В.Путины хэлсэн чухал ЭШЛЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал пүрэв гарагт /2019.12.19/ Москва хотноо болсныг Zindaa.mn албан ёсны эрхтэй шууд дамжуулсан. Тус арга хэмжээн дээр В.Путины хэлсэн гол гол эшлэлийг хүргэж байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн талаар

ОХУ Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд нэгдсэн бөгөөд дэлхийн нийт хүлэмжийн хийн зургаан хувийг үйлдвэрлэдэг. Парисын гэрээнд заасан зорилгуудыг хэрэгжүүлж чадах эсэхийг мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн жинхэнэ шалтгааныг хэн ч мэдэхгүй. Дэлхий дээр урьд өмнө ч эрс дулаарал, мөстлөгийн үе болдог байсан. Гэхдээ юу ч хийхгүй сууж болохгүй. Бид өөрсдийн зүгээс бүхий л чадлаа дайчлах үүрэгтэй.

Орчин цагийн ОХУ-ын ололтуудын талаар

Хамгийн тод жишээ хөдөө аж ахуй. Зөвлөлт засгийн үед дэлхийн үр тарианы томоохон худалдан авагч байсан ОХУ өнөөдөр дэлхийн зэх зээлийн хамгийн том нийлүүлэгч болоод байна.

Допингийн дуулиант хэргийн талаар

Энэ бол шударга бус төдийгүй эрүүл ухаан, эрх зүйд харшилсан шийдвэр. Яагаад? Учир нь сэргээштэй холбоотой шийдвэрүүд ОУОХ-ны далбаан дор оролцсон Оросын тамирчдын эсрэг гарсан. Дэлхийн аль ч орон, эрх зүйн тогтолцоонд ийм зүйл байгаагүй. Хоёрт, шийтгэл хувь хүнд чиглэсэн байх ёстой. Буруутай зүйл хийгээд шийтгэл авах нь шударга явдал. Уран гулгалтын тэмцээнд залуухан охид оролцдог. Юун сэргээш? Тэд агаарт дөрвөн эргэлт хийдэг дэлхий дээрх бараг цорын ганц уран гулгагчид. Ийм замаар тэднийг залуулж байна.

Владимир Зеленскийн талаар

Албан тушаалаасаа буусан ч бай тэр, ер нь хүмүүсийн талаар тодорхойлолт өгөх нь зохимжгүй гэж үздэг. Тиймээс энэ төрлийн асуултаас зайлсхийдэг. Түүхэн хүмүүсийн талаар ярья. Төрийн тэргүүний албан тушаалд очсон хүмүүс тодорхой шалгуурыг давдаг. Тэд бусдаас арай эгэл бус.

Украинтай хийсэн хэлэлцээний талаар

Минскийн хэлэлцээрээс чухал өөр юу ч байхгүй. Сөрөг зүйл ч бий, эерэг зүйл ч бий.  Энэ нь найдвар төрүүлж байна. Нормандын дөрвөлийн хүрээнд асуудлыг урагшлуулах үндэслэл бий.

Харин байгалийн хийн тал дээр ОХУ асуудлыг шийдэхийг хүсэж байна. Бид тохиролцож чадна гэж бодож байна. Украины тал ч ашигтай байгаасай гэж хүсэж байна.

Ленин, большевикуудын бодлогын талаар

Лениний хувьд тэрээр улс төрийн зүтгэлтнээсээ илүү хувьсгалч байсан. Түүний шарилыг Мавзолей бунхнаас гаргахын тухайд ийм асуудлыг хөндөхгүй байсан нь дээр.

АНУ, Украин, ОХУ-ын талаар  

Туслахыг хүссэн бол Украинд мөнгө өгөх л байсан. Гэтэл мөнгө өгдөггүй, зээлийн баталгаа л өгдөг. Энэ чинь бодит мөнгө биш шүү дээ. Нэг талаар Украины өнөөгийн дэглэмийг дэмжиж байгаа ч юм шиг, нөгөө талаас ноцтой цохилт өгч байгаа ч юм шиг. Жишээ нь газраа өгөхийг шаарддаг. Гэтэл украинчуудын хувьд газар нь ариун зүйл.

ОХУ, БНХАУ-ын найрамдлын талаар

Дэлхийн олон туйлт тогтолцоо эдийн засгийн чухал элемент. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын дэлхийн ДНБ эзлэх хувь 50 хувиас дээш байсан бол өдгөө Хятадын эзлэх хувь үүнээс өндөр байна. Бусад үзүүлэлтээр ч гэсэн тэр. Энэ нь бусад чиглэлээр өөрчлөлт авчирч байна. Тиймээс тус хоёр улсын хамтын ажиллагаа асар өндөр ач холбогдолтой.

Холбоот улсын талаар

Холбоот улс байгуулах тухай шийдвэрүүд зөв байсан гэж үзэж байна. Беларусьтай ингэж ойртож буйд би баяртай байгаа. Ялангуяа нийгмийн салбарт тодорхой ололтууд гарсан. Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд олон зүйлийг хийсэн.

ЕХ-ны хориг арга хэмжээний талаар

Хориг арга хэмжээний үр дагаврыг энэ тааламжгүй үйл явцад оролцогчид бүгд л амсаж байна. ЕХ 50 тэрбум орчим еврогийн алдагдал хүлээгээд байгаа бол Дэлхийн банкны үнэлгээгээр ОХУ 50 сая ам.доллар алдсан. Хохирлын хэмжээ асар их. Үүний ард зөвхөн мөнгө төдийгүй ажлын байр, зах зээлийн орон зай зэрэг асуудлууд бий. Сөрөг тал бий ч давуу тал бас бий. Хөдөө аж ахуйн салбарт л гэхэд эрс өсөлт бий болсон. Оросын эдийн засаг гаднын цочролд дасан зохицож, үндэсний валют илүү тогтвортой болсон.

Японтой энхийн гэрээний талаар

АНУ Японтой дунд зайн тусгалтай пуужин байрлуулах тухай бид эхлээд хэлээгүй шүү дээ. Курилийн арлуудын хүрээнд ч энэ асуудлыг тооцохгүй байж болно гэж үү? Энд зэвсэглэл гараад ирэхгүй гэсэн баталгаа хаана байна. Гарц хайж чадах уу? Чадна. Үүнийг л бид Японы эрх баригчидтай хамтдаа хийж байна. 70 жил гарц хайлаа, олоогүй л байна. Гэхдээ олохыг эрмэлзэж байна.

Хөндлөнгийн оролцооны талаар

Дэлхийн янз бүрийн улс орон, тэр дундаа Их Британийн эрх баригчдын зүгээс ОХУ-д болж буй үйл явдалд өгсөн дүгнэлтийн талаар байнга сонсдог. Бид ч яг ийм байдлаар хандах эрхтэй. Энд хөндлөнгийн оролцоо ямар ч хамаагүй.

Эмэгтэй ерөнхийлөгчийн талаар

Удирдах боломжийн хувьд ч тэр, улс орон, ард түмний өмнө хүлээх хариуцлагын хувьд ч тэр ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй хүнд тавих шаардлага ямар нэгэн хүйсийн зарчмаар ялгаатай байх учиргүй. Эмэгтэй хүн улс төрд зөөлөн уур амьсгал, эмэгтэй хүний нандин чанаруудыг оруулж ирдэг. Энэ нь мэдээж хэрэг чухал юм.

Хэвлэлийн бага хурлыг бүрэн эхээр нь үзнэ үү.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nasaa(192.82.71.241) 2019 оны 12 сарын 22

Дэлхийд орос орон яаж урагшаа явж байгаа ямар асуудал байгаагаа ний нуугүй ярьсан шүү. Орчин үеийн төрийн хүний загвар маш өндөр боловсролтой үй зайгүй хөдөлмөрч хүн юм даа. Манай төрийн удирдлагууд энэ хүнээс сурах юм мөнч их бна даа.

3  |  0
od(205.201.255.5) 2019 оны 12 сарын 22

jinhen uls turch eh oronch delhiin hun gej ene huniig helne...

2  |  0
Er(202.9.46.203) 2019 оны 12 сарын 21

Zi turuulnee

0  |  1
МОНГОЛ(122.201.21.191) 2020 оны 07 сарын 04

ЧУХАЛ ИШЛЭЛ Ч ГЭХ ШИГ. ТҮРГЭН ДАЛДРААСАЙ !

1  |  4
Top