В.Путины олон улсын асуудлаар хэлсэн ЭШЛЭЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2021.12.23/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал хийв. Цар тахлын улмаас оролцогчдын тоонд хязгаарлалт тавьж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт 507 төлөөлөгчийг оролцуулжээ. Дөрөв орчим цаг үргэлжилсэн хэвлэлийн бага хурлын үеэр В.Путин нийт 44 сэтгүүлчийн асуултад хариулсан байна. Энэ үеэр олон улсын асуудлыг хөндсөн асуултад В.Путин байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

Москва баталгаа шаардаж байна

-Баруун амлалтаа биелүүлээгүй. НАТО-ийн тэлэлтийн таван давлагааг үзэж байна. Энх тайвны баталгааг өгөх ёстой улс нь ОХУ биш. ОХУ нь АНУ эсвэл Их Британийн хилд тулд очоогүй. Харин ОХУ-ын хилд тэд тулж ирээд байна.

-ОХУ НАТО дорно зүгт чиглэсэн ямар нэгэн хөдөлгөөн хийх ёсгүй гэсэн асуудлыг шууд тавьсан. Бөмбөгийг тэд эзэмшиж байгаа. АНУ-ын түншүүд асуудлыг хэлэлцэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн.

Орос хэт том улс уу?

-ЗХУ задран унахад түүхэн Орос орон хуваагдсан. Гэвч манай түншүүдэд энэ нь бага байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Тэдний үзэж буйгаар Орос орон хэт том байна. ЗХУ задран унаснаас хойш бид 146 саяулаа үлдсэн. Гэвч бас л хэт олуулаа байна.

Киев хамтран ажиллахыг үл хүсэж байна

-Хэдийгээр Ленин Украин руу түүхэн газар нутгаа “шургуулсан” ч Москва Украины тусгаар тогтнолыг эсэргүүцээгүй. Гэвч өдгөө өөрийнхөө газар нутаг дээр амьдарч буй оросуудыг польш, унгар, румынчуудын нэгэн адил суугуул иргэд хэмээн гадуурхаж байна.

-Украины тухайн үеийн Ерөнхийлөгч Виктор Янукович огцроход бэлэн байсан хэдий ч 2014 онд гарсан цуст төрийн эргэлт гарч, улмаар хямрал үүсэж, хүмүүсийг хөнөөж, шатааж байсан. Севастополь, Крымд татгалзаж чадах байсан уу?  Биднийг аргагүй нөхцөл байдалд оруулсан.

-Путин Донбасст хүчний ажиллагааг эхлүүлэхгүй байхыг өөрийн биеэр П.Порошенкогоос хүссэн. Өдгөө Минскийн хэлэлцээр нь асуудлыг шийдэх цорын ганц боломжит арга зам болоод байна. Гэвч Киев энэхүү хэлэлцээрийг биелүүлэхийг үл хүсэж байна. Тэр бүү хэл хэлэлцээртэй зөрчилдсөн хууль баталж, баруунтай хамтран Оросыг мөргөлдөөнд оролцуулахыг хүсэж байна.

-Тэд гурав дахь цэргийн ажиллагааг бэлдэж байж магадгүй. Үүнд оролцохгүй, Донбассын ард иргэдийг хамгаалахгүй байхыг эртнээс анхааруулж байгаа. Оролцвол, хамгаалбал шинэ хориг арга хэмжээ цуврана.

БНХАУ-тай стратегийн түншлэлтэй

-Бид БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй найз нөхдийн адил тогтмол харилцдаг. Бид харилцан итгэл дээр суурилсан хувийн харилцаатай. Энэ харилцаа нь ажил хэрэгч харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм болдог.  ОХУ, БНХАУ иж бүрэн түншлэлийн стратегийн харилцаатай улс орнууд. Тэр бүү хэл бид өндөр технологийн төрлийн зэвсэглэл хамтран бүтээж байгаа.

-АНУ өдгөө Хятадыг тогтоон барьж дийлэхгүй. Тэд эцсийн эцэст үүнийг ойлгох ёстой. Өнөөдөр Хятад улсын эдийн засгийн хувьд худалдан авах чадвараараа АНУ-ыг ардаа орхисон. 2035 он, 2050 он гэхэд Хятад дэлхийн тэргүүн эдийн засаг болох нь дамжиггүй.

Афганистаны бодит байдал

-Афганистаны төрийн эрхэнд гарсан хүчнүүд төрийн удирдлагад бүх угсаатны төлөөллийг оролцуулах ёстой гэсэн байр суурийг Москва баримталж байна.

-Талибуудыг хүлээн зөвшөөрөх тал дээр Москва олон улсын яриа хэлэлцээний бүхий л оролцогчидтой хамтарч ажиллаж байна.

-ОХУ нь Төв Азийн улс орнуудтай нээлттэй хиллэдэг. Тиймээс эдгээр улс оронд хэт даврагч бүлэглэлүүд нэвтрэхэд тодорхой хэмжээгээр болгоомжлох, сэрэмжлэх нь зүй ёсны асуудал.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top