Этгээд хувцас, зөөлөн тоглоом, чамин малгай. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины анхаарлыг татаж, асуулт тавих боломж хайсан сэтгүүлчдийн хүлээдэг хэвлэлийн бага хурал багт наадмыг санагдуулдаг. Арван тав дахь удаагийн энэ арга хэмжээ оролцох сэтгүүлчдийн тоогоороо дээд амжилт тогтоогоод байна. Энэ жил хэвлэлийн бага хуралд 1702 сурвалжлагч оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ. Гэхдээ энэ жил Кремль хэвлэлийн бага хурлын дэгт бага зэргийн өөрчлөлт оруулжээ.
Хэвлэлийн бага хурал хэр удаан үргэлжлэхийг В.Путин өөрөө ч мэдэхгүй. Телевизийн сувгууд эфирийнхээ гурван цагийг нөөцлөөд байгаа ч статистикаас үзвэл дунджаар дөрвөн цаг болдог. 2008 онд таван цаг үргэлжилж дээд амжилт тогтоож байсан.
Сэтгүүлчид асуулт тавих эрх олж авах үүднээс Путины анхааралд өртөхийн тулд янз бүрийн зураг хуудас ашигладаг бөгөөд энэ жил Кремль гэрэл зурагчид, операторуудын хүсэлтийн дагуу зурагт хуудасны хэмжээг 297х420 мм бага байхаар тогтоожээ
Путины хэвлэлийн бага хурал өнгөрч буй жилийн ажлыг дүгнэх арга хэмжээ юм. Уламжлал ёсоор арга хэмжээний эхэнд В.Путин улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч тайлагнадаг. Өнгөрсөн жил Путинд тавьсан анхны асуулт үндэсний төслүүд хэр бодитой вэ гэсэн асуулт байв. “Үсрэлт хийхэд хэрэгтэй. Бид технологийн шинэ ертөнц рүү үсрэн орох хэрэгтэй. Үүнгүйгээр улс оронд ирээдүй үгүй” хэмээн Путин хариулж байсан. 2019 онд “Сибирийн хүч” хийн хоолой, Москва-Санкт-Петербург гэх мега төслүүдийг эхлүүлж, Крымийн гүүрээр галт тэрэг явахаар бэлдэж, “Туркийн урсгал”, “Умард урсгал-2” зэрэг төслүүд ээлжээ хүлээж байна. Тиймээс эдгээр төсөл, Ираны цөмийн хөтөлбөр, Нормандын дөрвөлийн дээд хэмжээний уулзалт, Москва Вашингтон, Бээжин, Токиогийн харилцаа, Оросын эсрэг хориг арга хэмжээ зэрэг олон улс, бүс нутгийн шинж чанартай асуултууд гарч ирэхээс гадна Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээний талаар сэтгүүлчид сонирхож байна.
“Ерөнхийлөгч В.Путин ямар ч асуултад хариулахад бэлэн. Хэвлэлийн бага хурал өөрөө чөлөөт ярилцлагын хэлбэрээр явагддаг” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ээлжит хэвлэлийн бага хурлыг Zindaa.mn албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )