Улаанбаатар хотын Мишээл сити төслийн Мишээл Вокинг стрийтэд “Чингис хааны Цом 2023” олон улсын тогооч, ажил мэргэжлийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг есдүгээр сарын 13-наас 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр Монголын Тогооч нарын холбооноос А зэрэглэлтэйгээр зохион байгуулах юм. Энэхүү тэмцээн нь цар тахлын улмаас дөрвөн жил завсарласны эцэст зэрэг ахиулан эргэн ирж байгаа юм. 2017 онд тус тэмцээнд 6 улс, 2019 онд 11 орны баг тамирчид оролцож байсан бол энэ жил 16 орны шилдэг тогооч нар оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна.
“Чингис хаан 2023” тэмцээний хүндэт зочноор Дэлхийн тогооч нарын холбооны Ерөнхийлөгч Томас Гүглэр, Дэлхийн тогооч нарын холбооны Азийн бүсийн тэргүүн Вилмэнт Лүн, Дэлхийн Ислам шашинт улс орнуудын Кулинарын холбооны ерөнхийлөгч Тахир Амирасланов нар уригджээ.
Өнөөдөр Мишээл Экспод тэмцээнийг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд энэхүү тэмцээнийг Монголд амжилттай зохион байгуулснаар монгол үндэстний хоолны төрлийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, олон улсын чансааны тэмцээнүүдэд монгол хоолны шинэ төрлийг нэмэгдүүлэх, монгол хоолыг дэлхийд таниулж, сурталчлах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Монголын тогооч нарын холбооны Ерөнхийлөгч, үйлчилгээний гавъяат ажилтан Д.Буяндэлгэр “Монгол улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тогооч нарын ажил мэргэжлийн энэ уралдаан Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд болно. Энэхүү тэмцээн нь Засгийн газраас гаргасан “Алсын хараа 2050”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм. Монголын тогооч нар бид монгол орныхоо хоол хүнсийг, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд сурталчлах ийм өндөр үүрэг, хариуцлагатай тэмцээн билээ. Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн 195 оронд монгол тогооч нарынхаа чадвар, Монголын хоол хүнс үйлдвэрлэлийн салбарын нэр хүнд, хөгжлийг сурталчлах үүрэг тогооч бид нарын өмнө тулж ирээд байна. Тиймээс энэхүү арга хэмжээнд мэргэжлийн тогооч нар оролцож, ур чадвараа танилцуулахыг уриалж байна. “Чингис хааны Цом 2023” тогооч нарын олон улсын тэмцээнд бүх тогооч оролцоход нээлттэй шүү. Нийт 15 төрлийн тэмцээн уралдаан болно. Дэлхийн тогооч нарын олон улсын тэмцээнийг шүүх шүүгчийн сургалт, семинарыг анх удаа Монголд зохион байгуулах боллоо. Монгол тогооч нар дэлхийн тэмцээнд шүүх боломж нээгдэж байна”
Монголын тогооч нарын холбооны Удирдах зөвлөлийн дарга, Кулинарын холбооны ерөнхийлөгч Н.Хандсүрэн “Монголын бүх тогооч нар, ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. “Чингис хааны Цом 2023” олон улсын тогооч нарын тэмцээн их онцлогтой тэмцээн болох юм. Саяхан Таиланд, Филиппин гэсэн Азийн хоёр оронд болсон олон улсын тэмцээнээс монгол тогооч нар алт, мөнгө, хүрэл медаль хүртээд ирсэн билээ. Энэ амжилтаас түйчээлэн, Дэлхийн тогооч нарын холбоо Монголыг дэмжиж, “Чингис хааны Цом 2023” тэмцээнд шилдэг тогооч нараа илгээж байгаа. Энэ жилийн уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа ивээн тэтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Хүнсний аюулгүй байдал”, “Хүнсний хангамж” хөтөлбөрийн хүрээнд Монголын тогооч нар хоолны нэр төрлийг олшруулах, аюулгүй байдлыг сайжруулах, хоолны хог хаягдлыг багасгахаар олон улсын тогооч нарын туршлагаас судлан ажиллаж байна. Энэ утгаараа их ач холбогдолтой тэмцээн болно”
Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар “Манай тэмцээнд оролцохоор АНУ, ХБНГУ, Итали, БНХАУ, Тайвань, Киргиз, Казахстан, Румын, БНСУ зэрэг 16 орны тогооч нар ирж байна. БНХАУ-аас Өвөрмонгол, Төвдийн тогооч нарын холбооны мэргэжилтнүүд оролцоно. Тэмцээнд гадаад, дотоодын нийт 582 оролцогч бүртгүүлсэн нь маш өндөр тоо. Тэд хүн тус бүр 2-3 төрлийн тэмцээнд орно гэхээр ойролцоогоос 900 оролцогч 3 өдрийн хугацаанд нийт 150 медалийн төлөө өрсөлдөх болж байна. Чансаа өндөр тэмцээн”
Мишээл групп ХХК-ийн Мишээл Вокинг стрийтийн Ерөнхий менежер Б.Батцомирлог “Мишээл сити төслийн Монголын анхны аялал жуулчлалын гудамж маань гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 2022 оны 11 дүгээр сард Монголын тогооч нарын холбоотой хамтран Монголын аварга тогооч шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан. Энэ жил тогооч нарын ажил, мэргэжлийн олон улсын тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. “Чингис хааны Цом 2023” тэмцээнд гадаадын маш олон оролцогч ирнэ. Бид Мишээл Вокинг стрийт олон улсын аялал жуулчлалын гудмаараа дамжуулан, Монгол Улсынхаа нэр хүндийг гаргахаар ажиллаж байна”
Мишээл групп ХХК-ийн маркетингийн менежер Ц.Санчир “Энэ тэмцээний ач холбогдол, цар хүрээг бид маш өргөнөөр харж байгаа. Ялангуяа 2023 он бол Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”. Энэ хүрээнд аялал жуулчлалыг дэмжих маш олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. “Чингис хааны Цом 2023” олон улсын тогооч нарын чансаа өндөр тэмцээн бол Монгол улсыг дэлхий дахинд сурталчлах маш том боломж юм. Монгол орны хоол хүнсний соёлыг дэлхийд таниулах зэрэг олон үр өгөөжтэй. Тэмцээнд ирэх гадаадын тогооч, мэргэжлийн хүмүүстэй эх орныхоо хүнсний үйлдвэрлэгчдийг холбож, Монголынхоо үйлдвэрлэлийг дэмжих ажил хийнэ. Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгч, брэндүүд нэгдэж, олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой байгаа гэдгийг дуулгая”
Монголын тогооч нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мэнджаргал ““Чингис хааны Цом 2023” нь Монголын үндэсний үйлдвэрлэгч, хүнстэй холбоотой бүхий л компаниуд үзэсгэлэнгийн танхимд, гадаадын мэргэжилтнүүдэд өөрсдийн бараагаа сурталчлах, танин мэдүүлэх алтан боломж, гарц шүү гэж хэлмээр байна. Тэмцээн удахгүй эхэлнэ. Дэлхий биднийг харж байна. Манай тогооч нар дэлхийн шилдэг тогооч нартай мөр зэрэгцүүлэн алхаж байгааг харахад сайхан байдаг. Манай залуучууд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хэдийнэ хүрсэн. Тиймээс дэлхийн хэмжээний том мэргэжилтнүүд, захирлууд Монголыг онцолж байна. Спортын тамирчид дэлхийд нэрээ тамгалсан бол одоо манай Галын Бурхад болох тогооч нар дэлхийд тамгалж болохгүй гэж? Бид чадна”
Сэтгэгдэл ( 1 )