АНУ-ын Калифорни мужийн Санта-Барбарагийн шүүх холливудын жүжигчин Кевин Костнер болон түүнтэй 18 жил ханилсан Кристин Баумгартнер нарын хүүхдийн тэтгэмжийн асуудлыг цэгцлэн шийдэхээр хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэр 68 настай Кевин Костнерийн талд гарчээ.
49 настай Кристин Баумгартнер 15 настай Кейден, 14 настай Хейс, 13 настай Грейс гэх гурван хүүхдийнхээ тэтгэмж болгож сар бүр 161 мянган ам.долларыг Кевин Костнероос авахаар шүүхэд хандсан байна. Одоогоор сардаа хүүхдийн тэтгэмжид 129 мянган ам.доллар авдаг аж. Гэвч шүүх шийдвэрээ гаргахдаа Баумгартнерийн хүссэнээр тоог нэмэлгүй харин ч харьцангуй их хэмжээгээр хасч, сарын 63 мянган ам.доллар тэтгэмжид олгоход хангалттай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн авдаг тэтгэмжийг нь хоёр дахин багасгахаар болсон байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараагаар хоёр тал хоёулаа хэвлэлийнхнээс зайгаа барьж, арын хаалгаар гарсан ч хэвлэлийнхэн алдалгүй бүчин авчээ. Ингээд Кевин Костнер тайлбар өгөхдөө “Энэ хэрцгий тулаанд ялагч гэж байхгүй” гэж хэлсэн байна.
Кевин Костнерийн өмгөөлөгч Лора Вассер шүүхийн танхимд ярихдаа Кристин Баумгартнерийг ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний тэтгэмж нэхэж буйг онцлоод, Лос-Анжелесийн харьцангуй баячуудын гэр бүл салалтад өдий хэмжээний тэтгэмж огт олгож байгаагүйг тэмдэглэжээ.
“Костнер бол кино од шиг амьдардаг хүн биш. Шинэ загварын хувцас өмсдөггүй, үнэтэйг нь бүр сонгодоггүй. Үнэтэй машин унадаггүй. Хүүхдүүд нь ч улсын сургуульд явдаг. Түүнд хувийн онгоц байхгүй” хэмээн мэдэгдээд гэрлэлтийн гэрээний дагуу хэрвээ салах болвол 1.5 сая ам.долларын тэтгэлэг нэг удаа олгоно гэснээ аль хэдийнэ өгчихсөн гэдгийг дурджээ. Тэгээд ч ирэх арваннэгдүгээр сард Кристин Баумгартнерийн нэхэмжлэлтэй гэр бүлийн тэтгэмжийн асуудал шүүхээр хэлэлцэгдэхээр болсныг сануулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийнх бол зөвхөн хүүхдүүдийн тэтгэмжийн асуудал. Харин хоёр сарын дараагаар Кристин Баумгартнер эхнэрийн хувиар хамт байсан жилүүдийнхээ тэтгэмжийг авахаар мөн шүүхийн танхимд орж ирэхийг дурдсан байна.
Шүүхийн эхний өдөр Кристин Баумгартнер мэдүүлэг өгөхдөө Кевин Костнер сарын 1 468 953 ам.долларын орлоготой, далайн эрэг дээр тансаг эдлэнтэй, тэр эдлэнгийн үнэ ойролцоогоор 75-95 сая ам.долларт хүрнэ гэж хэлсэн байна. Харин өөрөө бол одоогоор хүүхдүүдийнхээ хамт сарын 40 мянган ам.долларын түрээстэй байранд байгааг дурджээ. Тэгээд хүүхдүүдээ үүнээс тансаг байшинд буюу сарын түрээс нь дор хаяж 150 мянган ам.долларт хүрэхүйц, далайн эрэг рүү харсан цонхтой байшинд байх ёстой гэж боддогоо ч хэлжээ. Кевин Костнерийг Зул сарын үеэр тансаг үдэшлэг зохиохын тулд нарлаг Санта-Барбарад 40 тонн цас авчруулж байсныг ч сануулжээ. Мөн сардаа цэцэг, бэлгэнд л гэхэд 40 мянган ам.доллар зарцуулдаг гэжээ.
Харин Кевин Костнер хуучин эхнэрээ гэр бүлийн найз Жош Коннортой хамт Хавайд амарсныг дурдаад, мөн түүнээс 20 мянган ам.доллар авсныг эгдүүцэн хэлсэн байна. Үүнд Кристин Баумгартнер тайлбар өгөхдөө Жоштой ямар ч амрагийн харьцаагүй, мөнгө авсны тухайд бол ээжийнхээ ипотекийн зээлийг төлөх гэж 10 мянган ам.доллар авсан. Ээж нь сардаа ипотект 5000 ам.доллар төлдөг гэжээ. Мөн Кристин нэгэн байшингийн урьдчилгааг төлөхийн тулд ахаасаа 80 мянган ам.доллар зээлсэн явдал нь ил болсон байна.
Костнерийн өмгөөлөгч шүүх хурлын үеэр Кристинээс “Та ер нь ажил хийж, өөрөө өөрийгөө тэжээе гэж бодож байгаа юу? Эсвэл тэтгэмжийн мөнгөөр амьдаръя гэж бодож байна уу?” гэж асуухад 49 настай эмэгтэй бухимдаж эцэг эхдээ 50 мянган ам.доллараар BMW загварын машиныг өөрийн мөнгөөр авч өгснөө тэмдэглэжээ.
Кевин Костнер хуучин эхнэрийнхээ нэхэж буй мөнгөн дүнгийн талаар бодлоо хэлэхдээ “Миний хүүхдүүдийн хэрэгцээнээс хэт давсан тэтгэмжийг төлөхийг шаардаж буй нь санааг минь зовоож байна. Би хүүхдүүддээ тэтгэмж өгөх талаар энэ удаа ярьж байгаа болохоос Кристинд өгөх мөнгөний тухай яриагүй. Хэрвээ ингэж хүссэнээр нь шийдэх юм бол миний мөнгө хурдан дуусна. Тэгээд би хүсээгүй ажлынхаа саналыг хүлээн авахаас аргагүйд хүрч, харуй бүрий болтол ажиллах болно. Магадгүй би Аспен дахь байшингаа ч зарахад хүрэх байх. Уг нь би энэ амьдралыг босгох гэж, тэр байшинд амьдрах гэж бүх насаараа хөдөлмөрлөсөн. Миний гэр бүл, найз нөхөд минь ирж байгаасай гэж боддог. Би сургуульд байхдаа “А” авч байгаагүй байж болно. Харин амьдрал дээр хүмүүстэй байгаа зүйлээ хуваалцахдаа бол үргэлж “А” авсаар ирсэн” гэжээ. Мөн жүжигчин эр шинэ кино бүтээхээр өөрийнхөө халааснаас 24 сая ам.доллар гаргасан нь эргэж олно гэхэд хэцүү эрсдэлтэй алхам гэдгийг ч цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
shunaliin tulam avgai vee
Оддын өвчин гэж солиоролын ард хүүхэд хохирон
Царай муутай онцгүй хүүхэнтэй зууралдаждээ