БНСУ-ын багш нар сургуулийн хүчирхийллийн хэргийн улмаас амиа хорлон, нас барсан багш нарт эмгэнэл илэрхийлэн, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад уриалсан жагсаалыг Сөүл хотноо зохион байгуулж байна.
Жагсаал орон нутгийн цагаар 2023.09.04-ний 16:30 цагт эхэлсэн бөгөөд эцэг, эх хийгээд сурагчдаас ирж буй дарамт, шахалт хэрээс хэтэрч буйг онцолжээ.
Өнгөрсөн долоодугаар сард сургуулийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлүүлэхээр тэмцэж байсан залуу багш амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр түүний нас барсны 49 дэх өдөр тул ийн хүндэтгэл үзүүлэхээр цугларчээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн хоёр багш амиа хорлосон бөгөөд уг жагсаал түүхэн дэх хамгийн том жагсаал болох төлөвтэй байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Уг жагсаалд оролцох хүсэлтэй багш нар нэг өдрийн чөлөө авах хүсэлт гаргажээ. Улсын хэмжээнд 30 орчим бага сургууль энэхүү өдрийг түр амралтын өдөр болгон зарлаад байна.
Тус улсын Боловсролын сайд И Жу Хо өнгөрөгч ням гарагт багш нарыг жагсаал, цуглаанд оролцохын тулд хичээлээс чөлөө авахгүй байхыг хүссэн. Үүнийг үл тоон чөлөө авсан багш нарт хууль, дүрмийн дагуу хатуу арга хэмжээ авна хэмээн Боловсролын яамнаас мэдээлсэн бөгөөд тус улсад багш нар бөөнөөр цугларах арга зохион байгуулах эрхгүй байдаг аж.
Яамнаас багш нар ажлаа цалгардуулаагүй хэмээн мэдээлээд байгаа ч Бусан хотын хэмжээнд байдаг 9400 бага ангийн багшийн 1500 орчим нь чөлөө авчээ. Өмнөд Кёнсан мужийн бага сургуулийн 12400 багшийн 1200 орчим нь мөн ажилдаа ирээгүй гэх тайлан мэдээ гараад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ер нь бол тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Тэнэг юмнууд өөрсдийгөө хаан гээд бодчихож, одоо тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өйнхөө төлөө сурч боловсрох гэж байгаа бол бусдад гай бололгүй амьдарцгаа. Мөнгөний нийгэм ийм л байдаг