БНСУ-ын багш нар сургуулийн хүчирхийллийн хэргийн улмаас амиа хорлон, нас барсан багш нарт эмгэнэл илэрхийлэн, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад уриалсан жагсаалыг Сөүл хотноо энэ долоо хоногийн даваа гарагт зохион байгуулсан билээ.
Тус улсын сургуулийн сурагчид багш нараа дээрэлхэх явдал гаарч, эцэг эхчүүд ч мөн багш нарыг дарамтлах нь ихэссэний улмаас багш нар амиа хорлох явдал ихэсжээ. Өнгөрсөн долоодугаар сард сургуулийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлүүлэхээр тэмцэж байсан залуу багш амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өнгөрсөн долоо хоногт мөн гурван багш амиа егүүтгэн нас барсан бөгөөд уг жагсаал түүхэн дэх хамгийн том жагсаал болох төлөвтэй байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд онцолж байв.
Саяхан багш нарын дунд явуулсан судалгаа олон нийтийг багагүй цочирдуулжээ. Судалгаанд хамрагдсан багш нарын 99 хувь нь эцэг эх, сурагчдад дээрэлхүүлж байсан хэмээсэн бол 93 хувь нь зохих ёсны шийтгэл ноогдуулсан ч үргэлжлүүлэн дээрэлхэлтэд өртсөн гэжээ. Мөн 87 хувь нь өнгөрсөн жилээс эхлэн ажлаасаа гарах тухай бодож эхэлсэн бол 27 хувь нь сэтгэцийн эмчид хандан эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.
Багш нарын хийсэн жагсаал үр дүнгээ өгч тус улсын Боловсролын яам тавьсан шаардлагыг нэн даруй хүлээн авч, шаардлагатай арга хэмжээ авахаа амлав. Одоогоор дөрвөн хууль баталж, шаардлагатай заалтуудад шинэчилсэн найруулга хийж байгаа тухай Засгийн газраас мэдээлжээ.
Өмнөд Солонгост их, дээд сургуульд элсэн суралцах нь сурагчдаас ихээхэн хэмжээний хүчин чармайлт шаарддаг. Тиймдээ ч сурагчид хичээлээ урьдчилж үзэх төлөвтэй байдаг бөгөөд энэ нь сургуулийн багш нараасаа суралцах зүйл бага хэмээн үзэн үл тоох явдал ихэсдэг байна. Мөн эцэг, эхийн зүгээс тавьж буй хүлээлтэд стресстсэн сурагчид бие биенээ төдийгүй багш нараа дээрэлхэх явдал ихээр гарах болжээ.
Энэхүү асуудал БНСУ-ын нийслэл Сөүл хотын сургуулиудад элбэг тохиолдох бөгөөд нийгмийн "дээд" давхарга хэмээн өөрсдийгөө тодорхойлсон хүүхдүүд уг хэрэгт холбогдох нь их байдаг аж. Тиймээс сургалтын системийг өөрчилж, шаардлагатай дүрэм журмыг нэн даруй хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байгааг багш нар онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Manaihan bol stalingiin surgar bolchdog tegdeed nemsen yumgui tarihduulad ungurdug bagsh humuus bwal sain surch aw temstel iim bdag yum bn olon2 shawi nartai ene talaar surag ireeduu hochid surgamj bolog
Нэгдэж тэмцэж чаддаг ард түмэн хөгждөг монгочууд хэзээч солонгос болж чадахгүй