БНСУ | Итэвоны эдгэрэл

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

 

2022 оны аравдугаар сарын 29... Энэхүү өдөр БНСУ төдийгүй дэлхийн түүхэнд нэгэн эмгэнэлт үйл явдал тэмдэглэгдэн үлдсэн. Хэллоуиний баяр тэмдэглэхээр БНСУ-ын Итэвон хороололд цугларсан залуус хэт их бөөгнөрөл үүсгэсний улмаас 159 хүн амиа алдаж, 172 хүн гэмтсэн билээ.  Уг явдал болсноос хойш Итэвон дүүрэгт хүний хөл тасарч, үйл ажиллагаа явуулдаг газрууд алдагдалд орж эхэлсэн. Харин энэхүү явдлаас арав гаруй сарын дараа Итэвон дүүрэг дахин хүний хөлд дарагдаж эхэлжээ. 

Осол болсон газрын ойролцоох Хэмилтон зочид буудлын арын гудамжин дахь шөнийн цэнгээний газрын ажилчид үйл ажиллагаагаа идэвхтэй сурталчилж, үйлчлүүлэгчдээ татах аж. Тус улсын ЖДҮ болон гарааны бизнес эрхлэгчдийн газраас өнгөрөгч долоодугаар сард гаргасан тайланд Итэвон дүүрэгт ирж буй хүмүүсийн хөл хөдөлгөөн өмнөх үеийнхээс 85 орчим хувиар нэмэгдсэн тухай дурджээ. 

Зугаа цэнгэлийн гудамж гэгддэг Итэвоныг сэргээхийн тулд өнгөрөгч гуравдугаар сард ваучер худалдаанд гаргаж, 20 орчим хувийн хөнгөлөлт үзүүлж эхэлжээ. Энэхүү арга хэмжээ амжилттай болж хүмүүс хөнгөлөлт эдлэхийн тулд Итэвоныг зорих нь нэмэгдсэн байна. 

Гэсэн ч тус гудамжинд "түрээслүүлнэ" хэмээх бичиг бүхий үйлчилгээний төвүүд эзэнгүй оршсоор байна. Мөн шинээр нээгдсэн цэнгээний газрууд, бэлэн хувцасны дэлгүүрүүд болон бусад төрлийн үйлчилгээ эрхлэгчид үйлчлүүлэгчдээ татахын төлөө тэмцсээр байгаа бөгөөд 0 борлуулалттай өдөр олон байгааг онцолжээ. 

Итэвонпд очих нь аюул, осол дагуулж болзошгүй гэх айдас, түгшүүр олон нийтийн дунд байсаар байна. Тиймээс үйлчилгээ эрхлэгчид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд сайн дурын эргүүл хийж эхэлжээ. Оройн 21:00 цагаас үүрийн 03:00 цаг хүртэл эргүүл хийхээр төлөвлөөд байгаа худалдаачид сайхан цаг дахин ирнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top