НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дээд түвшний уулзалт эхэллээ

2023 оны 09 сарын 20

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дээд түвшний уулзалт Нью-Йорк хотноо өчигдөр эхлэв. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцдог дээд түвшний уг уулзалт есдүгээр сарын 19-23, мөн есдүгээр сарын 26-нд үргэлжилнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болох бөгөөд дэлхийн 100 гаруй улс Төрийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ.

Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдвээр өндөр түвшний уулзалт, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах” дээд түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилт” гэсэн асуудлаар өндөр түвшний хэлэлцүүлэг, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ”, “Сүрьеэ”, “Ирээдүйн төлөв” сэдвээр өндөр болон дээд түвшний уулзалт, Сайд нарын түвшний бэлтгэл хуралдаан, Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй асуудлуудыг хөндөх ажээ.

Дээд түвшний уулзалтын нэг гол сэдэв нь Украины нөхцөл байдал байх бөгөөд оролцогчид энэ сэдвийг анхааран хөндөх нь гарцаагүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уулзалтад үг хэлэхээр болсон нь дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орны тэргүүн нараас Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй цорын ганц удирдагч юм. ИБУИНХУ, БНХАУ, ОХУ, Францын удирдагчид энэ удаагийн уулзалтад ирэхгүй ажээ.

Оросын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлж байгаа бол Хятадын төлөөлөгчдийг тус улсын Дэд дарга Хань Жэн толгойлж байна. Их Британийн төлөөлөгчдийг Шадар сайд Оливер Дауден, Францыг Гадаад хэргийн сайд Катрин Колонна нар тэргүүлж иржээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дээд түвшний уулзалтад оролцож есдүгээр сарын 19-нд үг хэлэхээр төлөвлөсөн нь мөн сонирхол татах үйл явдал болж байна. Владимир Зеленский есдүгээр сарын 21-нд Ж.Байдентай хэлэлцээ хийхээр тогтоод буйг эх сурвалжууд мөн онцолжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top