Афганистанд газар хөдлөлт болж 2053 хүн амиа алдаж, 9000 гаруй хүн шархаджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 08

 

Өнгөрөгч бямба гарагт Афганистаны баруун хэсэгт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж олон арван хүн амь үрэгдсэн тухай тус улсын гамшгаас хамгаалах албанаас мэдээллээ. 

НҮБ-аас гаргасан урьдчилсан мэдээлэлд 320 хүн амиа алдсан хэмээсэн бол Талибаны засаг захиргаанаас 2053 хүн амиа алдаж, 9240 хүн шархадсан хэмээн мэдээлээд байна. Нийт 5 удаагийн газар хөдлөлтөөр 1329 байшин эвдэрч сүйджээ. 

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Херат хотоос баруун хойд зүгт 40 км-ийн зайд байсан гэнэ. 6.3, 5.9, 5.5 баллын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт дарааллан болсон бөгөөд оршин суугчдын хэлж буйгаар үд дундын орчимд дор хаяж таван удаагийн хүчтэй чичирхийлэл болсон хэмээн мэдээлсэн байна. 

Афганистан дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хохирогчдыг ойролцоох эмнэлгүүдэд хүргэхийн тулд 12 түргэн тусламжийн машин илгээжээ. Гэмтэж, бэртэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд байгаа бөгөөд Херат хотын утасны холбоо тасарч гамшигт нэрвэгдсэн бүс нутгаас дэлгэрэнгүй мэдээлэл авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. 

2022 оны зургаадугаар сард Афганистаны зүүн хэсгийн уулархаг бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болж олон арван байшин барилга нурсан. Энэхүү газар хөдлөлт нь Афганистан улсад сүүлийн 20 жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд 1000 орчим хүн амиа алдаж, 1500 гаруй хүн шархаджээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(43.242.243.81) 2023 оны 10 сарын 08

Бурханаа буудагсад...

0  |  0
Top