ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар Бээжинд уулзлаа. 130 орны тэргүүний оролцсон “Бүс ба Зам” форумын хүрээнд болсон тэдний уулзалтаар Бээжин болон Москва 200 тэрбум ам.долларын худалдааны эргэлтэнд хүрснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэрбээр “Жилээр нь харвал өнгөрсөн шөнө дүн шинжилгээ хийхэд жилийн өмнөх энэ өдрөөс эхлэн 200 тэрбум ам.доллар аль хэдийнээ болжээ. Мөн хуанлийн жилд үүнээс давах нь дамжиггүй” гэжээ.
Тэгвэл Хятадын дарга Ши Жиньпиний хэлснээр 2013 оноос хойш тэд 42 удаа уулзалт хийж, ажил хэргийн халуун дотно харилцаа, хувийн нөхөрлөлийн бат бэх харилцааг бий болгосон байна. Ши Жиньпин “Улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ойр дотно, үр дүнтэй стратегийн хамтын ажиллагаа хадгалагдсаар байна” гэж онцолжээ.
Хоёр орны удирдагчид төлөөлөгчдийн оролцоотой хэлэлцээ хийхээс гадна “нүүр тулсан” яриа хийсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, Орос, Хятадын удирдагчид хоёр талын харилцааг бүхэлд нь хэлэлцжээ.
Худалдааны эргэлтийн өсөлт
Орос, Хятад хоёр улсын худалдааны эргэлт хуанлийн жилийн эцэс гэхэд 200 тэрбум ам.долларын төвшинг давна гэж В.Путин Хятадын даргатай уулзахдаа мэдэгдсэн.
2023 оны нэгдүгээр сараас долоодугаар сарыг дуусталх хугацаанд ОХУ болон БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийн хэмжээ 36.7 хувиар өсөж, 134.1 тэрбум ам.долларт хүрсэн тухай мэдээлж байсан билээ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар оны эцэс гэхэд хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ нь 220 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд талууд цаашдаа энэ тоог 300 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Хоёр талын худалдааны төлбөр тооцоонд үндэсний валютууд болох рубль, юанийн эзлэх хувь нэмэгдэж, 80 хувьд хүрсэн нь бараа эргэлт өсөхөд нөлөөлжээ.
Хятадын компаниуд техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, гутал хувцас, өргөн хэрэглээний барааг Орост голчлон нийлүүлж байгаа бол Оросоос Хятад руу эрчим хүчний эх үүсвэрүүд, хүнс, металл болон мод экспортолж байгаа аж.
Нарийн зохицуулалт
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, өнөөгийн нөхцөлд гадаад бодлогын нягт уялдаа холбоотой байх шаардлагатай аж. Орос, Хятад хоёр ийм байдлаар хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа гэв. Тэрээр мөн БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ойн баярын мэндийг Бүх Хятадын анд нөхдөдөө хүргэжээ.
Ши Жиньпиний тэмдэглэснээр хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, стратегийн хамтын ажиллагаа ойр, үр дүнтэй хэвээр байгаа аж. БНХАУ-ын дарга “Манай улсын засгийн газар, янз бүрийн хэлтэс, бүс нутаг нь бидний тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байгаад сэтгэл хангалуун байна” гэсэн байна.
В.Путин “Орос, Хятад хоёр дэлхийн хэмжээнд эрх тэгш хамтран ажиллахыг эрмэлзэж, улс бүрийн өөрийн хөгжлийн загварт хамаарах эрхийг хүндэтгэдэг” гэжээ.
Баривчлагдах айдасгүй
БНХАУ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах үүрэг хүлээгээгүй орнуудын нэг юм. Оросын Ерөнхийлөгчийг украин хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан гэх хэргээр баривчлах шийдвэрийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сард гаргасан билээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнууд эх оронд нь ОХУ-ын Ерөнхийлөгч хөл тавивал баривчлах үүрэг хүлээсэн учир Владимир Путин хэд хэдэн олон улсын уулзалтад биечлэн оролцохоос татгалзсан юм. Тэгвэл тэрбээр БНХАУ-ын даргын санаачилсан “Бүс ба зам” форумд дэлхийн 130 орны тэргүүнүүдийн хамт баривчлагдах айдасгүй оролцлоо.
“Бүс ба Зам” санаачилга нь хэрэгжиж эхлээд 10 жилийн хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ жилийн уулзалтаар Израил-Хамас, Орос-Украины дайныг голчлон ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )