Жо Байден яагаад Израил, Украинд тусламж үзүүлэхийг ЗЭРЭГ БАТЛАХЫГ уриалав

Админ | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киев, Тель-Авив зэрэг чухал түншүүдээ дэмжих зорилгоор яаралтай төсвийн хүсэлтийг Конгресст илгээнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр Украин, Израилд үзүүлэх тусламжийг ирээдүй хойч үедээ ногдол ашиг өгөх "ухаалаг хөрөнгө оруулалт" гэж нэрлэсний учир нь, энэ нь Америкийн үндэсний аюулгүй байдлын хэрэгцээг санхүүжүүлэх явдал аж. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, Украин, Израилийг дэмжих тухай хоёр саналыг нэг багц болгон нэгтгэснээр Цагаан ордон Киевийн дэглэмд үзүүлэх АНУ-ын түр зуурын төсвөөс хасагдсан санхүүгийн тусламжийг Конгрессоор дамжуулна гэж найдаж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ хэрэв Вашингтон Киев, Тель-Авивт үргэлжлүүлэн туслахгүй бол энэ нь АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулах болно гэв. Тэрбээр "Хэрэв бид Украиныг орхиж, Израил руу нүүр буруулах юм бол энэ бүхнийг эрсдэлд оруулах болно. Ийм байх нь үнэ цэнэтэй зүйл биш юм. Энэ шалтгааны улмаас би маргааш Конгресст яаралтай төсвийн хүсэлт илгээж, Америкийн үндэсний аюулгүй байдлын хэрэгцээг санхүүжүүлж, Израил, Украин зэрэг чухал түншүүдээ дэмжих болно" гэжээ. АНУ Киевийн дэглэмд туслахад зориулж 61 тэрбум ам.долларын тухай ярьж байгаа бол үүний тал хувийг АНУ-ын хангамж, зэвсгийг шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Цагаан ордон Тель-Авивын хэрэгцээнд зориулж дахин 14 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байна гэж хэвлэлүүдэд бичжээ.

Зөвхөн Израил, Украинд бус

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зөвхөн Украин, Израилд туслах санхүүжилт хүсэхгүй байна. Тэрбээр мөн Хятадтай сөргөөцөлдөхийн тулд 7.4 тэрбум ам.долларын санхүүжилтыг Конгрессоос хүсэж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Жо Байден Конгресст 106 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтын хүсэлт тавьсан. Эндээс 7.4 тэрбум ам.долларыг нь Хятадад чиглэсэн хүчин чармайлтад зарцуулах аж. Тодруулбал, бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Америкийн шумбагч онгоцнуудад 3.4 тэрбум ам.доллар, Хятадын эдийн засгийн хүчийг сөрөх шинэ санхүүжилтэд хоёр тэрбум ам.доллар, Төрийн департаментын гадаад цэргийн хүчин чармайлтад хоёр тэрбум ам.доллар тус тус хуваарилна.

Үлдсэн мөнгөний 60 гаруй тэрбум нь Украинд, 20 тэрбум нь Ойрх Дорнодод, 10 тэрбум нь Америкийн өмнөд хилд зарцуулагдах аж. Хэрэв энэ мөнгө батлагдвал АНУ, Хятадын хурцадмал байдал даамжирч магадгүй гэж үзэж байна.

Энэ мөнгө нь Энэтхэг, Номхон далайд эргүүл хийх довтолгооны шумбагч онгоц бүтээх ажлыг хурдасгаж, Австрали, Их Британи, АНУ-ын аюулгүй байдлын түншлэлийг хэрэгжүүлэхэд тусална гэв.

Газын зурвас, Египетийн хил нээгдэв

Израил болон ХАМАС бүлэглэл хоорондын мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа Египет, Газын зурвасын хилийг нээжээ. Нэн шаардлагатай тусламжийн урсгалыг Газын зурвас дахь иргэдэд хүргэх зорилгоор хилийг нээсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш зэрэг хүмүүсийн өндөр түвшний айлчлалын эцэст ийнхүү хилийг нээлээ. Одоо Газын зурвас дахь 2.3 сая палестин хүн хүнсний хомсдолд орж, бохир ус ууж байгаа юм. Мөн орон нутгийн хэмжээнд цахилгаангүй болж, эмнэлгүүдийн цахилгаан үүсгүүрийн түлшний нөөц багассан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байлаа. Хоёр улсын хил дээр 3000 тонн орчим тусламжийн бараа ачсан 200 гаруй ачааны машин хүлээж байжээ. Эдгээрээс бямба гарагт 20 нь л Газын зурвас руу нэвтэрсэн байна. Тусламжийг зөвхөн Газын өмнөд хэсэгт хүргэнэ. Мөн хилээр түлш нэвтрүүлэхгүй талаар Израилийн армиас мэдэгдэв.

Тэгвэл мөргөлдөөнөөс зугтаж, Египет рүү гарахаар хүлээж буй олон зуун хүн байгаа юм. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сисси Бямба гаригт мөргөлдөөнийг зогсоох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ. Тэрбээр Газад тусламж үзүүлэх, гал зогсоох хэлэлцээр хийх, 10 гаруй жилийн өмнө тасалдсан Израил-Палестины энхийн хэлэлцээг сэргээхийг уриалжээ. Тэрбээр мөн Газын хүн амыг Синайн хойг руу шахах гэж оролдох вий гэсэн болгоомжлолыг дурдаад, мөргөлдөөнийг Египетийн зардлаар хэзээ ч шийдвэрлэхгүй гэв.

Израил улс ХАМАС-ыг устгаж чадах уу

ХАМАС энэ сарын 7-нд Израил руу гэнэт довтолж, мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж буй. Тэгвэл Газын зурваст үүсээд буй хурцадмал байдлын талаар болон Израил улс ХАМАС бүлэглэлийг дарж чадах эсэх талаар ВВС агентлаг ийнхүү тоймилжээ. АНУ Израиль руу хоёр сөнөөгч онгоц илгээж, дахин туслахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь давуу тал олгож байна. Израил Газын зурвас дагуу олон мянган зэвсэглэсэн цэрэг, танк, их буу байрлуулж, Хамасыг бүр мөсөн устгахаар төлөвлөж байна. Мөн 300 мянган нөөц цэргээ дайчилжээ. Тус улс агаараас Хамас болон Исламын бүлгийн байгууламжууд, зэвсгийн агуулахыг бөмбөгдсөөр байна. Үүний уршгаар олон мянган энгийн иргэн амиа алдсан. Израил явган цэргийн дайралтаа өнөөг хүртэл эхлүүлээгүй байна. Үүнд дараах гурван хүчин зүйлс нөлөөлжээ.

Нэгт, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилд яаруу айлчилсан нь АНУ энэ мөргөлдөөнд ихээхэн санаа зовниж буйг харуулав. Тус улс Газын зурвасын дайн Ойрх Дорнодод тэлэхээс эмээж байна. Иймд Ерөнхийлөгч Жо Байден Израилд айлчилж, тэд Газын зурвас руу газраар довтлох бол хэзээ довтлох, тэндээс эргэж гарах эсэх, тийм бол хэзээ гэдгийг олж мэдэхээр Израилд айлчилсан. АНУ Израилийн хамгийн том холбоотон улс ч Израил Газын зурвасыг эзлэх нь алдаа болно гэж үзэж байна.

Хоёрт, Иран улс Израилийн дайралтын эсрэг зүгээр суухгүй гэдгээ хатуухан мэдэгдсэн. Иран Ойрх Дорнодын шийт цэргүүдийг сургадаг, зэвсгээр хангадаг, хянадаг. Эдгээр бүлэглэлийн хамгийн хүчтэй нь Израилийн хилийн хойно байрлаж буй Хезболла юм. Хезболла 2006 онд Израил руу дайрч, орчин үеийн танкуудыг нь устгаж, хоёр тал ихээхэн хохирол амссан юм. Одоо Хезболла Ираны дэмжлэгээр 150 мянган пуужинтай болжээ. Эдгээрийн дийлэнх нь холын зайн тусгалтай. Тэд Израилийн хойд хэсэгт дайны өөр нэг талбар нээж болзошгүй юм. Энэ нөхцөлд Израилийн арми хоёр талд зэрэг тулалдана гэсэн үг. Гэхдээ АНУ Израил руу хоёр сөнөөгч онгоц илгээсний сацуу дахин туслахад ч бэлэн гэдгээ мэдэгдсэн нь давуу тал олгож байна.

Гуравт, хүмүүнлэгийн гамшиг. Энэ сарын 7-ноос хойш Израил ХАМАС-ыг устгах зорилгоор Газын зурвасыг тасралтгүй бөмбөгдсөөр байна. Олон мянган энгийн иргэн үрэгдсэн тул дэлхий нийтээрээ Израилийг буруутгаж, шүүмжилж эхэллээ. Израилчууд дотоодын тагнуулын албаа ихээхэн шүүмжилж, энэ сарын 7-ны бямба гарагийн өглөөний үйл явдлаас урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн шүүмжилж буй. Бямба гарагт тоглолт үзэхээр ирсэн олон хүн Хамасын дайралтад өртөж, амиа алдсан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top