АНУ-ын Луизиана мужид орон нутгийн цагаар 23-ны өдөр 168 машин мөргөлдсөн осол гарчээ. Тус мужийн цагдаагийн газраас 25-ний өдөр энэхүү ослын талаар мэдээлсэн бөгөөд уг ослоос үүдэн 8 хүн амиа алдаж, 63 хүн бэртэж гэмтжээ.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр осол 23-ны өглөөний 9 цагийн орчимд эхэлсэн бөгөөд хурдны замын 1 миль (1.6 км) хэсгийн хэд хэдэн газар осол гарсан байжээ. Олон тооны машин ийнхүү мөргөлдөх болсон шалтгааныг "өтгөн манан" хэмээн тодорхойлсон байна.
Энэхүү осолд өртсөн 46 настай Кларенсиа Паттерсон Рид "Тухайн өдөр өтгөн манантай байсан. Осол болох үед урд явж байсан машинтай мөргөлдөхөөс сэргийлэн арайхийн зогссон ч араас хэд хэдэн машин ирж мөргөсөн. Цаашид мөргөлдөх чимээ гарсаар ойролцоогоор 30 орчим минут болсон. Би машинаасаа гарч чадсан ч эхнэр маань машиндаа хавчуулагдан хөл болон биеийнхээ хажуу хэсгийг гэмтээсэн. Би гадаа гараад хартал өмнө маань хоёр том чиргүүлтэй ачааны машин шатаж байсан. Мөн дугуй хагарах чимээ гарч, машинаас гарч буй хурц утааны үнэр болон радиаторын хөргөлтийн үнэр битүү үнэртэж байсан" гэжээ.
Цаг уурчдын мэдээлж буйгаар чийг утаатай холилдох үед ийнхүү супер өтгөн манан үүсдэг байна. Супер өтгөн манан үүссэн тохиолдолд үзэгдэх орчин 3 метр орчмоор хязгаарлагддаг ажээ. Осол гарсан өдөр манан хэт өтгөн байсан учраас үзэгдэх орчин бараг л 0-рүү дөхсөн байх магадлалтай гэнэ.
Энэхүү газар далайд цутгадаг том нуурыг гатладаг гүүрэн дээр болсон бөгөөд өглөө бүр манан татдаг байна. Уг газрын орчимд саяхан гал түймэр гарсан учраас утаа болон чийг холилдон ийнхүү супер өтгөн манан үүсгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )