Өмнөд Солонгосын мөнгө хүүлэгчид буюу хүүтэй мөнгө зээлдэг этгээдүүд үйлчлүүлэгчдийнхээ нүцгэн зургийг авч, төлбөрөө цаг тухайд нь барагдуулаагүй тохиодолд олон нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлдэг байсан бүлэг этгээдийг баривчилжээ.
Эдгээр мөнгө хүүлэгчид дунджаар жилийн 3000 орчим хувийн хүү төлөхийг шаарддаг байсан бөгөөд дээд тал нь 13.000 хувь хүрсэн нь жилийн 20 хүртэлх хувь байх хуулийн заалтыг хол давжээ. Зээлдэгчид 300.000 вонийг долоо хоногийн хугацаатай зээлж, үүнийгээ 500.000 вон болгон эргүүлэн төлөх ёстой байжээ. Энэхүү хугацаа хэтэрсэн тохиолдолд хүүг нэмэгдүүлэх замаар зээлдэгчдээ дарамталдаг байсан бөгөөд зээлээ эргүүлэн авах барьцаа болгохын тулд зээлдэгчдийн нүцгэн зургийг авдаг байсан аж.
Хохирогчид ихэвчлэн 20-30 насны, бага орлоготой иргэд байжээ. Энэ нь тэднийг энэхүү чөтгөрийн тойрогт орох гол хөшүүрэг болжээ. Цагдаа нар одоогийн байдлаар 83 хохирогчийг олж тогтоогоод байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад 6 хүнийг энэхүү гэмт хэргийг зохион байгуулсан, оролцсон хэрэгт буруутган баривчилжээ.
Гэмт этгээдүүдийг 2022 оны 10-р сараас 2023 оны 7-р сарыг хүртэл нарийн мөрдөн шалгасны үндсэн дээр ажиллагаа явуулж баривчилсан байна. Нарийн зохион байгуулалттай ажиллаж байсан гэмт этгээдүүд гурван сар тутамд байршлаа сольж, өөр нэр дээрх олон ширхэг гар утас, банкны данс зэргийг ашигладаг байжээ.
Цагдаагийн байгууллагаас бага орлоготой иргэдийг зээлдэгчдээс мөнгө зээлэхдээ анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.
Сэтгэгдэл ( 0 )