74 настай армид эмчээр ажилладаг байсан Тайланд эр 21 жилийн турш нас барсан эхнэрийнхээ цогцостой амьдарчээ.
Тэрээр Бангкок хотын Банг Кэн дүүрэгт байрлах 780м.кв бүхий байшингийнхаа хажууд жижиг амбаартай байсан бөгөөд уг амбаартаа эхнэрийнхээ цогцосыг 21 жилийн турш хадгалсан байна. Энэхүү нууцыг түүний хоёр хүү л мэддэг байжээ.
Энэ тухай тэд хэнд ч хэлээгүй учраас хэн ч мэдээгүй гэжээ. Цогцос хадгалагдаж байсан авсны дотор формалин хийсэн байсан нь авснаас эвгүй үнэр гарахаас сэргийлж байсан гэнэ. Түүний эхнэр Жираван Хаосун 2001 онд тархины судасны нарийслаас үүдэн эмнэлэгт нас баржээ.
21 жилийн дараа эхнэрээ тавьж явуулахаар шийдсэн Чарн Тайландын сангаас эхнэрийнхээ цогцосыг чандарлуулах ажилд тусламж үзүүлэхийг хүссэн бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сард талийгаачийн битүүмжилсэн авсыг нээж, цогцсыг гарган авсан байна. Чарн Жанватчакал хэлэхдээ "Би түүний биеийг 20 жил хадгалсан, хангалттай урт хугацаа гэж бодож байна... Цаг нь болсныг би мэдэрч, маш ихээр уйлсан ч амар амгаланг мэдэрсэн" гэжээ.
Талийгаачийн цогцосыг чандарлаж, чандарыг нь авс хадгалагдаж байсан хуучин амбаарт байрлуулжээ. Хосууд 1972 онд армийн эмнэлэгт танилцаж байсан бөгөөд Чарн өвчтөн болж ирэхэд Жираван эм зүйчээр ажиллаж байсан байна. Чарн эхнэртээ анхны харцаар дурлаж, хосууд удалгүй хоёр хүүтэй болжээ. Ажилч хичээнгүй эхнэрээ үргэлж хайрлаж хүндэлдэг байсан Чарн хэзээ ч муудалцаж байгаагүй тухайгаа ярьсан бөгөөд тэд эв найрамдалтай, аз жаргалтай амьдралыг өнгөрүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )