Энэ сарын 26-ний өдөр Өмнөд Солонгосын Боловсролын яам, Солонгосын мэргэжлийн боловсролын судалгааны хүрээлэн хамтран "2023 оны бага, дунд, ахлах сургуулийн ажил мэргэжлийн тухай боловсролын судалгаа"-ны дүнг олон нийтэд танилцуулжээ.
Энэ оны зургадугаар сарын 5-наас долдугаар сарын 18-ны хооронд явуулсан энэхүү судалгаанд бага, дунд, ахлах ангийн нийт 38302 сурагч, эцэг эх, багш нар хамрагджээ.
Бага ангийн сурагчдын эзэмшихийг хүсдэг мэргэжлийн нэгдүгээрт тамирчин, хоёрдугаарт эмч, гуравдугаарт багшийн мэргэжил нэрлэгджээ. Сүүлийн жилүүдэд сурагчид юүтүбэр зэрэг дижитал контент бүтээгч болохыг хүсэж буйгаа түлхүү илэрхийлж байсан. Харин энэ удаад уг ажил мэргэжил дөрөвдүгээрт бичигдсэн бөгөөд эмчийн мэргэжил эргэн эрэлттэй болж эхэлсэн нь сайшаалтай хэмээн албаныхан үнэлжээ.
Дунд ангийн сурагчдын хувьд багшийн мэргэжил нэгдүгээрт эрэмбэлэгдэж, хоёрдугаарт эмч, гуравдугаарт тамирчид оржээ. Ахлах сургуулийн сурагчид мөн багшлахыг илүүд үзсэн бөгөөд тэдний номер нэг сонголт мөн л багш байв. Тэд эмчийн мэргэжлийг хоёрдугаарт нэрлэсэн байна.
Өнгөрсөн жил есдүгээрт нэрлэгдэж байсан эрдэмтэн, судлаач мэргэжил энэ жил урагшилж эхний гуравт бичигдэж буй нь анхаарал татаж байна. Мөн 3D хэвлэлийн мэргэжилтэн, нисгэгчгүй онгоцны мэргэжилтэн, робот техникийн инженер, том өгөгдөл, статистикийн шинжилгээний мэргэжилтнээр ажиллах хүсэлтэй оюутнуудын хувь мэдэгдэхүйц нэмэгджээ. Нөгөөтэйгүүр сурагчдын төрийн албан хаагч болох сонирхол багасжээ.
Бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын дийлэнх нь мэргэжлээ сонгох хамгийн түгээмэл шалтгаанаа "дуртай зүйлээ хийхийн тулд" гэжээ. Ялангуяа бага ангийн сурагчдын 60 хувь нь хийх дуртай зүйлдээ үндэслэн дуртай мэргэжлээ нэрлэсэн хэмээсэн бол дунд, ахлах ангийн сурагчид сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлээ сонгохдоо "орлогын түвшин"-г чухалчилж үзсэн талаараа дурджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Багш нар нэр хүндтэй, ажлаа сайн хийдэг тул хүүхдэд үлгэр жишээ болж чаддаг болтой, багш шигээ мундаг хүн болохыг хүсэж бна гсн үг
Манай улс яг эсрэгээрээ байх юм даа.Багш мэргэжил үнэгүйдэж байна.