Хуримынхаа үеэр гэр бүлийнхнээ хөнөөж, амиа ЕГҮҮТГЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 27

 

Тайландад сүйт залуу хуримын ёслолын үеэр гал нээж, таван хүний аминд хүрч, нэг хүн шархдуулсан хэрэг гарсан нь олон улсад багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр уг хэрэг энэ сарын 25-ний өдрийн 23:25 цагт зүүн хойд Нахон Ратчасима мужийн Ваннам Киео дүүрэгт болжээ. Уламжлалт хуримын ёслолын дараа гэртээ гэр бүл, төрөл төрөгсөдтэйгээ хүлээн авалт хийж байсан 29 настай Чатуронг Сук Сук  эхнэртэйгээ ширүүн маргалдан, баярын ширээгээ хөмөрч орхисон аж. Удалгүй машинаасаа гар буугаа авчирч өөрөөсөө 15 насаар эгч сүйт бүсгүйгээ хэд хэдэн удаа буудан хөнөөжээ. Үүний дараа тэрээр сүйт бүсгүйн ээж, эгч, дүү нарыг нь мөн буудан хөнөөсөн байна. Хүрэлцэн ирсэн зочдын нэг болох 50 гаруй насны эх бууны суманд өртөж хүнд гэмтсэн бөгөөд ойролцоох эмнэлэгт хүргэгдснийхээ дараа харамсалтай нь амиа алджээ. Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд тэр өдөр ойролцоогоор 10 гаруй удаа буун дуу сонссон гэжээ. 

Сүйт залуу ийнхүү 5 хүний аминд хүрч, нэг хүнд хүнд гэмтэл учруулсныхаа дараа толгой руугаа буудан нас барсан байна. Өмнө нь цэргийн алба хашиж байсан гэмт этгээд хэдэн жилийн өмнө албан үүргээ гүйцэтгэж байх үедээ нэг хөлөө алджээ. Өнгөрсөн жил Индонезид зохион байгуулагдсан паралимпийн наадамд усан сэлэлтийн үндэсний шигшээ багийн тамирчнаар оролцсон тэрээр мөнгөн медаль хүртэж байжээ. 

 

 

Гэмт этгээд хэрэг үйлдэх үедээ согтуу байсан бөгөөд тэнд байсан нэг хүнтэй муудалцсан гэх мэдээлэл бий. Гэрчүүдийн мэдээлснээр сүйт залуу гэргийдээ үл итгэдэг байсан бөгөөд үргэлж харддаг байсан аж. Хосууд гурван жил хамт амьдарсны эцэст ийнхүү албан ёсоор гэр бүл болжээ. 

Тус улсад сүүлийн үед галт зэвсэгтэй холбоотой хэд хэдэн золгүй явдал болсон. Өнгөрсөн сарын 3-нд Бангкок хотын Siam Paragon хэмээх тансаг зэрэглэлийн худалдааны төвд 14 настай хүү гал нээж, гурван хүний ​​аминд хүрч, таван хүнийг шархдуулсан. Энэ сарын 11-нд Бангкок хотын гудамжинд Техникийн коллежийн нэгдүгээр курсын оюутан, 40 гаруй насны эмэгтэй багшийн  хамтаар зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан билээ.

Мөн энэ сарын 20-ны өдөр 16 настай оюутан залуу мотоцикльтой буутай этгээдэд буудуулж, гудамжинд амиа алдсан бөгөөд тус улсад хууль ёсны дагуу буу эзэмшихийг зөвшөөрдөг аж. Тус улсын Засгийн газраас галт зэвсэгтэй холбоотой зохицуулалтыг чангатгаж эхэлсэн бөгөөд шинэ бууны лиценз олгохыг түр зогсоосон ч галт зэвсэгтэй холбоотой хэрэг гарсан хэвээр байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top