Хүчингийн хэргийн сэжигтэнг ХЭТ ХӨГШИН гэх шалтгаанаар баривчлахаас татгалзжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

 

Өмнөд Солонгост хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг “хэтэрхий хөгшин” гэх шалтгаанаар баривчлахаас татгалзсан тохиолдол гарчээ. 

Хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн 80 настай эрэгтэйг цагдаа нар баривчлахаас татгалзаж гэрт нь үлдээхээр шийдсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сэжигтэн 2023 оны 6-р сарын 2-нд Өмнөд Чунчон мужийн Нонсан дахь байрандаа 80 гаруй насны эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгагджээ. 

Хохирогчийн хүү энэхүү хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоож, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаа нар хэргийн газар ирж сэжигтнийг байцаасан боловч баривчлаагүй, оронд нь тэд түүнийг гэрт нь үлдээх шийдвэр гаргажээ.

Өмнөд Солонгосын хуулинд сэжигтнийг дор хаяж гурван жилийн хорих ялаар шийтгэх боломжтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөлд сэжигтнийг тусгай зөвшөөрөлгүйгээр баривчлахыг зөвшөөрдөг. Дээрх гэмт хэргийн сэжигтэн энэхүү нөхцлийг хангаж байсан ч цагдаа нар баривчлахаас татгалзсан байна. Прокуроруудын зүгээс сэжигтнийг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллах хүсэлт гаргасан ч эцэст нь хохирогчтой ойр байхыг хориглох шийдвэр гаргажээ. 

Хохирогчийн хүү сэжигтэн ийнхүү эрх чөлөөтэй байгаа нь ээжид нь "бараг шоронд байгаа" мэт санагдаж байгаа тухай дурдаад тус улсийн хууль хэтэрхий шударга бус байна хэмээн шүүмжилжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.114) 2023 оны 12 сарын 01

Зөнөг өвөө нарыг давруулж байх шив Монголд бол огт болохгүй шууд л баривчлах хэрэгтэй

0  |  0
Top