Apple ялагдал хүлээж 70.000 вонын нөхөн олговор олгохоор болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 06

 

Өмнөд Солонгос дахь Apple компани iPhone-ийн үйлдлийн систем болох iOS-ийг шинэчлэх явцдаа тухайн утасны үзүүлэлтийг бууруулсан гэх үндэслэлтэй шүүх хуралд ялагдал хүлээжээ. 

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 06-ний өдөр Сөүлийн дээд шүүхийн Иргэний хэргийн 12-3 дугаар хэлтэст Apple Korea компани болон түүний эсрэг долоон нэхэмжлэгчид холбогдох шүүх хурал болжээ. Шүүх хуралд нэхэмжлэгчид буюу iPhone хэрэглэгчид ялалт байгуулсан бөгөөд шүүхээс эдгээр долоон хэрэглэгч тус бүрт 70.000 вонын нөхөн олговорыг Apple компаниас өгөх ёстой хэмээн үзсэн байна. 

Анхан шатны шүүх хуралд нийт 62 мянган хүн Apple-ийн эсрэг гомдол гаргажээ. Эдгээр хүмүүсээс долоо нь давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд ийнхүү ялалт байгуулсан байна. Apple-аас гаргасан үйлдлийн систем шинэчлэх үйл явцад вирус тарж, тухайн төхөөрөмжийг гэмтээсэн гэх нэхэмжлэлийг шүүхээс хүлээн зөвшөөрөөгүй ч төхөөрөмжийн CPU-ийн ажиллагааг хязгаарласан, хэрэглэгчдэдээ энэ тухай хангалттай мэдээлэл өгөөгүй, шинэчлэлт суулгах эсэхээ сонгох боломж олгоогүй зэрэгт гэм буруутай хэмээн үзжээ. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top