В.Зеленський ХООСОН БУЦАВ уу

2023 оны 12 сарын 18

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн Вашингтонд хийсэн айлчлал “хоосон” болсон талаар ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгджээ.

В.Зеленський конгрессын гишүүдэд Украин АНУ-ын аюулгүй байдлаас “чухал” гэдгийг итгүүлж чадаагүй аж. Үүний цаана АНУ-ын засаг захиргаанаас зарласан Оросын эсрэг шинэ арга хэмжээнүүд нь зүгээр л тал засах гэсэн оролдлого гэж дипломатч үзжээ. Түүнчлэн Америкийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Киевийн дэглэмийн тэргүүн конгресст Украинд тусламж олгоход үүссэн саад тотгорыг арилгахыг ятгаж чадаагүй гэж мэдээлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн байгаа тул америкчуудын гол анхаарал уг асуудалд төвлөрч, Украины санхүүжилт улс төрийн наймааны сэдэв хэвээр байна.

Гадны зарим хэвлэл “Бүгд Киевийн гуйлгачингаас залхаж байна”, “Зеленскийн АНУ-д хийсэн аялал нь Украиныг санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэхэд нөлөө үзүүлж чадсангүй” гэх зэргээр бичиж буй. Үнэхээр л Зеленськийн “аялал” бүрэн бүтэлгүйтлээр төгссөн аж. Жо Байдены засаг захиргаа Украины удирдагчийн шинэ айлчлал нь Украинд тусламж хуваарилах асуудлыг хөдөлгөх шийдвэрлэх хөзөр байх болно гэж шийдсэн ч энэ нь бүтээгүй гэнэ.

Тэгвэл Оросоос АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов энэ сарын 12-нд зарласан Киевт 200 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багц болон Оросын эсрэг дараагийн хориг арга хэмжээний талаар тайлбар хийлээ. Тэрбээр “Өнөөдөр зарласан Оросын эсрэг алхамууд буюу шинэ хориг арга хэмжээ, зэвсгийн ээлжит тээвэрлэлт нь муу тоглоом. Сайн царай гаргах гэсэн оролдлого төдий зүйл. Зеленськийд юу ч тус болохгүй. Гэхдээ америкчууд Украины мөргөлдөөний намагт улам бүр гацах эрсдэлтэй” гэжээ.

Түүний хэлснээр, цэргийн зориулалттай бүтээгдэхүүний хязгаарлалт, нийлүүлэлт нь Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд нөлөөлөхгүй аж. Оросын Элчин сайд ““АНУ-д үйлдвэрлэв” гэсэн шошготой 200 сая ам.долларын үнэ бүхий “үхлийн аюултай” бүтээгдэхүүн нь мөргөлдөөнийг уртасгаж, олон мянган хүнд ​​зовлон зүдгүүрийг авчрах болно” гэж онцлон тэмдэглэв. Зөвхөн Европын зүүн хэсэгт төдийгүй дэлхийн бусад бүс нутагт эдгээр зэвсгүүд Украины авлигач албан тушаалтнуудын ачаар тархаж байна гэж А.Антонов дүгнэжээ.

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багцын хүрээнд АНУ 250 гаруй хувь хүн болон хуулийн этгээдэд, тэр дундаа Вашингтоны зүгээс өмнө нь баталсан хориг арга хэмжээг тойрч гарсан гэж буруутгаж буй хүмүүст хязгаарлалт тавьжээ.

Киевт үзүүлэх Америкийн ээлжит цэргийн тусламжийн дараагийн хэсэг нь агаарын довтолгооноос хамгаалах систем болон HIMARS, агаарын довтолгооноос хамгаалах бүрэлдэхүүн хэсгүүд, их бууны 155 мм, 105 мм калибр, радио локацын эсрэг HARM пуужингууд, танк эсэргүүцэх системийн сум, сэлбэг хэрэгсэл, эд анги болон бусад тоног төхөөрөмж аж.

Түүнчлэн АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкений тэмдэглэснээр, конгресс Украинд 61.4 тэрбум ам.долларын шинэ санхүүжилт олгохыг хараахан батлаагүй байгаатай холбоотойгоор энэ багц сүүлчийнх байж магадгүй гэнэ. Тэрбээр “Конгресс нэмэлт тусламж үзүүлэхгүй бол энэхүү аюулгүй байдлын тусламжийн багц нь бидний Украинд илгээх боломжтой сүүлчийн багцуудын нэг болно” гэжээ.

Америкийн Ерөнхийлөгч Жо Байден ч энэ талаар түгшүүртэй байгаа аж. В.Зеленськийтэй уулзсаныхаа дараа тэрбээр “АНУ-ын засаг захиргаа Киевт тусламж илгээх боломжгүй болох хэмжээнд хурдан хүрч байна” гэж мэдэгджээ.

Авлигын дуулиан

Ардчилсан болон Бүгд найрамдах нам хэдэн сарын турш Украинд туслах төсвийн нэмэлт санхүүжилтийн талаар конгресст тохиролцож чадахгүй байсан билээ. Бүгд найрамдахчууд Киевт тусламж үзүүлэхийг эсэргүүцэхгүй байгаа ч энэ асуудлыг өмнөд хилийг сайжруулах, цагаачдын урсгалыг зогсоох талаар өөрсдийн дэвшүүлсэн саналтай холбохыг хүсжээ. Энэ нь Ардчилсан намынханд тохирохгүй байгаа гэнэ.

Вашингтонд Жо Байден, хоёр намын сенаторууд, Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон нартай ярилцсан В.Зеленськийн айлчлалын дараа Украинд тусламж олгохтой холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Сенат дахь Бүгд найрамдах намын цөөнхийн удирдагчдын нэг Жон Тьюн “NewsNation” телевизээр ярихдаа “Засгийн газар цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн тохиолдолд л Байдены хүссэн хөрөнгийн асуудлаар тохиролцоонд хүрч болно. Үүний зэрэгцээ Цагаан ордон болон Ардчилсан намынхан Бүгд найрамдах намынхантай энэ асуудлаар “учрахыг” хүсэхгүй байгаа” гэв.

Зеленський АНУ-аас Украинд цаашид дэмжлэг үзүүлэх талаар тодорхой амлалт авалгүйгээр Вашингтоныг орхисон гэж “Блүүмберг” онцлов. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос жил хүрэхгүй хугацааны өмнө олон нийтийн санал асуулгаар сонгогчид, ялангуяа Бүгд найрамдах намынхан Киевийг дэмжих зардал өсөж байгаад сэтгэл дундуур байгаа нь харагдсан аж. Нэгэн цагт өргөн хүрээтэй байсан Украинд үзүүлэх улс төрийн дэмжлэг АНУ болон Европт сүйрч байна гэж шинжээчид тэмдэглэжээ. “Fox News” суваг Зеленськийн айлчлалын талаар илүү хатуу ярьж, Киевийн дэглэмийн тэргүүнийг түүхэн дэх хамгийн том санхүүгийн пирамидыг зохион байгуулсан Америкийн луйварчин Бернард Мейдоффтой зүйрлэжээ. Тус сувгаар “Эхний өгсөн тусламжуудыг хуваарилж чадаагүй, ямар ч дэвшилд хүрч чадаагүй гадаадын удирдагч илүү их мөнгө нэхэхээр манайд ирж байгаатай харьцуулах зүйл юу ч байхгүй” гэж ярьсан байна.

Мөн Украины Зэвсэгт хүчний зуны сөрөг довтолгоо нь үр дүнгүй болсон гэж сэтгүүлч нэмж хэлжээ. Тэрбээр “Бид яг юуг санхүүжүүлж байна вэ? Та бүхэн энэ талаар бодож үзсэн үү? Түүний энэ зуны довтолгоо ичмээр үр дүнгүй байлаа. Зеленський ирэх онд сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй байна. Ийм ардчилал танд хэр таалагдаж байна вэ? Тэр Украинд байлдааны дэглэм нэвтрүүлсэн. Сая сая иргэдээ төрөлх хэл болох орос хэлээр ярихыг нь тэр хориглосон! Мөн түүний Засгийн газрын хамгийн эрх мэдэлтэй сайд нар нь авлигын дуулианд хутгалдаж байна” гэжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Цагаан ордны Украинд өгөх хөрөнгө шавхагдаж болзошгүй тухай анхааруулга нь хоосон үг биш аж.  Конгресс дахь хоёр нам эвлэршгүй байр суурь баримталж байгаа бөгөөд тэдний хооронд буулт хийх төлөв хараахан байхгүй байна гэв.

Бүгд найрамдахчууд юуны түрүүнд АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах, дараа нь бусад улс, тэр дундаа Украинд туслах шаардлагатай гэж үзэж байна. Харин Цагаан ордон Бүгд найрамдахчуудыг Москвад тусалсан гэж буруутгахыг оролдож байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top