Өмнөд Солонгосын цуутай гэмт этгээдүүдийн нэг болох Чу Дү Сүн 2008 онд найман настай охиныг олон нийтийн бие засах газар хүчирхийлж, бие сэтгэлд нь нөхөж баршгүй хохирол учруулсан. Тус улсын ард иргэдийн зүгээс түүнийг бүх насаар хорих ялаар шийтгэхийг шаардаж байсан ч шүүхээс гэмт этгээдэд ердөө 12 жилийн ял оногдуулсан билээ.
Гэмт этгээд 2020 оны 12-р сарын 12-ны өдөр суллагдсан. Олон нийт түүнийг суллахыг эсэргүүцэн багагүй шуугиан дэгдээсэн бөгөөд цагдаагийн байгууллага түүний хөлийн шагайд цахим гав зүүж, 2027 он хүртэл гэрийн хорионд байлгах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Суллагдсан даруйдаа Ансан дахь эхнэрийнхээ гэрт ирж амьдарсан Чу ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас цагдаа нар нэмэлтээр ойр хавьд нь хяналтын камер суулгаж, хараа хяналтдаа байлгаж байжээ.
Суллагдснаас гурван жилийн дараа буюу 2023.12.14-ний өдөр гэмт этгээд Чу дахин хууль зөрчсөн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлжээ. Тэрээр оршин суугаа газраасаа зөвшөөрөлгүй гарсан бөгөөд түүнийг ойролцоогоор 40 орчим минутын дараа орон нутгийн цагдаагийн газрын урдаас олжээ.
Энэ хугацаанд 34 гаруй хяналтын камерт өртсөн тэрээр "Гэрт асуудал гарсан учраас гадагш гарсан" хэмээн мэдүүлжээ. Энэ сарын 15-ний өдөр Чуг “Онцгой гэмт хэрэг үйлдэгчдийг цахимаар хянах тухай хууль”-ийг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд баривчлаагүй ч зөрчлийн хэрэг нээн шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Энэхүү хэрэг олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. Учир нь гэмт этгээдийн гэрийн гадаа ажилладаг байсан хамгаалалтын ажилтнууд шөнийн цагаар эргүүл хийхээ больсон бөгөөд гэмт этгээд хууль зөрчин гэрээсээ гарч, 40 минутын турш алга болсон нь байж болшгүй хэрэг хэмээн ард иргэд үзэж байгаа аж.
Тус хэргээс сэдэвлэн бүтээсэн "Wish" хэмээх кино 2013 онд үзэгчдийн хүртээл болсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бурхан минь, эхнэр нь азгүй юмаа. Энэ хүүр шорондоо үхчихсэн бол олон хүнд амар байхгүй юу