Газар хөдлөлтөөс 124 цагийн дараа 90 гаруй насны эмэгтэйг нуранги доороос олжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

 

Японы Хоншугийн төв хэсэгт орших Ишикава мужийн Ното хойгт энэ сарын 1-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлтөөс хойш 124 цагийн дараа нэгэн гайхамшигт явдал тохиолджээ. Энэ сарын 6-ны өдөр тус хотын нэгэн нурсан байшингийн нуранги доороос 90 гаруй насны эмэгтэйг эсэн мэнд олжээ. 

Аврагчид түүнийг олох үед эмэгтэй борооны усаар амь зогоож байсан бөгөөд тэрээр хоёр давхар байшингийнхаа нэг давхарт нуранги доор гацсан байдалтай байсан хэмээн Yomiuri Shimbun өнөөдөр мэдээлжээ. Түүний зүүн хөл дам нурууны завсар хавчуулагдсан байжээ. Эмнэлгийн тусламжийн баг 17:00 цагийн орчимд тус газар ирэхэд эмэгтэйн зүүн гар болон биеийн дээд хэсэг нь нуранги доороос цухуйн харагдаж байсан аж. Аврах албаныхан түүний гараас атгахад хариу атгаж байсан нь түүний амьд болохыг илтгэж байсан гэнэ. Эмч нар түүнд яаралтай дусал залган биеийэ ерөнхий байдлыг нь дээшлүүлэх арга хэмжээ авчээ. 

Газар хөдлөлтөөс 5 хоногийн дараа буюу оройн 20:20 цагийн орчимд эмэгтэйг нуранги доороос гаргаж авч чаджээ. Аливаа осол, гамшиг болсноос хойшхи 72 цагийн хугацааг Golden Time хэмээн нэрлэдэг. Харин 90 настай эмэгтэйг ийнхүү 124 цагийн дараа нурангин доороос гарган авчээ. 

Өнөөдөр буюу 8-ний өдрийн байдлаар газар хөдлөлтийн улмаас Ишикава мужид 128 хүн амиа алджээ. Сураггүй алга бологсдын тоо 195-д хүрсэн тул амиа алдагсдын тоо цаашид өсөх хандлагатай байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top