Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч И Жэ Мён халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулсан хэрэг гарсан. Энэхүү хэргийн тухай цагдаа нар мэдээлэл хийсэн бөгөөд тус халдлагыг үйлдсэн 66 настай эрэгтэй И Жэ Мёныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс сэргийлэхийн тулд эртнээс төлөвлөн уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнийг хүний амь хөнөөхийг завдсан хэргээр яллах аж.
Сэжигтэн И Жэ Мёныг хөнөөх тухай төлөвлөгөөгөө хэдэн сарын өмнөөс эхлүүлжээ. Энэ тухай найман хуудас тунхаг бичиг бичиж, халдлага үйлдснийх нь дараа уг бичгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гэр бүлийнхэнд нь дамжуулж өгөхийг хүсжээ.
Халдлагад өртсөн 59 настай И Жэ Мён энэ лхагва гарагт эмнэлгээс гарчээ. Халдлагад өртсөн тухайгаа тэрээр "Нэг тал нь нөгөө талаа хөнөөх хүртэл нэгэндээ сэтгэл хангалуун бус байдаг дайсагнасан улс төрийг зогсоохыг уриалж байна. Бүхнийг цочирдуулсан энэ үйл явдал нь үзэн ядалт, сөргөлдөөнтэй улс төрийг таслан зогсоож, нэгнээ харилцан хүндэтгэж, зэрэгцэн орших улс төрийг сэргээхэд чухал ач холбогдолтой үйл явдал мөн гэж бодож байна" гэжээ.
Тэрээр Хүзүүндээ 1.5 см хэмжээтэй шарх авч, яаралтай хагалгаа хийлгэсэн байна. Цагдаа нар түүний цамцны захны хатуу хэсэг амь насыг нь аварсан хэмээн мэдээлжээ.
И Жэ Мён 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльд цөөн саналын зөрүүгээр ялагдсан бөгөөд 2027 онд түүнийг дахин нэр дэвшиж магадгүй гэх мэдээлэл мөн цацагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )