Өмнөд Солонгос улс хүн ам зүйн хувьд томоохон өөрчлөлттэй тулгараад байна. Тус улсад өнгөрсөн онд 70 болон түүнээс дээш насны хүн ам түүхэндээ анх удаа 20-оод насныхнаас давсан үзүүлэлт гарчээ.
Энэхүү өөрчлөлт нь тус улсад төрөлт багассантай холбоотой хэмээн Дотоод хэргийн яам болон Аюулгүй байдлын яамнаас энэ сарын 10-ий өдөр мэдээлжээ. Статистик мэдээллээс харахад 2023 онд 70 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 6.31 сая болсон бол 20-оод насны залуусын тоо 6.19 сая байжээ. Өндөр настнуудын тоо өмнөх оныхоос 3.9 хувиар өссөн буюу 237,614 хүнээр өссөн бол эсрэгээрээ 20-оод насны хүмүүсийн тоо 3.4 хувиар буурч 219,695 хүнээр багасжээ.
Одоогоос арваад жилийн өмнө буюу 2014 онд 70 ба түүнээс дээш насны ангилалд хамаарах хүмүүсийн тоо 4.44 сая байсан бол 20-оод насныхны тоо 6.64 сая байжээ. Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн профессор "Цаашид энэ зөрүү улам бүр нэмэгдэнэ" гэжээ.
Тус улсын хүн ам 2020 онд анх удаа буурсан үзүүлэлттэй байснаас хойш дөрөв дэх жилдээ буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн нас баралт, шинээр мэндэлж буй иргэдээс илт илүү байгааг албаны хүмүүс онцолжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид зорилт тавин ажиллах тал дээр анхаарлаа хандуулж байгаа бөгөөд иргэдийнхээ нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт оруулахаар зэхэж байна.
Сэтгэгдэл ( 0 )