Цаасан шувууны үлгэрийг хэн хүнгүй уншаасай

2024 оны 01 сарын 16

Монголчууд өнө эрт цагаас үр хүүхдийнхээ оюуны оньсыг эрт тайлж, номд дурлуулан ертөнцийн сонин хачинтай танилцуулдаг уламжлалтай байлаа. Үүнийг гэрийн хүмүүжлээр олгоно. Номд гаргуун өвөг, эцэг, ах нар дэргэд байх аваас дагалдуулан сургана. Эмэг, ээж нар аман маягаар ном, сургаал, үлгэр, оньсогыг ой тойнд нь суулгана.

Гэрт эрдэм чадал сайтай хүнгүй бол номтой багшид шавь оруулна. Лам багшид шавь оруулах бол тусдаа. Өнөөгийнхөөр бол тусгай мэргэжлийн сургуультай дүйхүйц хэрэг.

Ухаан орсон цагаас нь үлгэр домог ярьж, зүйр цэцэн үгс хэлж, оньсого таалгаж үг, сэтгэхүйг нь хөгжүүлээд номын далайд дав даруйд хөтлөн оруулах гол түлхүүр нь “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр”, “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” тэргүүтэн байв.

Цаасан шувууны үлгэрт хүний ямар үйл сайн, юу муу болохыг харьцуулан хэлсэн нь өсвөр бага хүүхэд бүү хэл, өнөө цагийн насанд хүрэгчдэд санаа өгөхөөр сургаал билээ. Тийм учраас өнөө цагийн хэн бүхэн, хүүхэд томгүй “Цаасан шувууны үлгэр”-ийг уншаасай, утга агуулгыг нь ухаж ойлгоосой.

Тухайлбал, цөвүүн цаг ирэхэд,

“Өөрийн гэмийг нарийн тоосны төдий ч үл шинжлэнэ

Үнэн үгтэн омогтны тоонд орно

Башир үгтэн цэцний суудалд сууна

Аяа бас,

Тусын хариуд хорлох хүн олон

Ачийн хариуг мэдэх хүн цөөн

Хилэнцийг мэдэвч хийх хүн олон

Номыг мэдэвч бүтээх хүн цөөн

Зусар үг хэлбэл баярлагчид олон

Гэмийг хэлбэл гомдогчид цөөн” гэх зэргээр хэлдэг бол

“Оюунтүлхүүр” номд

“Олны дотор үгээ бэхэл

Ганцаар суухуйд сэтгэлээ шинжил

Тойн хүний хамаг эрдмийн дотор

Нигүүлсэхүйн сэтгэл нэн эрдэм

Хаан хүний гучин таван эрдмийн дотор

Хайрлах сэтгэл нэн эрдэм

Хатан хүний арван таван эрдмийн дотор

Сайхан ааль нэн эрдэм

Түшмэл хүний есөн эрдмийн дотор

Төвшин сэтгэл нэн эрдэм” хэмээн сургаж хүүхдийг хар багаас нь сайн муугийн ялгамжид сургадаг байв.

Харин өнөөдөр сурагч хүүхэд бүү хэл, хичээл номыг нь давтуулахаар хамт суугч өвөө эмээ, эх, эцэг нь ч зарим утгыг нь үл ухах сурах бичиг олшрох шинжтэй.

Хэрэв бага ангийн сурах бичигт дээр өгүүлсэн “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр”, “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” зэргээс насны онцлогт тохируулан товчлон оруулж, тайлбарлан ярьж байваас гаднын хуулбар элдэв сурах бичгээс хавьгүй илүү хэрэгтэй мэт санагдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (211.36.140.81) 2024 оны 01 сарын 17

Hiiheerei yarih bish hiij uzuul ......

0  |  0
Top