НАТО-гийн “Steadfast Defender 2024” цэргийн сургуулилт өргөн цар хүрээтэй байгаа нь тус холбоог хүйтэн дайны үеийн арга барил руу бүр мөсөн эргэн очсоныг харуулж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Александр Грушко “Ийм маневр хийх нь цэргийн сөргөлдөөний эрсдэлийг нэмж байна” гэв. НАТО “Steadfast Defender 2024” цэргийн сургуулилтад 90 мянга орчим цэргийн алба хаагч оролцох талаар мэдэгдсэн билээ. Шинжээчдийн тэмдэглэснээр энэ нь сүүлийн хэдэн арван жилд болоогүй томоохон сургуулилт юм. Шинжээчдийн хэлж буйгаар энэ сургуулилтын жинхэнэ зорилго нь Оросын эсрэг үйл ажиллагаа явуулах аж.
НАТО-гийн “Steadfast Defender 2024” (STDE24) сургуулилтын хамрах хүрээ нь тус холбоо хүйтэн дайны үеийн хандлага руу бүр мөсөн эргэн орсныг харуулж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Александр Грушко мэдэгдээд “Эдгээр сургуулилтууд нь Барууныхны Оросын эсрэг өдөөсөн мэдээллийн дайны бүрдэл хэсгүүдийн нэг юм. 31 орны 90 мянган цэргийн оролцоотой ийм хэмжээний цэргийн сургуулилт нь НАТО-гийн цэргийн төлөвлөлтийн үйл явц, нөөц ба дэд бүтэц нь Оростой сөргөлдөхөд чиглэсэн хүйтэн дайны схемд эцсийн бөгөөд эргэлт буцалтгүй орж байгааг харуулж байна” гэжээ.
Тэрбээр мөн дээрх цэргийн сургуулилтын хүрээнд дайсантай мөргөлдөх боломжит хувилбаруудыг туршихын тулд хэд хэдэн маневр, сургуулилт явуулна гэдгийг хэлжээ. Оросын талаас “Ийм хэмжээний аливаа үйл явдал нь цэргийн мөргөлдөөний эрсдэлийг нэмж, аюулгүй байдлыг улам бүр тогтворгүй болгож байна” гэв. Гэвч Европын аюулгүй байдлын ашиг сонирхолд НАТО-гийн дээд түвшинд байгаа хүмүүс төдийлөн санаа зовдоггүй, тэдний хувьд хамгийн гол нь Барууны ноёрхлыг дэлхий дахинд хадгалахын тулд аль хэдийнээ хэрэггүй болсон Америкийн нөлөөллийн энэхүү хэрэгслийг хэвээр үлдээх явдал гэлээ.
Үүний зэрэгцээ Орост аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхаа хангахад шаардлагатай бүх нөөц байгаа учраас ийм өдөөн хатгасан үйлдлээр сүрдүүлж чадахгүйг дипломатч онцолжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас НАТО-гийн өнөөгийн бодлогыг “Хүйтэн дайн 2” гэж нэрлэв. Удахгүй болох сургуулилт нь хүйтэн дайнаас хойших хамгийн том сургуулилт аж. НАТО-гийн үйл ажиллагаа нь “Хүйтэн дайн 2” гэж нэрлэж болох эрин үед аль хэдийнээ ирснийг харуулж байна гэж Оросын шинжээчид ярьж байна.
Европ даяар хүчээ байршуулна
Брюссельд нэгдүгээр сарын 18-нд болсон хэвлэлийн хурлаар Европ дахь НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Кристофер Каволи “Steadfast Defender 2024” цэргийн сургуулилт ирэх долоо хоногт эхлэхийг хэлээд “Сургуулилт тавдугаар сарын төгсгөл хүртэл үргэлжилнэ” гэж мэдэгдсэн билээ.
“Steadfast Defender 2024” цэргийн сургуулилт нь сүүлийн хэдэн арван жилийн туршид болоогүй томоохон цэргийн сургуулилт аж. Сургуулилтад НАТО-гийн 31 орон болон Шведийн 90 мянга орчим цэргийн алба хаагч оролцоно гэж мэдэгдсэн билээ. НАТО-гийн цэргийн удирдагч “STDE24”-ийн үеэр Америкийн цэргийг АНУ-аас Европын Холбоо руу шилжүүлэхэд онцгой анхаарал хандуулна гэж нэмж хэлжээ. НАТО Хойд Америкаас Атлантын далай дамнасан хүчийг шилжүүлэх замаар Евро-Атлантын нутаг дэвсгэрийг бэхжүүлэх чадвараа харуулах аж. НАТО-гийн вэб сайтад “Энэхүү томоохон цэргийн сургуулилт нь тус цэргийн холбооны иж бүрэн, олон газрыг хамарсан арга барилыг харуулах болно. Практикийг үзүүлэх ажиллагаанд онцгой анхаарал хандуулна” гэж мэдэгджээ. Мөн ийм маневрууд нь Европ даяар хүчээ байршуулахын ач холбогдлыг онцлох гэнэ.
Сургуулилтад нисэх онгоц тээгчийг оролцуулаад 50 гаруй хөлөг онгоц, 80-аас доошгүй сөнөөгч, нисдэг тэрэг, нисгэгчгүй аппарат, 133 танк, 533 явган цэргийн байлдааны машин зэрэг нийт 1.1 мянга орчим байлдааны машин оролцоно гэж мэдэгдэв. Брюссельд болсон хэвлэлийн бага хурлаар дээрх цэргийн сургуулилтыг “Бидний эв нэгдэл, хүч чадал, бие биенээ хамгаалах, үнэт зүйлс, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалах шийдэмгий байдлын тод илрэл байх болно” гэж мэдэгджээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар “Steadfast Defender 2024” нь НАТО-гийн 1988 оноос хойших хамгийн том сургуулилт болох бөгөөд тус холбоо 125 мянган цэрэг оролцсон “Reforger” сургуулилтыг зохион байгуулснаас хойших хамгийн том цэргийн сургуулилт болно. Хүйтэн дайны дараах үеийн хамгийн том сургуулилт нь 2018 онд 50 мянган цэргийн албан хаагч оролцсон “Trident Juncture” гэж тооцогддог байв.
“Steadfast Defender 2024”-т НАТО-гийн цохилтын гол хүчин болох нисэхийн бүх бүлгүүд оролцож байна. Сургуулилтыг үргэлжлүүлэхийн тулд жишээлбэл, Балтийн орнууд дахь олон цэргийн ангийг Оросын хил рүү шилжүүлэх боломжийг олгоно гэж Оросын шинжээч Алексей Подберезкин RT агентлагт ярьжээ.
Үүний зэрэгцээ НАТО сургуулилтыг хэний эсрэг чиглүүлж байгаагаа ил тод хэлээгүйд шинжээчид анхаарал хандуулжээ. Гэхдээ Москва л сургуулилтын боломжит дайсан аж.
Өдөөн хатгалга гэв
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Александр Грушко РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа “Цэргийн сургуулилтын бэлтгэл нь л Оростой хийж болзошгүй дайнд бэлтгэхийг уриалж, анхаарал хандуулж байсан. Зорилго нь тодорхой. Оросыг дайсан болгож, жирийн хүмүүсийг айлган сүрдүүлж, цэргийн зардлын хэмжээг хязгааргүй нэмж, Орост стратегийн ялагдал өгөх зорилгоор Киевийн дэглэмийг дэмжих бүрэн бүтэлгүй бодлогыг зөвтгөх юм” гэжээ.
Сүүлийн саруудад Европын хэд хэдэн өндөр албан тушаалтан Европт дайн дэгдэх магадлал байгааг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, Шведийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Микаэль Бюден нэгдүгээр сарын 8-нд ийм байр суурийг илэрхийлсэн байна. Түүнтэй ижил үзэл бодлыг тус улсын Иргэний хамгаалалтын сайд Карл-Оскар Булин мөн илэрхийлжээ. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус өнгөрсөн аравдугаар сард мөн ийм мэдэгдэл хийсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )