Тесла компанийн захирал Элон Маскийн Neuralink компани орон нутгийн цагаар энэ сарын 29-нд хүний тархинд компьютерийн чип суулгах эмнэлзүйн туршилт амжилттай болж буй тухай мэдээлжээ.
Энэ тухайгаа Элон Маск олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлсэн бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь гар утас, компьютер зэрэг ухаалаг хэрэгслүүдийг харцаараа удирдах боломж бүрдүүлэх гэнэ. Энэхүү бүтээгдэхүүний анхны хэрэглэгчид нь гар болон хөлөө хөдөлгөж чадахгүй болсон хүмүүс байх аж.
Элон Маск өмнө нь төрөлхийн сохор хүмүүс ч хараа орох боломжтой хэмээн ярьж байсан. Түүний хөгжүүлж буй энэхүү чип нь тархинд 2 мм-ийн гүнд суурьлуулагддаг бөгөөд тухайн хүний бодол санааг ойлгох замаар бусад эрхтнүүдэд дохио өгдөг байна. Сайн дурын туршилтад хамрагдсан иргэний биед эерэг өөрчлөлт илэрсэн нь тухай Элон Маск өөрийн твитертээ дурдсан байна. Өмнө нь энэ төрлийн туршилтын хэд хэдэн компани хийж байсан. Тиймээс энэ төрлийн эмнэлзүйн туршилтын өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Neuralink компани 2016 оноос эхлэн амьтад дээр туршилт хийж эхэлсэн. Тус компанид ажиллаж байсан ажилтны ярьснаар 2018 оноос хойш Neuralink-ийн туршилтад орсон хонь, гахай, сармагчин зэрэг нийт 1500 амьтан үхжээ.
Сэтгэгдэл ( 0 )