Зуд зургаан сар хүртэл...

2024 оны 02 сарын 20

Tуулай жилийн өвөл их цастай байлаа. “Өвлийн хүйтэн хавартаа” гэгчээр бүтэн улирал дамнан үргэлжилсэн их цас, шуурганд малчид боогдож, одоо нийт нутгийн дийлэнх хэсэг зудтай байна.

Паартай байшинд тухалж, паалантай жорлонд хөнгөрдөг “Мэдэхгүй сэдэв, мэдрэлтэхгүй салбаргүй” их мэдэгчдээс сүүлийн үед хэрээс хэтэрсэн авир цухалзах болов. Энд зун, намрын дэлгэр налгар цагаар айраг, даалуу эргүүлж явдаг хэсэг малчны амьдралын хэв маягийн талаар биш нийт нутгаар тохиолдож буй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн тухайд ярьж, бичээд байгаа юм л даа, уг нь. Гэтэл амьдралдаа анх удаа нэмнээтэй мал хараад “даашинзтай” хэмээн тодотгон сонирхож буй хотод төрж өссөн балчир хүүхэд лугаа ааш авирыг нүүдэлчдийн удам, суурин амьдралд бүрэн шилжээд удаагүй, дөнгөж хоёрхон үеэ үзэж буй чин зоригт Монгол малчдын үр хойчис гаргаж буй нь харамсалтай. Бид өв соёл, үүх түүхээсээ ямар хурдан холдож, яасан их алсраа вэ.

Монгол Улс одоо байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөөд байна. Зүйрлүүлж хэлбэл, Цунами, Катрина зэрэг далайн хар салхи шиг Төв Азийн эх газарт хэдэн жилдээ нэг тохиодог байгалийн гамшиг энэ жил болов.

Ийм нөхцөл байдалд малчдын сар бүр татдаг хүнс, намар татсан өвс тэжээл, өвөлжөөнд хураасан аргал түлээ барагдаж, даваа гүвээ цасанд боогдон улмаар зам харгуй хаагдаж, төв суурин газраас харилцаа холбоо тасардаг юм. Цагаан сарын дараа буюу өдийд хэрэглэнэ хэмээн хаваржаандаа зэхсэн хомоол түлш, өвс тэжээлдээ ч хүрч чадахгүй хүн малгүй зутарч улдан сэтгэл санаагаар унаж гунин байгаа. Дөрвөн цагийн эргэлтэд өдөр бүр үүрийн үнэгэн харанхуйгаар босч, үдшийн бүрэнхий болтол борви бохисхийлгүй зүтгэж өсгөсөн мал хиарч унах тийм ч амархан даваа биш. Хот суурин газрын иргэдийн босгосон бизнес дампуурч, хаалгаа барьж, хаашаа явж, юу хийхээ мэдэхээ больж, паанигт ордогтой адил зүйл.

Дэлхийн хаана ч, ямар ч гамшиг осол болсон “Далайн шуурга болдог гэдгийг мэднэ биз дээ. Яах гэж нуур, далайн эрэгт байшин саваа барьсан юм. Хохь чинь”, “Газар хөдлөлтийн бүсэд улсаараа амьдраад байдаг үнэн “тэнэг гар”-ууд шүү” хэмээн тавласан жудаггүй араншин, хүний үнэргүй үгийг бусад улс үндэстнээс сонссонгүй. Магад, сонсох ч үгүй биз. Гэтэл элэг нэгт монголчууд маань “Хохь чинь..”, “Малчид хотын бидэнд үнэтэй мах, сүү өгдөг”, “Бид яахаараа малчдад туслах ёстой юм бэ”, “Өвөрмонголчууд шиг хашаа хороогоо..,” бла, бла.

Харин малын захад өссөн болоод малд нүдтэй хүмүүс арай өөр өнцгөөс харж, тайлбарлаж өгч байна. Манай улсын мал аж ахуй бол эрчимжсэн болоод хагас эрчимжсэн аж ахуйгаас огт өөр. Бэлчээрийн мал аж ахуй шүү гэдгийг онцолж байгаа юм. Усны тунгалаг, өвсний сорыг дагаж дөрвөн улирлын туршид бэлчээрээр идээшдэг мал. Тийм учраас боодолтой бүхэн өвс биш. Өвс бүхэн тэжээл биш. Тэжээл бүхэн шим биш. “Хадлангаа бэлдсэнгүй. Хашаа хороо барьсангүй гээд байгаа хүмүүст хандаад хэлэхэд бод мал гахай биш, бог мал тахиа биш шүү. Тэгээд ч малыг зөвхөн тэжээл өгөөд хашаад байж болдоггүй юм. Бэлчсэн нь онд орж тэжээсэн нь үхдэг гэдгийг малчид мэднэ” гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

Өмнөх нийгмийн үед нэгдэл гэж машин техник, хүн хүч, мэргэжлийн боловсон хүчинтэй том айл байлаа. Харин одоо өмч хувьчлалыг буруу аргаар хийснээс үүдэж энэ бүгд байхгүй, түүх болж үлджээ. Зарим залуу малчин зуд үзээгүй, тийм учраас ийм нөхцөлд яах ёстойгоо ч мэдэхгүй балмагдаж байгаа гэдгийг малын эмч, малзүйч зэрэг ахмад мэргэжилтнүүд хэлж байна. Ганцхан жишээ дурьдахад л, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуурганд осгож, дарагдаж үхсэн малын зураг харуулаад л хоосон тоо яриад халаглаад байна гэж шүүмжлэв.

Гэтэл арга мухардаж буй залуу малчинд нүдээ олсон ганц сайн зөвлөгөө, итгэл хайрласан урмын үг хэрэгтэй байгаа шүү дээ гэх. Тухайлбал, хотондоо дарагдаж хорогдсон малын махаар шаз хийж, үлдсэн малаа авч үлддэг гэдгийг зарим залуу малчин мэдэхгүй сууж байж магадгүй цаг үе. Тиймээс одоо зуданд хорогдож буй мал халдварт өвчнөөр үхээгүй тул УОК ямар ч халдваргүйтгэл хийх шаардлагагүй. Харин ч халдваргүйтгэлийн бэлдмэл хэрэглэх нь байгаль орчноо нэмж бохирдуулах, төсвийг үр ашиггүй зарцуулах эрсдэлтэй тул татгалзах хэрэгтэй гэнэ. Шазны тухайд хорогдсон малынхаа махыг чанаж буцалгаад гарсан шөлийг ядарсан малдаа уулгаж тэнхрүүлдэг. Энэ мэт олон арга ухааныг ахмад малчид мэддэг аж. Харамсалтай нь, залуу малчдаа сургалт семинарт хамруулдаг, сайн туршлага судлуулдаг уламжлал тасраад удаж байна. Малчид бор зүрхээрээ л өдөр хоногийг аргацаасаар 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд өнөөдрийн залуу малчид буюу нэгэн шинэ үе өсч өндийсөн гэсэн үг. 

Нөгөөтэйгүүр, зуд гэдэг бол жил болгон болоод, бэлдээд, бэлтгээд даваад гарчихдаг ч зүйл биш. Зарим мэргэжилтний үзэж буйгаар манай улсад орон даяар буюу нийт нутгийг хамарсан томоохон хэмжээний зудын гамшиг 1944 оноос хойш энэ жил дөрөв дэх удаагаа болж байгаа аж. Зуд гэдэг гамшгийг гадныхан  судалж үзээд, өөр ямар ч хэл дээр яаж ч утгачилж орчуулж чадалгүй, хүн төрөлхтний танин мэдэхүйд зориулан тайлбарлахдаа ZUD гэж тэмдэглэсэн гэх мэдээлэл ч байна. 

 Ахмадууд “Зуд зулагтай” гэдэг. Зудын дараа мал их өсдөг юм. Өөрөөр хэлбэл, байгалийн шалгарал явагдаж мал чанарждаг хэмээн тайлбарлаж байна. Харин ийм сайхан дэлгэр цагийг үзтэл хүн малгүй зутарч, нойр хоолгүй зүдэрдэг. Одоо гарч буй нялх төл зуны эхэн сар гарч, шинэ ногоонд цадах хүртлээ олигтой тэнхрэхгүй. Тиймээс л “Зуд зургаан сар хүртэл” гэдэг юм байхгүй юу хэмээн учирлах.

Юутай ч, Ерөнхий сайдын гаргасан уриалгыг дэмжиж, орон даяар малчдад туслах аян өрнүүлээсэй. Нутгийн зөвлөл, томоохон уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүд машин техник, хүн хүч, өвс тэжээл, нэмнээ бээлий, лаа чүдэнз гээд хэр хэмжээгээрээ, бүхий л чадлаараа тус дэм болоосой.

Г.Ганчимэг

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.139) 2024 оны 02 сарын 20

Байгалийн давагдашгүй хүчин зүйлд хэнч зовж зүдэрч өртөж болзошгүй малчид маань малчинаас хамаарах бүгдийг хийсэн .цаашдаач улам л ширүүн болох төлөвтэй бгааг зун нь мартахгүй байвал яасын бол

0  |  0
хөөш(122.201.23.84) 2024 оны 02 сарын 20

хэзээ зудгүй жил байсан юм, харин их үү бага үү гэдэг л байсан болхоос, дараа жил дахина болно болохгүй гэсэн баталгаа бхгүй ш дээ, өөр арга бодох хэрэгтэй,Малчид

0  |  0
Зангараг(59.153.113.83) 2024 оны 02 сарын 27

Яаж ч туслаад сэхээрдэггүй малчид, сэхдэггүй хоцрогдсон нүүдлийн аж ахуйгаас салах хэрэгтэй гэдгийг байгал өөрөө 4 удаа сануулжээ.

3  |  4
Zochin (66.181.161.146) 2024 оны 02 сарын 26

… har utaa baagiulj, har us gudarsan yumnuud l ihenhi ni bdag haragddag. \nZarim ni Ail saahalt, hamaatan sadan, oir toirnii orson garsanaa muulj doromjilson, udurt heden udaa motocycle unaj hudag us, mal erguuleh nereer hudal iish tiish davhij, huzur toglood l suudag yumnuud ih l bdag yum bilee.\nNaadam bolhoor gazriin haanaas garch irsen yum gmeer neeh muuhai ereen myraan ongotei, tom tom deeltei yumnuud arhidaad l yavah yum bilee.\nYaalt ch ugui hot huduu-n yalgaa, orkuud gj niigemd bgaad bn.\nYadaj bhad ene zasag gj bur suirch duuslaa, uls ornii ireedui ulam l burheg bolood bdag.Utga algaa

1  |  1
Zochin(66.181.161.146) 2024 оны 02 сарын 26

Hotiinhon malchid-n mah suug helsen uneer ni l avch bgaa, ub-n tsas mos, utaa iim bn tusalaachee gdgui l bh. Ter bitgii hel malchid-n niigmiin daatgal ch bil uu bas hotiinhon golduu toldog tatvar-s tologdoh ch gluu, tologddog ntr gj yarigdaad bsan.\nUs belcheer unegui ashiglana, belcheer talhalana, busdiig ochihoor nutag orondoo havchij hyahana, ihenhi ni ork nerendee taarsan, puujin hiij hoorgoh gj bgaa bish hamtral negdel ugui bson ch oorsdoo negdeed niileed uvul bur ordog ih tsasnii ue-r amiaa, malaa avaad garaad amidrah uhaan suugaagui, zunii delger tsagaar eldev oi naadam geed l..

1  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 02 сарын 26

өвөл болно цас орно гэдэг шиг малчид маань жил бүр л тодорхой бэлтгэлтэй байх ёстой. бэлэнчлээд сурсан сэтгэхүй нь ийм байдалд хүргэж байгаа юм. ганц энэ жил ч бүр өвөл болгон татвар төлөгчдийн мөнгөөр УОК оор дамжуулан их бага тусламж хүртсээр ирсэн шүү дээ. хариуцлагатай баймаар байна

3  |  2
Top