"Үндсэн хуулийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр л байдаг" хэмээх үгийг Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга агсан Г.Совд хэлсэн байдаг. Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч нэрт хуульч Б.Чимид агсан “Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм. Үндсэн хууль бол тогтворжсон нийгмийг бататгасан биш, харин төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлсэн хууль юм” хэмээсэн нь бий. "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн" хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ.
Тэгвэл Монгол Улсад мөрдөж буй бүх хуулийн эцэг болсон Үндсэн хуулийг сахиж, ёс журмаар нь мөрдүүлэх учиртай Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/ даргагүй болоод удлаа. Тусдаа том байртай болж Зайсан толгойн баруун урдхан төвхнөж авсан Цэцийн ажил сүүлийн хэдэн жил нэг л биш. Үндсэн хуулиа сахин хамгаалах бүү хэл, бүрэн эрхт Цэцийн гишүүд өөрсдөө хууль зөрчих нь ердийн үзэгдэл болоод байна.
ҮХЦ-ийг Г.Совд, Н.Жанцан, Ж.Амарсанаа нарын толгой хуульчид удирдаж байсан цаг ард хоцорч Д.Одбаяр дарга болсноос хойш Цэцийн дарга хууль зөрчихийг зөрчил гэж үзэхээ больсон мэт. Өмнө нь “Сугардаггүй Сугар” гэж нэг алдартай гишүүн Цэцэд байв.УИХ-ын гишүүн байсан тэрбээр ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ын хөрөнгөөс идэж ууж мөнгө угаасан, бас банк, санхүүтэй ч холбоотой хэрэгт холбогдсон боловч Цэцийн гишүүн болчихоод хэсэг даналзаж, бас л хүчээр шахам суудлаас нь сугалсан юм. Оронд нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн асан Ш.Солонгыг томилж байв. Цэцийн гишүүн асан П.Очирбат, Т.Лхагва нар 70 насны босго давтлаа суудалдаа шигдэж нэлээд хожуу ховхорсон нь сэнтийдээ наалдаад байж болдог гэсэн үлгэрийг бусдадаа үзүүлсэн юм.
УИХ-ын нэр дээр Цэцийн гишүүн болж, улмаар даргын сэнтийд заларсан Д.Одбаяр зүгээр ч нэг хэрэг тариагүй. Тэрбээр БНСУ-д албан ажлаар явах үеэрээ “Кореан эйр” авиа компанийн үйлчлэгч бүсгүй биед зүй бусаар халдсан хэрэг болж, тус улсын цагдаа нарт туугдан яваа гутамшигт зураг түгэж Монголынхоо нэрийг шившигт хутгасан. БНСУ-ын цагдаагийн байгууллагын өмнө хэргээ хүлээж, тэдний прокурорын газрын шийдвэрээр долоон сая вонноор торгуулчихаад Монголын Элчин сайдын яамаар дээрх мөнгөө гаргуулсан гэх дуулиан ч дэгдсэн. Монголдоо ирээд “гэм буруутай эсэхээ шүүлгэе” гээд албан тушаалаасаа сайн дураараа огцорч уучлалт гуйх ёстой атал харин ч гавьяа байгуулсан мэт бүрэн эрх нь дуусгавар болоод байхад дахин нэг жил хүч түрэн Цэцийн суудалд маргаан шийдвэрлээд сууж байв. Түүнээс даргын тамгыг нь хүлээн авсан Н.Чинбат бас л хуулиар тоглож чаддаг хүн гэдгээ харуулж өгсөн. Н.Чинбат бол 1998, 2017 онд хоёр удаа Цэцийн гишүүнээр сонгогдсон, хуулийг мэдэхийн цаагуур мэддэг эрхэм. Гэтэл түүний бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш мөн л таван сар суудлаасаа буулгүй “чардайж”, тэр бүү хэл төрийн жинхэнэ албанд ажиллах насны дээд хязгаар болох 65 нас хүрээд хоёр жил өнгөрсөн боловч Цэцийн даргын “жолоог” тавилгүй зуурсаар 2023 оны арваннэгдүгээр сарын дунд хүргэсэн юм. Уг нь төрийн албаны хүн тэтгэврийн нас болмогц албан тушаалаа чөлөөлж, хэрэв хэрэгцээтэй мэргэжлийн хүн бол гэрээгээр ажилладаг атал Н.Чинбат дарга түүнийг огт хэрэгсээгүй. Харин Цэцийн өөр нэг гишүүн Ц.Нанзаддорж 2023 оны дундуур өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор өөрийн хүсэлтээр Цэцийн гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Түүний хувьд насны дээд хязгаарт хүрээгүй, бүрэн эрхийн хугацаа өндөрлөх болоогүй байсан ч ийм нэг шийдвэр гарган Цэцээс зодог тайлсан.
Н.Чинбатын хувьд суудлаасаа буухгүйн төлөө арга саам хэрэглэж, түүгээр үл барам тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулахын тулд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт маргаан үүсгэсэн тухай шуугиан 2022 оны хавар дэгдэж байв. Уг нь Д.Ганзоригт өөр асуудлаар маргаан үүсгэсэн хэдий ч тэрбээр “Н.Чинбат дарга тэтгэврийн насанд хүрчихсэн шүү” гэдэг мессежийг түмэнд түгээснээс болж Цэцийн барьц лавширсан гэдэг юм билээ. Үндсэн хуулиа сахин манах байтал суудлаа л манаж харамласан Цэцийн гишүүдийн адал явдлын зах сэжүүр нь энэ.
Иймэрхүү Цэцийн суудлаас салж өгдөггүй элдэв дуулиан явсаар 2023 оны арваннэгдүгээр сарын дунд үетэй золгосон юм. Эцсийн дүнд УИХ-ын арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн чуулганаар мөнөөх суудлаасаа салдаггүй хоёрыг ширдэгнээс нь шилжүүлэх шийдвэрийг гаргаж чадсан. Тус хуралдаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ц.Нанзаддорж, бүрэн эрхийн хугацаа нль эрт хэтэрсэн боловч суудалдаа хоргодсон Н.Чинбат, Д.Одбаяр нарын орны гишүүдийг томилов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ц.Нанзаддоржийн оронд ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Э.Энхтуяаг, УИХ-аас Д.Одбаярын оронд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж асан Л.Өлзийсайханыг, Улсын дээд шүүхээс Н.Чинбатын оронд МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал байсан О.Мөнхсайханыг санал болгон УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар томилсон юм. Н.Чинбатыг оны сүүлээр Сүхбаатарын одонгоор шагнаж, өндөр суудлаас буусныг нь “тэмдэглэсэн” билээ.
Ингэж сугардаггүй гишүүдээ сугалсан ч ҮХЦ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл даргагүй л явж байна. Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөнөөх “Сугардаггүй Сугар”-ын оронд Цэцэд томилогдсон Ш.Солонго ажиллаж буй аж. Уг нь шинээр томилогдсон гурван залуу гишүүний нэгийг Цэцийн даргаар томилж болох талаар холбогдох хүрээнд ярилцаж буй ч Ш.Солонго хатагтай бас л түр орлон гүйцэтгэгчийн “жолоо”-г мөддөө тавихгүй шинжтэй дуулдана. Тэрбээр орос гуравдугаар сургуулийн захирлын тушаалаас халагдсан ч эргэж шүүхдэн заргаа аваад байгаа Ж.Соронзонгийн төрсөн дүү, кино үйлдвэрийн гэх тодотголтой Ж.Солонгын гэргий юм. Хамаатан саднаараа албан тушаалаас салах дургүйг нь бодвол Ш.Солонго гишүүн ч тийм амар түр орлон гүйцэтгэгчээс буухгүй болов уу гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлээд эхэлжээ.
Ингэхэд Үндсэн хуулиа сахих үүрэгтэй байтал даргын суудлаа өндөг дарсан шувуу шиг харамладаг Цэцийнхний маапаан эцсийн эцэст эцэг хуулиа “шүдгүй арслан” болгон хэврэгшүүлж, Их Хурлын гишүүдийн үзэгний үзүүрээр дурын засвар оруулсаар сиймхий гэр, ноорхой тэмээ адил нооруулж, төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлэх бүү хэл ганхуулах вий гэсэн эмзэглэлд өөрийн эрхгүй хүргэх боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
ажлаа хийх чадваргүй ҮХЦ-г татан буулгаж байрыг нь цэцэрлэгт өгье
Цэцийн хэд хэдэн гишүүдээр монголчуудын нийтлэг дотоод мөн чанарыг тольдон харж болдог. Амбийц ихтэй, хувирамтгай. Цөөнх нь улс төрийхэнтэй ч ойргүй, мэдлэгтэй байсан.