МУСГЗ, зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа. Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт төрж улсад 40 шахам жил хөдөлмөрлөхдөө яруу найргийн 16, афоризмын болон өгүүллэгийн тус бүр нэг номоо хэвлүүлж, есөн жүжиг нь тайзнаа тавигджээ. Түүний зохиосон шүлгээр 200 гаруй дуу бүтээж, МҮОНРадиогийн алтан санд 43 дуу, "Хаалган цаана" радио жүжиг нь орсон юм. "Чи зүг", "Сарны гүмүда" номоороо 2004 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн. Улсын номын эрдэнэсийн санд хадгалах 2006 оны шилдэг бүтээлээр "Навчсын дуулал" ном нь орж, хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын дөрөвдүгээр уралдааны шилдэг бүтээлээр "Бөлбөөхийн аялал" ном нь шалгарч байв.
Оны шилдэг бүтээлийн "Алтан өд 2019" шагналыг яруу найргийн төрөлд эрхин сонетуудаар дагнасан "Зохист гүн" ном нь хүртэж, "Бөртэ хатан" хөгжимт драм нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооны "Шилдэг бүтээл" өргөмжлөл, "Тэнгэрийн гэрээс" фольк дуурь (МУУГЗ Б.Цэрэндондовын хөгжим) нь орон нутгийн мэргэжлийн Дуу бүжгийн чуулгуудын дунд зохион байгуулсан "Сонгодог бүтээл-2012" улсын уралдааны Гран при шагнал, "Гүг гүү" (Ундрахын Мөнхжаргалын хөгжим) дуу нь хүүхдийн дууны "Алтан зул-2016" улсын уралдааны тэргүүн байрын шагналыг бага насны ангилалд хүртсэн юм. Уран бүтээлийн ундарга ихтэй ч Эрдэнэт хотод бүтээлээ туурвин эгэл даруу суух түүнийг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урьж, алдарт “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дууг бүтээсэн түүх болон бусад бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таны олон сайхан уран бүтээлийг үзэгч, сонсогчид мэднэ. Та хэзээнээс дууны уран бүтээл хийж эхэлсэн юм бэ?
-1976 оны намар юм аа. Миний "Шоолно шүү" шүлэгт Баярын Пэрэнлэй ая хийсэн. Тэр миний анхны дуу юм. Тухайн үед бид хоёул Эрдэнэтийн нэгдүгээр дунд сургуульд багшилж, хамтарч хэд хэдэн дуу хийсэн. Дараа нь Дашдаваагийн Баттөмөртэй "Ногоон гэрэл" дуу хийлээ. Багш учраас хүүхдийн дуугаар хүүхдийг хүмүүжүүлэх гэсэн сэдэлтэй л явж дээ. Д.Баттөмөр тэгэхэд Эрдэнэт хотын Соёлын ордны хөгжмийн багшаар ажиллаж байсан юм. Олон түмэнд түгсэн анхны дуу гэвэл 1987 онд зохиосон Н.Чулуунхүүгийн ая "Ханийн тэнгэр" дуу минь юм. Дараахнаас нь Гөрөөчийн Нямсүрэнгийн ая "Бурхан ээж", Бадарчийн Бямбабаярын ая "Эндүүрмээр гэнэ дээ би ээжтэйгээ", Бадарчийн Магсаржавын ая "Би хөдөөний хүн" гээд хэдэн дуу овоо түгсэн шүү.
-Монгол төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт “The HU” хамтлагийн дуулсан "Чонон сүлд" дуу дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байгаа нь бахархалтай. Энэ дууны үг тантай бас холбоотой. "Чонон сүлд" дууг бүтээсэн түүх өөрийн эрхгүй сонирхол татаж байна. "Чонон сүлд" дуу “Барс ирвэл барилдъя” гээд л эхлэхэд "Цогт тайж" киног өөрийн эрхгүй санагдуулдаг шүү дээ?
-Тийм ээ. Б.Ренчин гуай тэдгээр үгсийг “Цогт тайж” кинондоо "Гэсэрийн тууж"-аас ишилсэн юм билээ шүү. "Цогт тайж" киноны зохиолд,"...Бичээч нарын өмнө өндөр суудал дээр Цогт тайж сууж Гэсэрийн туужаас байлдахын өмнө түүний баатруудын тангараглан хэлэлцэж буй үгийг хэлж бичүүлж байна..." гэж байдаг. “Гэсэрийн тууж”-ид Цасчихэр баатрын хэлж буй маягаар "Барс ирвэл барилдъя. Заан ирвэл заалдалцъя. Арслан ирвэл алалцъя. Хүн ирвээс хүчдэлцье. Хатгагч хар эрээн могой болон ирвэл хан гарди болон дээгүүр нь довтолъё. Хүрхрэх барс болон ирвэл хөх зэс зогдорт арслан болъё" гэж гардаг юм. “Цогт тайж” кинонд эдгээр үгийг ашиглахдаа "ирвэл" гэдгийг "ирвээс" болгосны дээр "уралдъя" гэх үг нэмж илүү хөгжимлөг болгосон байдаг. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, “The HU” хамтлагийн продюсер Баярмагнайн Дашдондог яг эдгээр үгэнд ая хийсэн юм. Тэндээс л энэ бүхэн холбоотой доо.
-Б.Дашдондог яагаад танд хандах болсон нь сонин санагдлаа. Таны "Уулзах юмсан чамтайгаа" дуутай холбоотой юу?
-Би Т.Баясгалан, Т.Дэлгэрмөрөн хоёрын дуулсан "Уулзах юмсан чамтайгаа" дууны үгэнд минь хэн ая хийснийг мэдэхгүй яваад л байв. 2008 онд бил үү дээ, Т.Баясгалан Эрдэнэт хотод тоглолт хийж ирэхэд нь уулзахдаа л эстрадын нэрт дуучин МУГЖ Б.Дашдондог ая хийж өгснийг мэдсэн юм.
Сонин учрал л даа. 2000 онд хэвлэгдсэн миний "Чи зүг" шүлгийн номын 27 дугаар тал дахь хоёр шүлгийн нэг буюу "Уулзах юмсан чамтайгаа" шүлгийг нэг хүн дуучин Т.Баясгаланд ая хийлгэвэл сайхан үг байна гээд өгсөн юм гэдэг. Тэр хүн Т.Баясгаланд өгөхдөө хоёр шүлгийн дундуур тасалж "Уулзах юмсан чамтайгаа" шүлгийн минь дээр миний нэрийг гараар бичсэнийг Д.Дашдэндэв гэж эндүү уншсан юм билээ. Баясгалан тэр шүлгийг минь Б.Дашдондогт өгч ая хийлгэн Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулснаар түгсэн л дээ. Түүнээс биш Т.Баясгалан ч, Б.Дашдондог ч тухайн үед намайг танихгүй, хөдөөний нэг муу яруу найрагчийг тоох ч үгүй шүү дээ. Энэ бүхнийг би хожим л олж сонсов шүү. "Уулзах юмсан чамтайгаа" шүлэгт минь дөрвөн хүн ая хийсэн юм шүү дээ. Хамгийн анх Эрдэнэт хотын 10 жилийн ойгоор 1986 онд "CuMo" хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Алтангэрэлийн Батсүх ая хийсэн боловч дуулуулна гэж явсаар сүүлдээ хамтлаг нь тарж, мань эр ажилгүй баахан гуларч явахдаа нотоо гээсэн гэдэг. Хожим надад нотоо сэргээн бичиж өгсөн. Надад одоо байгаа л даа. Энэ зуур "Гурван бүдүүн" хамтлагийн Аажимын Мөнгөншагай, бас дуучин Гомбожавын Батбаатар нар миний "Чи зүг" номоос авч ая хийсэн байдаг. Дуу гэдэг өөрийн хувь ерөөлтэй л дээ. МУГЖ Баярмагнайн Дашдондогийн аяар Т.Дэлгэрмөрөн, Т.Баясгалан хоёр дуулж олонд хамгийн сайн түгээсэн юм.
-Б.Дашдондогтой сонин хувь ерөөлөөр холбогджээ. Тэгээд "Чонон сүлд" бүтсэн байх нь ээ?
-Магадгүй л юм. Би "Уулзах юмсан чамтайгаа" дуу бүтсэнээс тээр хойно Б.Дашдондогтой уулзаж танилцсан. Гэхдээ Б.Дашдондог "Уулзах юмсан чамтайгаа" дуу гэхээсээ илүү миний цомнолоор бүтсэн "Бөртэ" хөгжимт драм, "Есүхэй" болон "Ану хатан" фольк (Баатарын Цэрэндондовын хөгжим) дуурийн тухай дуулианыг сонсоод надад илүү итгэсэн болов уу даа.
Надтай 2017 онд үед утсаар ярьж, "Монголчуудын дэлхий дахинд үзүүлсэн нөлөө, агуу үйлсийн тухай цуврал дуу хиймээр байна. Та түүх нэлээд судалдаг байх, хэдэн сайхан үг бичиж өгөөч” гэсний дагуу би дуу болж мэдэх 10 гаруй шүлэг бичиж илгээлээ. Жилийн дараа байх аа, би Улаанбаатар орохдоо студи дээр нь очиж уулзсан. Гэтэл таны илгээсэн үгнүүдэд ая хийж амжсангүй, харин ийм нэг дуу хийлээ гээд "Юу вэ, юу вэ" гэсэн үгтэй цоглог сайхан дуугаа сонсгоод, бас нэг дуу хийсэн, даан ч хоёрхон бадаг болчихоод байна.Та болж өгвөл яг одоо хэдэн бадаг нэмээд өгөөч гээд дуугаа сонсголоо. Маш сүрлэг аятай юм. Үг нь дайнд уриалаад байгаа ч юм шиг санагдаад би эхэндээ дурамжхан байсан ч "ирвээс" гэх үгийг нь бодоод, гадагш дайръя гэж байгаа биш, дайсагнал ирвэл эх орноо хамгаалъя гэсэн утга юм байна. Харин ч эр зориг хийморь бадраагаад зүгээр юм биш үү гэж зориглож билээ. Тэр дуу нь
Бид арслан ирвээс алалдан уралдъя
Барс ирвээс байлдан уралдъя
Заан ирвээс жанчилдан уралдъя
Хүн ирвээс хүчилдэн уралдъя
гэх мэт үгтэй аж. Тийм болохоор энэ хайрцагт нь тохируулж юу бичмээр юм бэ гэж баахан тулгамдав. Луу ирвээс, чоно ирвээс гэлтэй биш. Тийнхүү бодсоор мөнөөх аяст нь нийцүүлж гурван бадаг, Эрдэнэтэд харьж ирээд дахин дөрвөн бадаг, бүгд долоон бадаг шинээр бичээд илгээж явуулсан. Тэр долоон бадгаас минь
Аравт болон аянгалан ниргэе
Зуут болон зүрхэнд нь ниргэе
Мянгат болон мөрөлдөн ниргэе
Түмт болон тэнгэрээр ниргэе
Үерлэн ирвээс үхэлдэн үзэлцье
Нөмрөн ирвээс нүдэлдэн уралдъя
Нисэлдэн ирвээс харвалдан уралдъя
Цахилан ирвээс цавчилдан тэмцье... гэх хоёр бадгийг нь аялгуундаа тохируулан авч, мань эр өөрөө нэг бадаг эвлүүлээд нийтдээ таван бадаг дуу болгосон байна лээ.
Тэр үед ийм алдартай дуу болно ч гэж бодоогүй,” “The HU” дуулж дэлхийд гарна ч гэж санасангүй. Гэтэл одоогийн байдлаар 90 сая хүний сонорт хүрч, дэлхий дахинд Монголынхоо алдрыг дуурьсгаж яваад нь бахархдаг.
-Таны үгийг нь бичилцсэн дуу дэлхийн дуу болсон гэдэг сайхан...
-2019 онд л гэхэд “Чонон сүлд” буюу “Wolf totem” дуу маань анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэн. Бас Биллбордын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, "Yuve Yuve Yu" дуу долоодугаар байрт бичигдсэн байна лээ. Тэр оныхоо хавар “Wolf Totem” дууны таталт 1056 хувиар өсөж, нийт 6000 удаа татагдсан гэж сонссон. 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар шалгарч АНУ-ын "Алтан дуун" шагнал хүртсэнд юутай ч миний нэмэр орсон доо гэж бодохоор сайхан л санагддаг юм.
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан бүтээлтэй эгэлхэн найрагч даа. Сайхан ярилцлага байна. 1998 онд Дашдондов багшийн Бурхан ээж дууны шүлгийг жишээлэн авч Дууны яруу найргийн онцлог гэж хичээлийг Булган, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн багш нарт үзүүлж байлаа. Хичээлд минь Эрдэнэтийн 1р сургуулийн 8р ангийн хүүхдүүд оролцоод Танай сургуулийн захирал ийм шүлэг бичээд энэ дуу бүтжээ гэхэд ихэд сонирхон баярлаж байсансан.
Цогтын хадны бичээсийг хусчихсан байна. Цогт тайж кинон дээр бүр сайн гардаг.
Дашдондов, Дашдондог нар хамтран бичсэн гээд байхад л дутуу уншаад хэрүүл гуйчих юм аа
Дашдондов биш дашдондог биздээ!!!! Тэр үг чинь цогтын бичээс дээр бий. Мөнч сайхан хулгайчид юмаа. Сэтгүүлч нэртэй юмны бичиж бгаа .....түй шал дургүй хүрчихлээ