Метрогоо цавчаа оруулчихалгүй барьчихаасай

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 03 сарын 04

“Улаанбаатар 2028 он гэхэд метротой болно” гэсэн шоог Х.Нямбаатар буулгаж, олон улсын нээлттэй тендерийг зарлав. Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах гэж буй нь энэ. Үүнийг  угтан метро хэрэгтэй, хэрэггүй хэмээн талцаж байсан хүмүүс ч нэг талдаа гарчээ. Одоо олонх нь “барьж  л чадвал метро хэрэгтэй байлгүй яах вэ” гэлцэж байна. Дээр нь нэмээд хэлчихэд, сонгон шалгаруулалт шударга болоосой. Цавчаа оруулчихалгүй метрогоо барьчихаасай гэж хүсэх байна.

Ер нь бол нийтийн тээвэрт явуулах хэдхэн автобус оруулж ирэх гэж л манайхан юу болдог билээ дээ.“Цавчаа ногоон”-ны авлигын хэрэг гэхэд л одоо ч нэг мөр шийдэгдээгүй л байна. Автобусаар ашиг хийж сурсан хотын дунд шатны авлигачид метрог нь “мөнгө саах” том үнээ гэж харж байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч энэ удаа Х.Нямбаатарын эхлүүлсэн метроны асуудал төслийн гүйцэтгэл, бүтээн байгуулалт, чанар, аюулгүй байдал гээд цогцоор нь хариуцах компанийг сонгох сонгон шалгаруулалт руугаа ийнхүү орлоо.

Олон улсын тендер зарлахын өмнө төсөл дээр гарч болох зардал, ирээдүйд үүсэж болох хүндрэл юу байх талаар Хотын дарга Монголын урдаа барьдаг стратегчид, инженер, эдийн засагч нарыг цуглуулж зөвлөгөө, зөвлөмж бас авчээ. Энэ хэлэлцүүлэгт М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ “Юуны өмнө метро барихаар шийдсэн юм байна гэдэг мэдээг сонсоод их баярласан. Яагаад баярлаж байна гэхээр олон жил сэтгэл чилээсэн сэдэв. Хүн болгон мэдэж байгаа Улаанбаатар хотын түгжрэл гэдэг бол  иргэн хүний хувьд хэлэхэд, хүн болгоны санааг чилээсэн том асуудал. Энэ түгжрэлийг яаж шийдэх ёстой юм бол гэж хувийн хэвшлийнхэн бид байнга санаа зовж бодож байдаг. Яах ч аргагүй метро баригдаж байж л гол нь шийдэгдэх юм байна. Энэ бол том үнийн дүнтэй, инженерийн том бүтээн байгуулалт учраас гүйцэтгэлийн баталгаа чухал байх ёстой байх. Яагаад гэвэл сонгогдсон компани өөрөө ажлаа дуусгахгүй бол яах вэ гэдэг асуудал гарна. Янз янзын урьдчилан хараагүй зүйл, маргаанаас болоод ажлаа хаяад явчихвал яах юм. Үнэ өртөг нь нэмэгдчихвэл яах юм гэх мэт. Тэгэхээр тендерийг анх сонгон шалгаруулах үеийн гэрээ хэлэлцээрийн явцад ажлаа баталгаатай дуусгах нөхцөл маш чухал. Сайн хуульч ажиллуулж, үүнийгээ гэрээндээ сайн тусгаж өгөх нь зөв байх гэж бодож байна” гэжээ. Мөн тэрбээр анхнаасаа гар татагнахгүйгээр сайн хуульч хөлслөн авч гэрээгээ сайн хийх хэрэгтэйг зөвлөжээ.

Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайхан “EPC дээр өөр юу хэрэгтэй байна, операторинг бас нэмэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааных нь нэг хэсгийг тодорхой хугацаанд EPC хийж байгаа компаниар өөрөөр нь хийлгээд тэр хооронд хүнээ сургаад, инженерээ бэлдвэл илүү зөв болох байх. Цэвэр түлхүүр гардуулах сэтгэлгээгээр ажиллаад байдаг. Гадна, дотны бүх компаниуд тэгж ажилладаг учраас чанарын доройтол гарчих вий, стандартын шаардлага хангахгүй байх вий гэдэгт санаа зовохгүй бол болохгүй”.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Улаанбаатар хотыг яаж түгжрэлээс гаргах вэ гэж байна. Түгжрэлээс яаж гарах вэ гэвэл ерөөсөө метро, өөр шийдсэн юм байхгүй. 1870, 1880-аад оноос Англиас эхэлсэн” гэсэн бол  Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяр “Метро гэдэг асуудал том хотод зайлшгүй байх ёстой тээврийн хэрэгсэл. Түүнээс биш хүн болгон, айл өрх болгон нэг эсвэл хоёр машинтай, тэгээд хотын хөдөлгөөнд оролцоно гэвэл энэ асуудал улам хүндрэхээс өөр ямар ч шийдэл байхгүй”.

“Голомт” банкны ТУЗ-ын дарга  Д.Баясгалан “Нийтийн тээврийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг нь үе дамжин яригдаж ирсэн, үе үеийнхний удирдлагын хувьд “толгойн өвчин” байсан. Тэгэхээр метро бол ерөнхийдөө төмөр зам. Бид төмөр зам барьсан, тэгэхээр метро яг л адилхан төмөр замыг газар доогуур барина гэсэн үг” гэх зэргээр тус тусын  байр суурийг илэрхийлцгээжээ.

Харин метроны өртөг, зардлын тухайд ЖАЙКА-ийн төслийн багийн ахлагч, доктор профессор Нагаяма Кацүхидэ “Метроны төсөл нь өндөр өртөгтэй, маш том хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм, эдийн засгийн үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Эдийн засгийн үр өгөөжөө өгч байж мега төслүүд метро цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Метроны буудлын ойр орчимд тээвэрт суурилсан хөгжил гэдэг утгаар маш том хөрөнгө оруулалтын боломж бий болно. Метроны буудлаа дагасан газрын үнэ нэмэгдэнэ. Мөн тэндээс орж ирэх татварын хэмжээ ч нэмэгдэнэ. Тэр утгаараа бид 10 тэрбум долларыг метроны зөвхөн буудлын хөрөнгө оруулалтаас олох боломжтой гэж тооцсон юм. Түүнээс гадна газар дор 6.6 км байхаар төлөвлөсөн. Тэгэхээр газар доорх метрогоо дагаад газар доорх хот байгуулалт болон хөгжинө гэсэн үг. Энэ нь газар дор олон үйлдвэр үйлчилгээний байгууламжууд орсноор газрын үнэ өсөх боломжтой гэсэн үг” гэсэн байна.

Ер нь бол манай улс өндөр өртөгтэй юм байна. Хүн ам цөөнтэй байж метрогоор яах юм бэ хэмээн хойш тавьсаар энэ хүргэснээс биш метрог дэлхийн том хотууд аль эрт шийдчихсэн. 40 шахам сая хүнтэй Японы Токио, 20-25 сая хүнтэй Осака, Хятадын Бээжин, Шанхай, Энэтхэгийн Мумбай гээд том хотуудын тээврийн гол хэрэгсэл нь метро байдаг. ХБНГУ-д хүмүүс хотын захын том зогсоолд автомашинаа тавиад метрогоор зорчдог.

Манайд метроны тухай уран зөгнөл ярьдаг дарга нар гарч ирж байснаас хийдэг нь байсангүй. Үндсэндээ МАН, АН хоёр ээлжилж, заримдаа хамтарч засгийн эрхийг хэрэгжүүлэхдээ “метро барина” гэдэг үгээр сонгуулийн реклам л хийдэг байсан. Монголчууд ч молиго үмхээд хууртчихдаг, тэрийгээ амархан мартахыг нь ч яана. Тухайлбал, АН-ынхан эрх барьж байх үед буюу 2013 онд Хотын дарга Э.Бат-Үүл ЖАЙКА-тай хамтран Улаанбаатарыг метротой болгох судалгаа хийлгэж байв. Улмаар Японы Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатарыг метротой болгох тухай ярьсан ч ажил хэрэг болгоогүй. Маршрутын хувьд хотын зүүн цэгээс баруун хэсэг хүртэл явуулах төлөвлөгөө гаргаж байв. Тэгвэл МАН засаглаж байх үед буюу Хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр 2017 онд метро явуулна. Ингэхдээ нэгдүгээр шугамыг нь 2017 ондоо багтаан ашиглалтад оруулна гэсэн ч амлалтдаа мөн л хүрч чадаагүй.

Түүний дараа Д.Сумъяабазар 2024 онд баганан тулгуурт галт тэрэг буюу LRT барина гэсэн, тэрийгээ мөн л биелүүлээгүй. Д.Сумъяабазарын “Баганан тулгуурт галт тэрэг”-ийн маршрут, төлөвлөлт, төсөл дээр БНСУ-ын төмөр замын нийгэмлэг, мэргэжилтнүүд ажиллаж, хот дотор богино рейсийн галт тэрэг явуулах боломж, зохицуулалтын судалгааг гаргаж өгсөн байдаг. Маршрутыг Буянт-Ухаа II хорооллоос эхлээд Нисэх-Яармаг,  Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зүүн дөрвөн зам, Сансарын тойрог гээд нийт 50 километрийн урттай байх тооцлол гарган ТЭЗҮ боловсруулсан ч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Үүнд зориулж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүүн талын газрыг 7.5 тэрбум төгрөгөөр улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн шийдвэрийг НИТХ-аар гаргуулсан нь цаасан дээр үлдэв.

Одоо Х.Нямбаатар 2027 он гэхэд метрог бэлэн болгож, 2028 оноос явуулна гэж байна. Ингэхдээ баганан тулгуур ашиглахгүй, газар доогуур метро барина гэсэн. Санхүүжилтийг нь Засгийн газар шийдэж өгөх бөгөөд метроны маршрутыг Амгалангаас Яармагийн дэнж хүртэл байхаар төлөвлөсөн хэмээж буй. Гэхдээ метро зардал ихтэй, эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх тул хэрэгжих эсэх нь эргэлзээтэй гэж үзэх хүн ч цөөнгүй байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, эрчим хүчний сэргэлтийн хүрээнд шийдэгдэнэ гэж хэлэх нэгэн ч байна. Тендертээ цавчаа оруулчихалгүй, амласнаа хэрэгжүүлчихвэл Х.Нямбаатар “метроны автор” болох ойрхон байна даа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sda(66.181.178.250) 2024 оны 03 сарын 06

hzeech barigdku metro law ene namuud bgaa tsagt

0  |  0
Зоригт (66.181.184.113) 2024 оны 03 сарын 05

Ташкентэд 4 С үсэгтэй компанитай тохирохдоо л цавчаа орчихсоон.

0  |  0
Ч(66.181.186.42) 2024 оны 03 сарын 04

Чадахгүй ээ.иднэээ гд бэлдэж бгааздээ..ирэх өвөл бас тог тасална гд бгаа шүү

1  |  0
иргэн(103.57.94.130) 2024 оны 03 сарын 04

Сү,Батболд байгаа цагт монгол улсад хулгай луйвар , цавчаа тасрахгуй

2  |  0
иргэн(103.57.94.130) 2024 оны 03 сарын 04

дээгүүрээ цавчиж цавчиж үлдсэн мөнгө нь дөө тааруулаад хүн суухгуй хачин юм барих нь тодорхой

1  |  0
иргэн(103.57.94.130) 2024 оны 03 сарын 04

дээгүүрээ цавчиж цавчиж үлдсэн мөнгө нь дөө тааруулаад хүн суухгуй хачин юм барих нь тодорхой

2  |  0
иргэн(202.9.46.246) 2024 оны 03 сарын 06

МАН МЕТРОГОО БАРИАД, НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ, 5-Р ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЧИХВАЛ 33 ЖИЛИЙНХ НЬ НҮГЭЛИЙГ ЦАЙРУУЛЖ БОЛОХ ЮМ.....

1  |  2
Зангараа(139.5.218.164) 2024 оны 03 сарын 04

Хэн нэг хүнийг автор болгох гэж метро байгуулдаггүй юмаа ухааны нигуургүй жижиг тархитай сармагчаан.

0  |  0
Top