АЛДАРТНУУД | Донни Йен: Ширүүн төрхтэй учраас надад сөрөг дүр санал болгодог

2024 оны 03 сарын 05

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Жүжигчдийн түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг лхагва гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Жүжигчдийн түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид жүжигчин Донни Йенийг онцоллоо.


Алдарт жүжигчин Донни Йен Жи-дан 1963 оны 7-р сарын 27-ний өдөр Хятадын Гуандун мужийн Гуанжу хотноо мэндэлжээ. 
Түүний ээж тулааны урлаг ба тайчигийн их мастер байсан бол аав нь сонины эрхлэгч байсан гэдэг. Түүнийг хоёр настай байхад гэр бүл нь Хонконг руу нүүж 11 настай байхад нь АНУ руу нүүж Бостон хотноо суурьшжээ. Ээж нь Бостонд тулааны урлагийн багш хийхийн сацуу дуулах урлагийн багш хийдэг байсан бол аав нь хийлчээр ажиллах болжээ. Түүний эцэг, эх нь түүнд бага наснаас нь эхлэн төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсэг хэрхэн тоглохыг зааж өгснөөр урлагийн мэдрэмжтэй нэгэн болж өсөж торнижээ.

Бага насандаа ээжийнхээ нөлөөгөөр тулааны урлагт сонирхолтой болсон тэрээр 16 настайдаа Бээжинг зорьж ушугаар хичээллэж эхэлсэн байна. Түүний дүү Крис Йен мөн тулааны урлагаар хичээллэдэг бөгөөд 2007 онд “Adventures of Johnny Tao: Rock Around the Dragon” кинонд дүр бүтээж байсан нэгэн. 

 


18 настайдаа Йен гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар АНУ-д ирэх үеэрээ Хонгконгд түр саатжээ. Энэ үеэрээ бүжиг дэглээч Юен Ву Пинтэй уулзаж, шалгалт өгснөөр урлагт хөл тавьсан гэдэг. 
1984 онд Йен “Drunken Tai Chi” кинонд анхны дүрээ бүтээсэн. Үүний дараа буюу 1988 онд дэлгэцнээ гарсан “Drunken Tai Chi and Tiger Cage” кинонд дүр бүтээсэн бол 1992 онд “Once Upon a Time in China II” кинонд алдарт жүжигчин Жет Литэй тулалдаж буй дүр бүтээсэн байна. Тэд 2002 онд цацагдсан "HERO" уран сайхны кинонд мөн л тулалдаж буй хэсэгт хамтран тоглосон бөгөөд  уг кино 2003 оны Оскарын шагнал гардуулах ёслолын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацад нэр дэвшиж байжээ. 

 


Тэрбээр 1997 онд “Bullet Films” продакшнаа байгуулж тухайн жилдээ найруулагчаар ажилласан анхны бүтээл болох “Legend of the Wolf” хэмээх киногоо олны хүртээл болгосон бол 1998 онд “Ballistic Kiss” хэмээх киногоо мөн олон нийтэд танилцуулав. Эдгээр бүтээлүүдийнхээ гол дүрд тоглосон Йен 34 насандаа бараг л дампуурлын ирмэг дээр ирээд байлаа.

Түүний бүтээсэн кинонууд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан ч “Box Office”-т төдийлөн амжилт үзүүлж чадахгүй л байв. Тиймээс мөнгө хүүлэгчид болон продакшны багийнхнаасаа мөнгө зээлэхэд хүрсэн гэдэг. 

Үүний дараа Йен АНУ-ыг зорьжээ. Түүнд “Highlander: Endgame”, “Blade II” зэрэг Холливудын кинонуудын тулаант хэсгүүдийг дэглэх санал ирсэн бөгөөд түүний уран чадвар найруулагчдын сэтгэлийг хөдөлгөж, кинонд тоглох санал тавьсан байна. 

 


2002 онд Жет Ли “Hero” киноны зураг авалтад оролцож байхдаа найруулагчдаа Донни Йенийг эсрэг дүрдээ тоглуулах санал тавьжээ. Найруулагч ч үүнийг зөвшөөрч Жет Ли өөрийн биеэр Йенд хамтран тоглох санал тавьж байсан гэдэг. Тэд ийнхүү 10 жилийн дараа дахин хамтран тоглохоор болсон нь энэ ажээ. 

2003 онд Йен “Shanghai Knights” кинонд Жеки Чан, Оуэн Уилсон нарын эсрэг дүрд тогложээ. 
Ийнхүү Холливудэд алдартай болж тулаант кинонуудад дүр бүтээхийн сацуу тулаант хэсгийн найруулагчаар ажиллах болсон тэрээр 2007 онд "Flash Point" кинонд гол дүр бүтээж, киноны продюсер, тулаант хэсгийн найруулагчаар ажиллажээ. Тэрээр энэхүү киногоороо "Golden Horse Film Awards" болон “Хонг Конг филм авардс”-аас “Шилдэг тулаант хэсгийн найруулагч” шагнал хүртсэн байна. 

2008 онд Донни Йен Брюс Лигийн тухай хагас намтарчилсан кино болох “IP MAN” кинонд дүр бүтээсэн. Уг кино нь Йений найруулагч Вилсон Иптэй хамтран ажилласан дөрөв дэх кино болсон бөгөөд “Ip Man” нь Хонг Конгод 25 сая хонконг долларын ашиг олсон бол Хятадад 100 сая юанийн орлого олжээ. Тус кино нь Йены гол дүрд нь тоглосон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 

 


2010 онд “Ip Man 2” үзэгчдийн хүртээл болсон бөгөөд уг киног мөн найруулагч Вилсон Ип найруулжээ. 

2011 онд Донни Йений хувьд өөр төрлийн кинонд ч тоглож чадах нэгэн гэдгээ батлан харуулах жил байв. Тэрээр “All's Well, Ends Well” хэмээх инээдмийн киноны хоёр ангид тоглосон бөгөөд тус кино шүүмжлэл болон бокс оффисын амжилт хоёуланг нь авчирсан юм.

2013 оны хоёрдугаар сард Холливуд дахь Weinstein кино компани “Crouching Tiger, Hidden Dragon- Sword of Destiny” киноны эрхийг авч, найруулагчид нь эрэгтэй гол дүрд тоглох санал Донни Йенд тавихаар Хонконгийг зорьсон болох нь батлагджээ. Ятгахаар очсон найруулагчдад Йен энэ жилийн хуваарь нь шахуу байгаа тухай тайлбарлахын сацуу эхний анги сонгодог гэж хэлж болохуйц болсон учраас дарамт мэдэрч байгаа тухайгаа хэлэн уг саналаас татгалзжээ. Гэсэн ч эцэст нь Йен уг кинонд жүжигчин Мишель Йеогийн хамтаар тоглохоор болсон тухай мэдээллийг тухайн оны тавдугаар сард зохион байгуулагдсан Каннын кино наадмын үеэр олон нийтэд зарлажээ. 2013 онд Донни Йен дөрвөн кино, зургаан сурталчилгаанд тоглож нийт 220 сая хонконг долларын орлого олжээ.

 

  
2014 онд хүүхдүүдээ өсч томрохын хэрээр хамт байх цаг нь хомс болохыг анзаарсан тэрээр уран бүтээлээсээ завсарлага авч гэр бүлдээ цаг зарцуулахаар шийдсэн тухайгаа дурдсан байдаг. 
2015 оны 3-р сарын сүүлээр “Ip Man 3”-ыг бүтээх гэж буй тухай мэдээлэл цацагдсан. Йен энэхүү кинонд мөн л гол дүр бүтээсэн бөгөөд хүнд жингийн аварга асан Майк Тайсон жүжигчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа нь мөн батлагдав. Тус киноны зураг авалт 2015 оны гуравдугаар сард эхэлж 2016 онд нээлтээ хийж үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ. 

2016 онд түүний тоглосон “XXX: Return of Xander Cage" кино үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч үзэгчдийн хамгийн дуртай дүрүүдийн нэг болжээ. Энэхүү киноны дараа Холливудын олон кино компаниуд болон найруулагчдаас санал авсан Йенд Хонконгийн найруулагч Вон Жин Канад руу нисэн ирж “To be Number One” киноны шинэчилсэн хувилбар болох “Chasing the Dragon”-д тоглох санал тавьжээ. Йен уг саналыг хүлээн авч эсрэг дүр бүтээсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч Азийн орнуудад хит болж, Хонконгийн шилдэг 5 киноны нэгээр шалгарсан байна. 

 


2017 онд Донни Йен жүжигчин Жет Ли болон Алибабагийн гүйцэтгэх захирал Жэк Ма нарын хамт Гон Шоу Дао гэх тулааны урлагийн тухай өгүүлэх богино хэмжээний кино бүтээх ажилдаа оржээ. Уг кино тухайн оныхоо 11 сарын 11-ний өдөр буюу Хятадын ганц бие хүмүүсийн баярын өдрөөр цацагдсан бөгөөд дэлхий даяар нийт 100 сая гаруй хүн үзжээ. Тухайн ондоо Йен "Sleeping Dogs" видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн кинонл Вэй Шенийн дүрийг бүтээжээ. 

2018 онд алдарт “IP Man” киноны дөрөвдүгээр ангид дахин гол бүтээжээ. Тухайн жил болсон Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид тус киног бойкотлохыг уриалсан. Гэсэн ч 52 сая ам.долларын төсөвтэйгөөр бүтсэн тус кино даруй 3 дахин их ашиг орлого олжээ. Мөн Малайз улсад ашиг орлогоороо тэргүүлсэн Хятад кино, Хойд Америкт сүүлийн таван жилийн турш ашиг орлогоороо тэргүүлж, бокс оффист бичигдсэн гурав дахь Хятад кино болж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 

2020 оны 3-р сард дэлгэцнээ гарсан Дисней кино компанийн "Мулан" уран сайхны кинонд гол дүр бүтээжээ. Үүний дараа 2023 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн “John Wick: Chapter 4” кинонд дүр бүтээсэн билээ. 

 

 

Тулааны урлагийн мастер Донни Йен "IP MAN" киноныхоо тухай: 

Ерөнхийдөө миний гадаад төрх нухацтай бас шийдэмгий харагддаг. Тийм учраас найруулагчид намайг эсрэг дүр бүтээлгэхийг хүсдэг байх. “IP Man” кинонд тоглосноор миний уран бүтээлийн амьдрал олон шат ахисан гэхэд болно. Энэ уран бүтээлийн дараа намайг илүү олон хүн мэддэг болсон мэт санагддаг. Тулааны урлаг намайг хатуужилтай, бас жинхэнэ эр хүн болгосон гэжээ. 

 


Хятадын алдарт жүжигчин Донни Йен жүжигчнээс гадна найруулагч, продюсер төдийгүй Дэлхийн ушугийн тэмцээний медальт нэгэн. Тэрээр дүр бүтээсэн кино бүрээсээ дунджаар 20 гаруй сая долларын орлого олдог бөгөөд бүтээх дүрээсээ шалтгаалан үнийн дүн нь харилцан адилгүй байдаг ажээ. 2021 оны байдлаар тэрээр Ази тивийн хамгийн өндөр орлготой жүжигчдийн жагсаалтын хоёрт домогт жүжигчин Жеки Чаны араас бичигдэж байв. Түүний одоогийн эхнэр нь өөрөөс нь 18 насаар дүү бөгөөд "Miss Chinese Toronto"-ийн тэргүүн титмийн эзэн ажээ. 

 


Донни Йен “Rush Hour 2”, “Lara Croft Tomb Raider: The Cradle of Life”, “The Forbidden Kingdom”, “The Mummy: Tomb of the Dragon Emperor”, “The Expendables 2”, “The Man with the Iron Fists” зэрэг Холливудын кинонуудад тоглохоос татгалзаж байсан гэдэг. 
Йен өөрийгөө холимог тулааны тамирчин хэмээн тодорхойлдог. Тэрээр холимог тулааныг Зүүн Азийн кино урлагт нэвтрүүлсэн гэдгээрээ алдартай. Хятадын анхны UFC-ийн аварга Жан Вэйли “Йенийн кинонууд намайг холимог тулаанд оруулсан” хэмээжээ. 

 


Түүнд тулааны урлагийн хичээллээгүй төрөл гэж бараг л үгүй. 
“Ip Man 3” киноны зураг авалтын үеэр зураг авалтын багийнхан мэргэжлийн боксчин байсан Майк Тайсон жүжигчин Йенийг гэмтээх вий хэмээн ихэд болгоомжил байсан гэдэг. Зураг авалт эхлэх үед Йен Тайсоны цохилтоос тохойгоороо хамгаалах үедээ санамсаргүй байдлаар хурууг нь хугалжээ. 

Үргэлжийн бэлтгэл сургуулилттай байдаг тэрээр дүрийнхээ төлөө чамгүй хичээл зүтгэл гаргадаг нэгэн. 2007 онд тэрээр 54 кг жинтэй болохын тулд 14 кг жин хасч  “Ip Man” кинонд дүр бүтээжээ. Ийнхүү 14 кг жин хасахын тулд дан хүнсний ногооноос бүрдсэн маш хатуу хоолны дэглэм баримталсан гэдэг. 2010 онд “Legend of the Fist: The Return of Chen Zhen” кинонд тоглохын тулд тэрбээр эргэн булчинлаг биетэй болох шаардлагатай болжээ. Зургаан сарын турш шаргуу бэлтгэл хийн хоолны дэглэм баримталсан Донни Иен 2015 онд “IP MAN 3” кинонд тоглохын тулд дахин жингээ хасах шаардлагатай болсон аж. 


Тэрбээр нийт гадаад болон дотоодын кино наадамд нийт 24 удаа нэр дэвшиж 17-д нь ялалт байгуулжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top