АЛДАРТНУУД | Дэлхий нийтийг төөрөгдүүлсэн найруулагч Стэнли Кубрик

2024 оны 03 сарын 13

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Найруулагчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг мягмар гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Найруулагчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид найруулагч Стэнли Кубрикийг онцоллоо.


Америкийн нэрт кино найруулагч, гэрэл зурагчин Стэнли Кубрик Еврей гаралтай кино найруулагчдын xамгийн том төлөөлөл ба бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэг. Тэрээр 1928 оны 7 сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотноо мэндэлжээ. Түүнийг 12 настай байхад аав нь түүнд шатар тоглохыг заасан нь хожим түүний уран бүтээлүүдэд эерэгээр нөлөөлсөн гэдэг.

Кубрик энэ тухайгаа "Xэрвээ шатар уран бүтээл туурвиxтай ямар нэгэн байдлаар холбож үзвэл энэ нь сэтгэл xөдөлсөн үедээ түргэн шийдвэр гаргаxаас илүүтэйгээр өөр өөр сонголтууд байж болох талаар тунгаахад тусалдаг байx" хэмээсэн байдаг.

 

 

Түүнийг 13 насны төрсөн өдрөөр аав нь "Graflex" камер авч өгсөн нь ирээдүйн замыг нь гэрэлтүүлжээ.

Хөгжимд дуртай хэдий ч сурлагадаа тааруухан байсан тэрээр хожим сургуулийнхаа талаар ярихдаа сургууль түүний сонирхлыг огтхон ч татдаггүй байсан тухай тухайн үеийн ерөнхий боловсролын системийг шүүмжилсэн, зэвүүцсэн өнгө аястайгаар дурдсан байдаг.

Эцэг эх нь түүний боловсролд анхаарах үүднээс Лос-Анжелес дахь хамаатных руугаа 1 жилийн хугацаатайгаар явуулсан ч энэ нь тэдний санаснаар болсонгүй. Ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа зурагчнаар 1 жил ажилласан тэрээр авсан зургуудаа “Look” сэтгүүлд борлуулснаар тус  сэтгүүлийн албан ёсны ажилтан болох эхлэлээ тавьсан гэдэг. Тухайн үед Кубрик дөнгөж 17 настай байлаа. Албан ёсны зурагчин болох хүртлээ тэрээр чөлөөт уран бүтээлч хийхийн сацуу шатар тоглож орлого олдог байсан нь түүнийг хэр сайн шатарчин болохыг илтгэнэ.

 

 

“Look” сэтгүүлд ажиллаж байх үедээ Кубрик ахлах сургуульд байхдаа танилцсан Тоба Мец хэмээх бүсгүйтэй 1948 оны 5-р сард гэрлэжээ.

Түүний уран бүтээлүүд ер бусын зураг авалт, гайхалтай хөгжмийн партиур зэрэг илүү нарийн мэдрэмж бүхий ажиллагаагаараа үйл явдлаа тодотгож өгдгөөрөө алдартай. Дэлгэцийн бүтээлүүд нь дайн хийгээд гэмт хэрэг, дэврүүн хийгээд гунигт хошигнол, аймшиг, туульсын, шинжлэх ухааны уран зөгнөлт гэx мэт кино урлагийн бүхий л төрөл жанрыг агуулсан байдаг. Мөн найруулагч Кубрик нь кадр бүр дээр тулж ажиллаxын сацуу жүжигчидтэйгээ тулж ажиллаx тал дээр мэргэжилтэн байсан гэхэд хилсдэхгүй. Нэг сцений зураг авалтыг хэдэн арав дахин авахыг шаарддаг нь  жүжигчдээ төөрөгдүүлж, бухимдуулдаг тухай хамтран ажиллагсад нь дурсан ярьсан байдаг. Гэсэн ч түүний энэхүү үйлдэл кино урлагт шинэ эхлэлийг тавьсан бөгөөд түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн шилдэг бүтээлүүдийг төрүүлжээ.

 

 

Найруулагч Стэнли Кубрик 1956 онд Холливудын анхны томоохон кино болох “The Killing” киногоо хийсэн. Үүний дараа Кирк Дугластай хамтран дайныг эсэргүүцсэн " Paths of Glory" (1957 он) болон ”Spartacus" (1960 он) зэрэг кинонуудаа үзэгчдийн хүртээл болгож байжээ. Бие даан кино урлагийн тухай судалж эxэлсэн түүний  анxны уран бүтээлүүдийн нэг болох ”Spartacus” Xолливудэд ашиг орлогоороо тэргүүлж, Академийн шагнал гардуулах ёслолын зургаан төрөлд нэр дэвшиж, дөрөвт нь ялалт байгуулжээ.

Кубрик энэхүү бүтээлээ хожим үнэлэхдээ “Уйтгар гуниг ханхалсан бүтээл болсон” хэмээсэн байдаг. Үүнээс xойш Кубрик Иx Британид амьдрал уран бүтээлээ үргэлжлүүлэх болжээ. Англид очсоноосоо хойш хоёр ч удаа эхнэрээ сольсон тэрээр 1958 онд Кристина Харлан хэмээх Герман бүжигчин, жүжигчин, зураач бүсгүйтэй гэрлэж 1999 он хүртэл буюу амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байжээ.

 

 

Тэрээр гэртээ кино бүтээлтэйгээ холбоотой бүхий л зүйлсээ хийдэг байсан бөгөөд түүний гэр ажлын орчин нь байсан гэхэд хилсдэхгүй. Энэ нь түүнийг кино урлагийн сор болсон найруулагчдын нэг болоход чуxал нөлөө үзүүлсэн боловч xөрөнгө санxүүгийн xувьд нь Xолливудийн томоохон студиудтэй хамтран ажиллах боломжийг нь хязгаарлаж байжээ.

Түүний Англид хийсэн анхны уран бүтээлүүд нь Питер Селлерсийн тоглосон кинонууд болох “Lolita” (1962) болон хүйтэн дайны үеийн хар дүрслэл бүхий инээдмийн "Dr.Strangelove" (1964) зэрэг кинонууд байв. Стэнли Кубрикийн хэд хэдэн бүтээл туxайн үедээ салбартаа шинэ салхи сэвэлзүүлсэн. Тухайлбал 1968 оны гарсан “2001: A Space Odyssey” хэмээх кино кино урлагийн түүхэнд байгаагүй шинэ дүрслэлийг бий болгож Академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг визуал дүрслэл” номинацийн эзэн болжээ. Энэхүү киноны тухай алдарт найруулагч Стивен Спилберг тухайн үеийнхний "их тэсрэлт" хэмээн нэрлэсэн бөгөөд тус киног түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг хэмээн үздэг байна.

Түүний 1971 онд дэлгэцнээ гаргасан “A Clockwork Orange” кино багагүй шуугиан дэгдээсэн. Тус кино Оскар, Алтан бөмбөрцөг, Их Британийн кино, телевизийн урлагийн академийн шагнал гардуулах ёслол зэрэг томоохон наадмуудад нэр дэвшиж байжээ.

 

 

Түүний 1980 онд үзэгчдийн хүртээл болгосон “The Shining” хэмээх аймшгийн киног мэдэхгүй хүн бараг л үгүй. Түүний хамгийн сүүлчийн кино болох "Eyes Wide Shut" хэмээх эротик, нууцлаг, сэтгэл зүйн драм төрлийн кино 1999 онд дэлгэцнээ гарсан бөгөөд зураг авалт нь 400 хоногийн турш үргэлжилсэн гэдэг. Уг кино нь хамгийн удаан үргэлжилсэн кино зураг авалт болж Гиннесийн номд бичигдэж байсан бөгөөд кино зураг авалт дуусснаас хэдхэн хоногийн дараа буюу 1999.3.7-ий өдөр зүрхний шигдээсээр Английн Харфендин хотноо 70 насандаа таалал төгсжээ.

Амьдралынхаа туршид Стэнли Кубрик нийт 16 кино найруулан үзэгчдийн хүртээл болгосноос 12-т нь зохиолчоор ажиллажээ.

 

 

Нэрт найруулагч Жеймс Камероноос гайхалтай бүтээлч кино хийхэд таныг яг юу хөтөлсөн бэ хэмээн асуухад тэрээр Би ер нь л хүүхэд байхаасаа хүмүүсийг алмайруулах зүйл хийхийг хүсдэг байсан юм. Тухайн үедээ дэлгэцэд гарсан Рей Харрихаузений кино Стенли Кубрикийн “2001: A Space Odyssey” киног үзээд алмайрч байлаа. Хэд хоног энэ кинонуудыг бодон нойргүй хонодог байсан. Тэд төсөөлж боломгүй зүйлсийг бодит болгон дэлгэцэд гаргаж чадсанаараа, улиг болсон хэвшмэл ойлголтыг эвдэн шинээр сэтгэж чадсан нь магадгүй намайг алмайруулсан байх” хэмээж байжээ.

 

 

IMDb цахим хуудаснаас гаргасан бүх цаг үеийн шилдэг 250 киноны жагсаалт бол кино сонирхогчдын хувьд үнэлж баршгүй их мэдээлэл юм. Энэ жагсаалтыг харахад энэ олон киноны бараг 25 хувийг нь хэдхэн найруулагч авсан болохыг харж болно. Тус жагсаалтад найруулагч Стэнли Кубрикийн долоон кино багтаж байжээ. Тухайлбал,

Dr.Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb – 54-р байр

Paths of Glory - 58

The Shining - 60

A Clockwork Orange - 82

Full Metal Jacket - 90

2001: A Space Odyssey - 91

Barry Lyndon – 231

 

 

Кубрик найруулагчийн хувиар нэг ч удаа "Оскар" авч байгаагүй. Харин түүнд 1968 онд "2001: A Space Odyssey" киноны шилдэг зураг авалтын "Оскар" олгосон ч тэр гомдсон бололтой очоогүй гэдэг.

Америкийн нэрт найруулагч Стэнли Кубрикийн нас барахынхаа өмнөхөн өгсөн нэгэн ярилцлага олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээсэн. Сэтгүүлч Патрик Мюррей ярилцсан бөгөөд Мюррейн хэлснээр ярилцлагаа түүнийг нас барснаас хойш 15 жилийн дараа олон нийтэд дэлгэнэ хэмээн тохиролцжээ.  Ярилцлагынхаа үеэр Стэнли Нэйл Армстронг, Эдвин Олдрин хоёрын саран дээр буусан гэх зургийг Стэнли Кубрик нэгэн студи дотор авсан тухайгаа дурджээ.

Энэ тухайгаа тэрээр “Би Америкийн нийгмийг төөрөлдүүлэх асар том залилан хийсэн хүн дээ би. АНУ-ын Засгийн газар, НАСА-гийн оролцоотойгоор энэ бүхнийг хийсэн. Саран дээр хүн буусан гэдэг нь худлаа, тэр саран дээр явж байгаа хоёр нисэгчийн зураг дүрс ч худлаа, үүнийг хийсэн хүн нь би” хэмээсэн гэдэг.

 

 

Кубрикийн үгэнд итгээгүй сэтгүүлч дахин тодруулахад найруулагч түүнд хатуу итгэлтэйгээр “Тийм ээ, энэ бүгд зохиомол зүйл” гэсэн байна.

Сар луу хүн нисгэх нь тухайн үеийн ерөнхийлөгч Ричард Никсоны  зүүд мөрөөдөл байсан. Тиймдээ ч АНУ-ын засгийн газар болон НАСА Кубрикт их хэмжээний мөнгө төлж энэхүү хуурамч зургийг авхуулсан гэдэг. Ингэж л Америкийн Аполло-11 хөлөг саран дээр бууж, америк хүн саран дээр явж байгаа дүрс бичлэгийг 1969 оны долдугаар сарын 20-нд дэлхий дахин үзэцгээсэн. 

Амьдралынхаа сүүлийн хэдэн жилд найруулагч өөрийгөө америкийн тусгай алба алах гэж байна хэмээн мэдэгдэж байсан.  Харин 1999 онд Стэнли Кубрик нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг албан ёсоор зүрхний шигдээс хэмээн зарласан байдаг ч олон шинжээч энэ хэргийг аллага гэж мэдээлсэн байдаг.

 

 

Найруулагчийн эхнэр Кристиана Кубрик ч мөн нөхрийгөө нас барсны дараа Америки хүн саран дээр хүн буусан гэдэг нь худал. АНУ-ын ололт амжилт, нэр хүнд олохын тулд хийсэн зохиомол зүйл гэдгийг баталж байжээ.

Нэрт найруулагч Стэнли Кубрикийн бүтээл болох “A Clockwork Orange”  уран сайхны киног Ирланд, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахыг хориглож байжээ.  Тэрээр зохиолынхоо санааг Английн зохиолч Энтони Бөржесийн “A Clockwork Orange” (1962) романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд харгис гэмт бүлэглэлийнхний тухай өгүүлэх энэхүү киног 1971 - 2011 онд дээрх орнуудад гаргахыг хориглож байсан түүхтэй.

 

 

Түүний хэлсэн алдартай эшлэлүүдээс

 

“Би 19 нас хүртэлээ ном унших тийм ч дуртай байгаагүй ба сургууль дээрээсээ өөрт хэрэгтэй зүйл нэгийг ч сураагүй”

 

“Агуу гүрэн гангстер шиг аашилдаг бол өчүүхэн улс биеэ худалддаг бүсгүй шиг аягладаг”

 

“Бичигдэж, бодолд орж л байвал энэ кино боломжтой гэсэн үг”

 

“Чи идеалист бол би чамайг тосгоны тэнэг хүн аятай өрөвдөх болно”

 

“Дэлгэц бол ид шид бүтээх хэрэгсэл. Үүгээр дамжуулан урлагийн өөр ямар ч төрөл илэрхийлэх боломжгүй сэтгэл хөдлөлийг дамжуулж, хадгалах чадвартай”

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top