Энэ сарын 14-ний өдөр Бразил улсад 81 настай эмэгтэйн хэвлийгээр хүчтэй өвдөлт өгсний улмаас эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмч нар үзлэгийн явцад түүний хэвлийд 50 орчим жилийн өмнө амьгүй болсон ураг байгааг олж тогтоон яаралтай мэс засал хийсэн байна.
Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр эмэгтэйн хэвлийд хүчтэй өвдөлт мэдрэгдэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд эмч нар томографын шинжилгээ хийхэд хэвлийд нь шохойжсон ураг байгаа нь тод харагджээ. Тус эмэгтэйг эмч нар яаралтай хагалгаанд оруулсан ч харамсалтай нь маргааш нь нас баржээ.
Хагалгаа хийсэн эмнэлгийн эмч нар ургийн жин, байдал зэргээс үндэслэн энэхүү ураг түүний хэвлийд 50 орчим жилийн өмнө амьгүй болсон хэмээн тооцоолжээ.
Тус улсын эрүүл мэндийн яамнаас "Энэхүү тохиолдол маш цөөн тооны эмэгтэйчүүдэд л тохиолддог ховор тохиолдол. Олон арван жилийн турш илрэхгүй байх магадлалтай. Гэнэт хүндрэл өгч болзошгүй байдаг" хэмээн мэдээлсэн байна.
Өмнө нь Мексик улсын иргэн 84 настай эмэгтэйн хэвлийгээс 40 орчим жилийн өмнө амьгүй болсон ураг илрүүлж байсан удаатай. Тухайн эмэгтэйн хэвлийгээр өвдөж эхэлсэн учраас эмнэлэгт хандсанаар хэвлийд нь чулуужсан ураг байгааг олж мэдсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд өөр ямар нэгэн зовуурь өгч байгаагүй талаар мөн дурдсан байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )