Өмнөд Солонгосын зартай гэмт этгээд дахин ХОРИХ ЯЛ сонсов

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 20

 

Өмнөд Солонгосын цуутай гэмт этгээдүүдийн нэг болох Чу Дү Сүн 2008 онд найман настай охиныг олон нийтийн бие засах газар хүчирхийлж, бие сэтгэлд нь нөхөж баршгүй хохирол учруулсан. Тус улсын ард иргэдийн зүгээс түүнийг бүх насаар хорих ялаар шийтгэхийг шаардаж байсан ч шүүхээс гэмт этгээдэд ердөө 12 жилийн ял оногдуулсан билээ. Энэхүү гэмт этгээд өнгөрсөн даваа гарагт дахин шоронд хоригджээ. 

Тэрээр 2023 оны 12 дугаар сард хорио цээрийн дэглэмийг зөрчиж оройн 21:00 цагийн үед гэрийнхээ ойролцоо сэлгүүцэж явсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж гурван сар хорих ял оноожээ. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлын үеэр Чу Дү Сүн эхнэртэйгээ маргалдсаны улмаас тэсэлгүй гэрээсээ гарч ийнхүү гадуур явсан хэмээн мэдэгджээ. Тэрээр шүүгчээс өршөөл үзүүлэхийг гуйж, хуулийн дагуу торгуулах мөнгө байхгүй хэмээсэн байна. 

 

 

Гэмт этгээд 2020 оны 12-р сарын 12-ны өдөр суллагдсан. Олон нийт түүнийг суллахыг эсэргүүцэн багагүй шуугиан дэгдээсэн бөгөөд цагдаагийн байгууллага түүний хөлийн шагайд цахим гав зүүж, 2027 он хүртэл гэрийн хорионд байлгах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Суллагдсан даруйдаа Ансан дахь эхнэрийнхээ гэрт ирж амьдарсан Чу ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас цагдаа нар нэмэлтээр ойр хавьд нь хяналтын камер суулгаж, хараа хяналтдаа байлгаж байжээ.

Тэрээр оршин суугаа газраасаа зөвшөөрөлгүй гарсан бөгөөд түүнийг ойролцоогоор 40 орчим минутын дараа орон нутгийн цагдаагийн газрын урдаас олжээ. 

 

 

Энэ хугацаанд 34 гаруй хяналтын камерт өртсөн тэрээр “Онцгой гэмт хэрэг үйлдэгчдийг цахимаар хянах тухай хууль”-ийг зөрчсөн хэрэгт буруутгагдан ийнхүү дахин хорих ялаар шийтгүүлсэн байна. 

Энэхүү хэрэг олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. Учир нь гэмт этгээдийн гэрийн гадаа ажилладаг байсан хамгаалалтын ажилтнууд шөнийн цагаар эргүүл хийхээ больсон бөгөөд гэмт этгээд хууль зөрчин гэрээсээ гарч, 40 минутын турш алга болсон нь байж болшгүй хэрэг хэмээн ард иргэд үзэж байгаа аж. 

Тус хэргээс сэдэвлэн бүтээсэн "Hope" хэмээх кино 2013 онд үзэгчдийн хүртээл болсон билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top