Маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр. Дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах юм.
Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн усны өдөр болгон зарлажээ.
Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай, энэ салбарт тулгамдсан асуудлын талаар тодорхой сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулдаг. Өнөөдөр Усны газраас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан 2024 оны “Усны нөөцийн менежмент-талуудын оролцоо” форумыг зохион байгуулж байна. Энэхүү форумыг нээж Усны нөөцийн газрын дарга З.Батбаяр хэлэхдээ “Усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн зарчим бол “Дэлхийн хэмжээнд сэтгэж, нутгийнхаа хэмжээнд үйлдье” гэсэн үг байдаг. Өнөөдрийн форумын гол үр дүн нь энэ салбарынхан бүгд шийдвэр гаргалтад бодитоор оролцож, бүх талын байр суурийг хэлэлцэн маргаашнаас эхлээд бидний хэлдэг тоо нэг байгаасай, бодлого нэг байгаасай гэж хүсэж байна” гэлээ.
Дэлхийн усны өдөрт зориулсан арга хэмжээ гурван өдөр болох бөгөөд маргааш УИХ-ын хуралдаан дээр усны асуудлыг хөндөж, усны газраас гаргасан уриалгыг дэмжин гишүүд цэнхэр туузыг зүүгээсэй гэж хүсэж буйгаа Усны нөөцийн газрын дарга З.Батбаяр хэлсэн юм. Уг цэнхэр тууз нь жижигхэн зүйл боловч Монгол Улсаас эхтэй “Гол усаа хамгаалъя” хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлэхэд нэмэр болно, бид ийм зорилготой ажиллаж байна гэдгээ тэрбээр хэлж байв. Өнөөдрийн форумаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэлэлцье гэв.
Сэтгэгдэл ( 0 )