“Дусал бүрийг хуримтлуулъя” аян эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Боловсролын ерөнхий газар, Ургана брэндтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагад “Усны баатар клуб”-ийг ажиллуулж, суралцагч нарт шүд амны хөндийн орчныг зөв зохистой арчлах мэдлэг, ойлголтыг олгож, улмаар зөв арчилгаа, дадал хэвшлээр усны зохистой хэрэглээг бий болгох зорилготой “Дусал бүрийг хуримтлуулъя” аяныг 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай зарлаж байна.

Тус үйл ажиллагаа нь 2 үе шаттай явагдах бөгөөд 1-р шатны аянд нийслэлийн төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэгүүд хамрагдана.

Тус аяны хүрээнд:

-Цэцэрлэгийн багш, ажилтан, суралцагчдад шүд амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх болон усаа хэмнэх талаар мэдлэг ойлголт өгөх сургалт зохион байгуулна.

-Цэцэрлэг бүр “Усны баатар клуб”-ийг ажиллуулж эхэлнэ.

-Аяны эхний 10 хоногт дадал хэвшил бий болгох сургалт, мэдээллийг тогтмол зааварчилгаатай өгнө.

-Дараагийн 10 хоногт дадал хэвшилтэй болж байгаа эсэхэд хяналт тавьж суралцагчид, багш, ажилтан, эцэг эхчүүдээс өгөгдсөн загварын дагуу судалгаа авна.

-Усны суурь заалт болон усаа хэмнэсэн заалтыг баталгаажуулна.

Энэхүү үйл ажиллагааны дагуу хүүхдийн цэцэрлэгээс ирсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалт, “Усны баатар клуб”-ийн үйл ажиллагаагаар дамжуулан зохион байгуулагдсан ажлын тайлан, эрүүл зөв дадал бий болгосон эсэх талаар судалгаа, усны суурь заалтыг усаа хэмнэсэн заалттай харьцуулалт зургийг үндэслэн БЕГ, Юргана Индастри ХХК хамтран шилдэг 10 хүүхдийн цэцэрлэгийг шалгаруулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top