Палестин НҮБ-д элслэх өргөдлөө дахин өргөн барив

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх тухай хүсэлт хүлээн авчээ. Хүсэлтийг Мальт улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Ванесса Фрезер өргөн барьсан байна. Тус улс энэ дөрөвдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байна.

Палестины байнгын ажиглагч Рияд Мансурагийн гарын үсэг бүхий хүсэлтэд НҮБ-д элсэх Палестины өргөдлийг дахин авч хэлэлцэхийг хүсжээ. Мөн Арабын орнуудын бүлэг, Исламын хамтын ажиллагааны байгууллага болон эгнээндээ 120 улсыг нэгтгэдэг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогоор дэлхийн 140 улс Палестиныг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөөд байна.

Палестин НҮБ-д элсэх өргөдлөө анх 2011 онд өргөн барьж байсан ч хожим нь Палестины тал НҮБ-ын байнгын ажиглагч орны статусыг түр хадгалахаар шийджээ. Палестины тал эргэлзсэн байр суурьтай орнуудад Палестин нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн байх эрхтэй гэдэгт итгэх цаг хугацаа олгосон байна.

НҮБ-д элсүүлэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвлөсний үндсэн дээр Ерөнхий ассамблей шийдвэр гаргадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top