Санал авах байранд шуугиан тарьсан 70 гаруй насны эрийг БАРИВЧИЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

 

БНСУ-ын УИХ-ын сонгууль өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ий өдөр зохион байгуулагдаж байна. Тус улсын Инчон хотын Бүпён дахь сонгуулийн санал хураах байранд 70 гаруй насны эр үймээн самуун дэгдээсэн хэргээр саатуулагджээ.

Тэрээр өнөөдөр өглөөний 10:13 цагийн орчимд санал өгөх үедээ "Саналын хайрцгийн битүүмжилсэн хэсэг хөдөлсөн байна. Саналын хайрцгийг сольсон байх магадлалтай" хэмээн үймээн дэгдээж эхэлжээ. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр цагдаа нар тухайн этгээдийг газар дээр нь баривчлан саатуулжээ. 

Тус улсын сонгуулийн тухай хуульд сонгуулийн санал авах байр болон санал тоолох явцад саад учруулсан этгээдийг 1-10 жилээр хорих, эсвэл 5-30 сая воноор торгоно хэмээн заасан байдаг аж. 

БНСУ-ын УИХ-ын 22 дахь удаагийн сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар 59.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн сонгуулиас 2.8 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Иргэд сонгуулиа идэвхтэй өгч, ирээдүйд илүү сайн сайхан Солонгос улсыг бүтээхийн төлөө ийнхүү саналаа идэвхтэй өгч байгаагаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top