Аппликейшнээр танилцсан 4 хүн амиа алдсан байдалтай олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 11

 

Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Пажу дахь нэгэн зочид буудалд 4 хүн нас барсан хэрэг гарчээ. 

Задлан шинжилгээгээр эмэгтэйчүүд амьсгалын дутагдалд орон нас барсан болох нь тогтоогдсон бол хоёр эрэгтэй нь цонхоор үсэрч амиа алджээ. Цагдаа нар эдгээр хүмүүсийн харилцааны нарийн байдлыг батлаагүй байгаа ч тэд аппликейшнээр  дамжуулан танилцсан байж болзошгүй талаар дурдсан байна. 

Уг хэрэг энэ сарын 10-ны өдөр гарсан. Цагдаагийн байгууллагад Пажу дахь нэгэн зочид буудлын барилгаас 20 гаруй насны хоёр эрэгтэй унасан гэх дуудлага мэдээлэл иржээ. Албаныхан хэргийн газар очин, тэдний байрлаж байсан өрөөг шалгахад нас барсан хоёр эмэгтэйн цогцос олджээ. 

Амиа алдсан хоёр эмэгтэйн нэгийг ар гэрийнхэн нь сураггүй болсон хэмээн цагдаад тэмдэглүүлээд байсан гэнэ. Зочид буудалд эхлээд хоёр эрэгтэй, дараа нь хоёр эмэгтэй тус тусдаа орж ирсэн нь камерт бичигдэн үлджээ. Амиа алдсан бүсгүйчүүдийн гар болон хүзүүг нь боосон байсан ба анхан шатны шалгалтаар бэлгийн хүчирхийлэл болон хар тамхитай холбоотой ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй байна. 

Нас барсан хоёр эрэгтэй найзууд байсан бол эмэгтэйчүүд мөн найзууд байжээ. Цагдаа нар эрчүүдийг гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөсөн эсэхийг тогтоохоор гар утсанд нь шинжилгээ хийж байгаа бол эмэгтэйчүүдийн гар утас олдоогүй хэвээр байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top