Энэ удаагийнхаа “Өглөөний зочин”-оор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг урьж, бүсчилсэн хөгжлийн талаар ярилцлаа.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч, ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Таныг хувь улстөрч биш Засгийн газрын гишүүн гэдгээр нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар ярилцахаар урьсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх тухай асуудал сүүлийн үеийн гол сэдвүүдийн нэг болоод байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ утгаараа “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэх хүрээнд 2024 оны эхээр “Монголын эдийн засгийн форум-2024 Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн”-ийг өргөн хүрээнд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, зургаан удаагийн урьдчилсан, хоёр удаагийн салбар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Ингэхдээ улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн төлөөллийн оролцоог хангаж, тэдний санал бодлыг сонсох, хамтын хэлэлцүүлэг өрнүүлэх замаар явуулж, төгсгөлд нь бүсийн салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж, нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулсан. Улмаар бүсүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон нь үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байна. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар батлуулахаар ажиллаж байна. Товчхондоо хот суурин хийгээд хөдөө нутгийн хэт ялгаатай байдлыг засах, ард иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, улсын хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж, цаашдын чиглэлүүдээ гаргасан жил болж байна.
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ШИНЭ ОЙЛГОЛТ БИШ
-Ер нь, бид “Бүсчилсэн хөгжил” гэдгийг юу гэж ойлгох вэ. Манай улсын хувьд энэ асуудлыг анх хэзээнээс хөндөн авч үзсэн байдаг вэ?
-Аливаа улсын хөгжлийн үндсэн нэг чиглэл нь иргэдийн ахуй амьдралын таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх байдаг. Иймд эдийн засгийн оновчтой зохион байгуулалттайгаар улс орноо бүсчлэн хөгжүүлэх нь шийдвэрлэх гол арга, хэрэгсэл байсаар ирсэн. Энэ ч утгаараа “Бүсчлэн хөгжүүлнэ” гэдэг нь орон нутгийн эрх ашгаас илүүтэйгээр үндэсний эрх ашгийг дээгүүр тавьж, нутаг дэвсгэрийн сайтар төлөвлөлт хийх замаар улсаа хөгжүүлэх бодлого байх юм гэж үзсэн. Энэ хүрээнд аймаг, сумдын нөөц, чадавхыг оновчтой ашиглах, бүсүүдийн төрөлжих ба хорших байдлыг харгалзан тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулах, байгалийн баялгийг шударга хуваарилах, хүн амын шилжилт хөдөлгөөний эерэг, сөрөг үр дагаврыг зөв тооцон хэрэгжүүлэх нь нэн чухал. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн байршил, эдийн засгийн хөгжилд ямар эерэг нөлөөтэй болохыг нарийн тооцож, түүнд үндэслэсэн эдийн засгийг хөгжүүлэх бодлогоо зөв тодорхойлон хэрэгжүүлэх тухай ойлголт юм. Манай улсын хувьд бүсчилсэн хөгжлийн бодлого нь шинэ ойлголт биш ээ.
-Тийм гэж үү?
-Монгол Улс нутаг дэвсгэрийн хуваарилалтыг эрт дээр үеэс хийж ирсэн. Тухайлбал, цэрэг-улс төр, засаг захиргааны шинж чанартай буюу Баруун гар, Зүүн гар, Төв гэсэн хуваарилалтаас Түшээт хан, Засагт хан, Сэцэн хан, Сайн ноён хан аймаг зэрэг Манжийн үеийн ван, ноёдуудын засаглалд тулгуурласан. Хожмоо Богд Хан Уул, Хан Хэнтий уул, Цэцэрлэг Мандал уул, Хан Тайшир уул, Чандмань Уулын зэрэг Богд хаант улсын үеийн байгаль бэлчээр, нүүдлийн аж ахуйг харгалзсан хуваарилалтыг хийж ирсэн түүхтэйг бид сайн мэддэг.
Харин бүсчилсэн хөгжлийн асуудлыг анх 1934 онд хөндөж байсан. Тодруулбал 1960 оноос бүсчилсэн хөгжлийн судалгааг эхлүүлж, УИХ-ын тогтоолоор 1996 онд “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал”, 2001 онд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, 2005 онд Засгийн газрын тогтоолоор “Бүсүүдийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, олон ажлыг зохион байгуулж ирсэн байдаг.
-Та Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо 2001 онд баталсан тухай дурдлаа. Тэгвэл энэхүү үзэл баримтлалын гол онцлог юу байв. Өнөөг хүртэлх хугацаанд хэрэгжилтийн явцад үр дүн гараагүй шалтгааныг юу гэж харж болох вэ?
-2001 онд батлагдсан үзэл баримтлалын онцлог нь Монгол Улсад эдийн засгийн бүсчлэл тогтоож, түүгээр дамжуулан бүс нутаг, хот хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон харьцангуй бие даасан тогтолцоонд суурилсан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн цогцолборуудыг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлэн баруун, хангайн, төв, зүүн гэсэн дөрвөн бүс болгож, Улаанбаатар хотыг бие даасан бүсийн жишгээр хөгжүүлэхээр тодорхойлж өгсөн байдаг.
Тус үзэл баримтлал нь эдийн засгийн коридор, эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгоход тухайн цаг үедээ өөрийн үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэж, аймгуудыг хатуу хучилттай замаар холбосон дэд бүтцийн томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд бүсчилсэн хөгжилд дорвитой анхаарал хандуулалгүй явж ирсний нөлөөгөөр хөдөөд хөгжил саарч, хотод хэт төвлөрлөөс үүдсэн олон бэрхшээл бий болсон.
-Тухайлбал?
-Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч амьжиргаа дагасан иргэдийн нүүдлийн улмаас Улаанбаатар хотод хүн амын 50 орчим хувь, нийт худалдаа, үйлчилгээний 84 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын 76 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувь нь төвлөрч, агаарын бохирдол, авто замын түгжрэл, орлогын тэгш бус байдал бий болоод байгааг бүгд харж байна. Энэ байдал нь хот, хөдөөгийн тэнцвэрт бус байдлыг үүсгээд байгаа юм.
Нөгөөтэйгүүр, өмнөх бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго бүрэн биелээгүйн нэг шалтгаан нь сонгуулийн тогтолцоо, татварын бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын бодлогод гарсан алдаа эндэгдлүүдтэй холбоотойг судлаачид тодорхойлсон. Өнөөдөр тэдгээрийг өөрчлөн засах алхмууд хийгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийг шинэчилсэн. Томсгосон тойргоор явуулах болсон нь улс орноо бүсчлэн хөгжүүлэх бодлогоо харилцан уялдаатай хэрэгжүүлэх бололцоо нээгдэнэ гэж үзэж болохоор байна.
Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөр улс орны хөгжлийг зөвхөн нэг аймаг, хэдхэн сумын түвшинд харж, хөрөнгө оруулалт, төсвийг үр ашиг багатай жижиг зүйлд зарцуулдаг байдлыг халж, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан 21 аймгийг сонгуулийн долоон тойрогт хуваарилсан.
Монгол Улс бүсчлэн хөгжих чиг хандлагаа тодорхойлохдоо аймгуудын хүн ам, газар нутгийн онцлог, давуу тал, нөөц, зах зээлийн орчин, дэд бүтцийн нөхцөл, байгалийн баялгийн олборлолт, үйлдвэрлэл зэрэг маш олон талын хүчин зүйлийг харгалзаж, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинээр боловсруулах, макро бүсийг шинээр тогтоох хэрэгцээ, шаардлага үүссэн юм. Тиймээс Засгийн газраас Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх загварыг гаргаж, өнгөрсөн он жилүүдийнхээ алдаа оноог дүгнэн, бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэ өнцгөөр харах, цаашид шинэ зорилтуудыг хэрэгжүүлж эхлэх цаг үе ирсэн байна.
МОНГОЛ УЛСЫГ ЗУРГААН БҮСЭД ХУВААХ НЬ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨНДӨР АШИГТАЙ
-Шинэчлэн боловсруулж батлуулахаар бэлтгэж байгаа “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын гол үзэл санаа, шинээр тодорхойлсон зургаан бүсийн нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах үндсэн арга зам нь Монгол Улсад эдийн засгийн бүсчлэл тогтоож, түүгээр дамжуулан бүс нутаг, хот хөдөөгийн хөгжлийн бие даасан тогтолцоонд суурилсан бүс нутгийн эдийн засаг, нийгмийн цогцолборуудыг бүрдүүлэх асуудал юм. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай, бүсүүдийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлогыг тодорхойлох, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахад “Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил-2024” зөвлөгөөнөөс гарсан санал, дүгнэлтийг тусгахаар шийдвэрлэсэн. 2001 оны “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-аар өмнө дурдсан “Баруун, Хангайн, Төв, Зүүн, Улаанбаатар” гэсэн босоо бүсчлэлийн бодлогыг авч үзэж байсан бол энэ удаад бүсүүдээ хэвтээ болон босоо тэнхлэгээр холбон говь, хангай, баруун, зүүн, төв, хойд гэсэн зургаан бүсэд хуваан хөгжүүлэхээр төлөвлөж, улмаар дээрх бүсүүдийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон.
Судалгаагаар Монгол Улсыг зургаан бүсэд хуваах нь орон зай, эдийн засаг, нийгмийн өндөр ашигтай байх үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, Баруун бүсэд эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх, Хойд бүсэд шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, Зүүн бүсэд боомтын хөгжил тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хангайн бүсэд төрөлжсөн аялал жуулчлал (Археологи, амралт, рашаан сувилал, шашин гэх мэт)-ыг хөгжүүлэх, Говийн бүсэд уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Төвийн бүсэд эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойлоод байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь нөхцөл бий болно. Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ. Ингэж нутаг дэвсгэрийг бүсчлэн ангилж, сул хөгжилтэй бүс хийгээд хөгжлийн ирээдүй сайтай бүс нутаг, хот суурин тус бүрд ялгавартай бодлого явуулах нь хөгжлийн тэнцвэр алдагдахаас сэргийлэх хамгийн зөв шийдэл гэж харж байна. Түүнчлэн тухайн бүс дотроо аймаг, сум бүрийн голлон эрхлэх аж ахуйн чиглэлийг оновчтой тогтоон, өөр хоорондоо хоршин хөгжих бизнесийн орчныг бүрдүүлэх, дотоод, гадаад зах зээлтэй зохистой холбоо тогтоох ухаалаг зохицуулалт хийх хэрэгтэй.
-Бидэнд өмнөх үзэл баримтлалаас бий болсон томоохон сургамж бий. Тиймээс энэ удаагийн шинэчлэн батлуулах “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын тогтвортой байдлыг хангахад юунд анхаарах, урт хугацаанд хэрэгжүүлэхэд ямар хүчин зүйлс чухал гэж үзэж байна вэ?
-Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх талаарх бодлого, хууль тогтоомж багагүй гарсан ч дээр дурдсанчлан бодитоор хэрэгжихгүй өнөөдрийг хүрлээ. Тиймээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Нэгдүгээрт орон нутгийн бус үндэсний эрх ашгийг эрхэмлэх, хоёрдугаарт нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлт, хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Гуравдугаарт, бүс нутаг бүрийн нөөц, чадавхыг нийтлэг эрх ашгийн төлөө оновчтой ашиглах, дөрөвдүгээрт, бүсүүдийн дагналт, төрөлжилт, хоршилтыг харгалзан тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, хамтын ажиллагааны механизмыг үр дүнтэй ашиглах юм. Харин тавдугаарт, байгалийн баялгийг шударга хуваарилах, зургаадугаарт, хүн амын шилжилт хөдөлгөөний эерэг, сөрөг үр дагаварыг зөв тооцох зэрэг асуудлыг тодорхойлох нь нэн чухал.
Мөн үзэл баримтлалын тогтвортой байдлыг хангахдаа хөрш улсуудын болон бүс нутгийн онцлогтой эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашигтай байх асуудлыг давхар авч үзэх шаардлагатай. Харин үзэл баримтлалыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд юуны өмнө эрх зүйн таатай орчныг бий болгох, бүсийн харьцангуй бие даасан тогтолцоог бүрдүүлж, түүнд төрийн тогтвортой бодлого, залгамж чанарыг хадгалж, нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх шаардлагатай. Түүнчлэн бас нэг чухал хүчин зүйл нь санхүүжилт буюу бүсчилсэн хөгжлийн бодлогыг урт хугацааны төсөв хөрөнгийн оновчтой бодлогоор дэмжин хэрэгжүүлэх нь чухал үр нөлөөтэй гэж харж байна.
ХАНГАЙН БҮС БОЛ МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ БЭЛТГЭХ ИХЭЭХЭН НӨӨЦ, БОЛОЛЦООТОЙ
-Шинээр төлөвлөж буй зургаан бүсийн нэг нь “Хангайн бүс”. Тус бүсийн гол онцлог болон эдийн засгийн тэргүүлэх ямар чиглэлүүдийг тодорхойлоод байна вэ?
-Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг хамаарч байгаа. Энэ бүсэд хөдөө аж ахуйн нөөцөөр төрөлжин хөгжих, мал аж ахуйг хөгжүүлэх, архелоги-түүх дурсгал, био анагаахын гэх зэргээр төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн тохиромжтой байдал нь бусад бүсүүдээс ялгагдах гол онцлог юм. Тодруулбал, Хангайн бүсийн нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг дурдахыг хүсэж байна. Уг бүсэд 2023 оны байдлаар 301.9 мянга орчим буюу улсын нийт хүн амын ес орчим хувь нь оршин сууж байна. Эдгээр иргэний 40 орчим хувийг 10-44 насны залуус бүрдүүлж байгаа нь ажиллах хүчний хувьд маш том давуу тал гэж үзэж болно.
Эдийн засгийн хувьд бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг аймгаар нь авч үзвэл 39.1 хувийг Архангай, 36.4 хувийг Өвөрхангай, 24.5 хувийг Баянхонгор аймаг бүрдүүлж байна. Харин мал аж ахуйн хувьд 189.2 мянган өрх мал маллаж байгаа бөгөөд мах, сүү, ноос, ноолуурын болон арьс, ширний үйлдвэрлэл эрхэлж байна. Гэсэн ч мах, сүүнээс бусад хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил сул байдаг юм байна. Мөн тус бүсэд нийт 126 цэцэрлэг, 87 ерөнхий сургууль байдаг. Цэцэрлэгийн үндсэн багшид ногдох хүүхдийн тоо 31, сургуулийн багшид ногдох хүүхдийн тоо 19 байгаа бол, нэг эмчид ногдох хүүхдийн тоо 424 байгааг ч цаашид анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн Хангайн бүсийн хувьд малын тоо, толгой ихтэй. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх ихээхэн нөөц бололцоотой. Орхоны хөндийн нутаг дэвсгэр нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадавх, нөөцтэй бүс болох боломжтой. Судлагдсан байгалийн эрдэс, түүхий эдийн нөөц болон Археологийн олдворууд ихтэй. Экологийн хувьд байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын, рашаан сувилалын газруудтай. Биотехнологийн үйлдвэрлэл явуулах бааз суурьтай. Орхон-Онги төслийг хэрэгжүүлж, Орхон голоос Онги голын урсацыг тэтгэх замаар усалгаатай газар тариалан, малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх боломжтой зэрэг давуу талууд байна.
Мөн бүсийн хэмжээнд дэд бүтцийн, гадаад дотоод худалдааны урсгал, тээвэр логистик боомтын, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн хөгжил сул, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ харилцан адилгүй хөгжсөн, туршлагатай ажиллах хүчний нөөц, газар тариалангийн үйлдвэрлэл, ажлын байрны хүрэлцээ бага, дунд сургуулиудын материаллаг бааз суурь бүрэн бэхжээгүй, эрүүл мэндийн салбарын санхүүгийн нөөцийн хомсдолтой, аялал, жуулчлалын нэгдсэн менежмэнтгүй зэрэг сул тал ч байна.
Хангайн бүсэд "Шинэ Хархорум" хотыг байгуулж, хөгжүүлэх боломжтой
Эдгээр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд суурилж бүсийн давуу талуудыг сайжруулах, сул талуудыг засах замаар цаашид Хангайн бүсэд нь “Шинэ Хархорум" хотыг байгуулан хөгжүүлэх, нүүдэлчдийн соёл иргэншил, түүхэн дурсгалуудыг хадгалсан, нийгмийн хөгжил, аялал жуулчлал, хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийн оновчтой хослол бүхий хүн амын суурьшлын зохистой тогтолцоо, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангасан бүс нутаг болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг харуулж байгаа юм.
Иймд “Монгол Улсын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжил-2024“ зөвөлгөөний урьдчилсан хэлэлцүүлэг, салбар хуралдаануудаас гарсан санал, дүгнэлтүүдэд үндэслэн “Хангайн бүс”-ийг нэгдүгээрт, экосистемийн тэнцвэрийг хангасан ХАА (мал аж ахуй)-г хөгжүүлэх, хоёрдугаарт хүнс, хөнгөн үйлдвэрлэл (ХАА-н нөөцөөр төрөлжиж хөгжих)-ийг хөгжүүлэх, гуравдугаарт нүүдлийн соёл, түүх, шашин, байгаль, био-анагаах (амралт, сувилал) чиглэлийн аялал жуулчлалыг бүрдүүлэх, дөрөвдүгээрт, соёл, урлаг, шинжлэх ухаан, оюуны чадавхад суурилсан ухаалаг шинэ Хархорум хотыг (инновацын төв) байгуулж, тойрон хөгжих гэсэн эдийн засгийн дөрвөн тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй гэж урьдчилсан байдлаар тодорхойлсон.
Дээрх тэргүүлэх чиглэлүүдийг ханган хэрэгжүүлснээр ойрын ирээдүйд энэхүү бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжил шинэ шатанд гарч, улс орны голлох бүс нутаг болох боломжтой гэж харж байна.
-Та ярилцлагынхаа эхэнд Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн асуудлыг шинээр авч үзэх болсон нэг шалтгааныг "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хөгжлийн тэнцвэрийг хангах тухай асуудал гэж хэлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ хүрээнд бүсчилсэн хөгжилтэй холбоотойгоор ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв?
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас нэлээдгүй ажил, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, бүсчлэн хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар 2023 онд “Шинэ сэргэлтийн 5 цагариг” хөтөлбөрийг баталж, 2024 оны төсөвт санхүүжилтийн хөрөнгийг тусгуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд аймаг, орон нутгийн хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийг цогцоор нь шийдвэрлэх юм. Тухайлбал, авто замын сүлжээний шинэ үеийг эхлүүлж, аймаг хооронд, хилийн боомт, аялал жуулчлалын гол чиглэлүүдийг холбох, аймгуудын дулаан хангамжийг бүрэн шийдвэрлэх болон томоохон суурин газруудын цахилгааны эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үндсэндээ энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүх аймгийг хатуу хучилттай замаар холбохоос гадна урд, хойд хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болох нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих, хөдөөд хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан “100 жил-10 зорилт”-ын хүрээнд Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Цагаан алт” хөтөлбөрийг эхлүүлэх, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100”, “Хөвсгөл нуурыг хамгаалах” зэрэг хөтөлбөрүүд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүд, Засгийн газраас Мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх “Эрүүл мэнд”, “Малчдын хөгжлийн төв”-ийг бий болгох, “Малчдад мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр”, “Малчдын хүүхдүүдэд зориулсан дотуур байр”, “Ногоон тэжээл 100 сум 100 га”, “Мал аж ахуйн кластер”, Зудад орлогын эх үүсвэрээ алдаж буй малчдыг ядууралд орохоос сэргийлэх “Малжуулах хөтөлбөр” зэргийг хэрэгжүүлж, үр дүнгээ өгч байна.
Мөн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж, ТАВАН ИХ НАЯДЫН “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар эхлүүлээд байна. Тус хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурийг тавихыг зорьж байна. Малчид хоршоолсноор мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, бэлчээрт худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь барих, ажиллуулах, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах зэрэг чиглэлд хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдэх юм.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үр ашигтай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх хэрэгтэй
-Бүсийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийн боломжийг хэрхэн харж байгаа вэ. Аль салбарт түлхүү анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Мэдээж бүс болгоны онцлогт тохирсон татварын болоод зээл, хөрөнгө оруулалтын оновчтой бодлогыг хэрэгжүүлэхээс гадна бүсүүдийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн санхүүгийн эх үүсвэрийн боломжийг нэмэгдүүлэхэд уул уурхай, байгалийн баялгийн хуваарилалтыг зөв төлөвлөж, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой болгох нь богино хугацаанд бүсийн эдийн засгийн бие даасан байдал хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээл тусламж, төсөл, хөтөлбөрүүдийг зөвхөн үр ашигтай тэргүүлэх чиглэлийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах нь гол анхаарах зүйл юм. Ингэснээр бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжил шинэ шатанд гарч, улс орны эдийн засгийг дэмжих голлох хүчин зүйл болох давуу талыг бүрдүүлэх болно. Түүнчлэн хоёр хөрштэйгөө эдийн засгийн коридор байгуулах, зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хөгжлийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлэх нь чухал юм. Жишээлбэл, Хангайн бүсийн тухайд БНХАУ-тай хиллэдэг Баянхонгор аймгийн “Нарансэвстэй” боомтыг нээж, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх замаар бүсийн эдийн засгийн эргэлт, чадавхыг нэмэгдүүлэх боломжтой байгаа. Ийнхүү бүсийн хөгжлийг хангах төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлснээр ойрын ирээдүйн болон алсад улс орны эдийн засгийг дэмжих бүсүүд бий болж, үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Танаас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр гарах үр дүн, ач холбогдлын талаар асуулгүй өнгөрч болохгүй байх?
-Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэчилсэн үзэл баримтлалыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр тойрогт шүтсэн төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг цэгцэлж, улсын хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдол бүхий зорилтуудад төвлөрч, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжих боломж, нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг оновчтой тодорхойлж, түүндээ тулгуурласан хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хотод чиглэсэн шилжилт хөдөлгөөн багасаж, агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрөл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэх чухал ач холбогдолтой болно. Эцэст нь хэлэхэд тогтолцооны реформыг хийж “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлснээр хөдөөгөөс хот руу биш, хотоос хөдөөг зорьсон их нүүдэл эхэлнэ гэдэгт итгэл төгс байна.
Сэтгэгдэл ( 7 )
Ийм амьтад сонгогдвол хэцүү дээр БХ салбарыг зогсонги болгож байна дандаа өөрийн хүмүүсээ цуглууллаа цус ойртолт бий болно
Хүнийг хэрэгтэй үедээ ашиглачихаад хэрэггүй болсон үедээ таг марттдаг хүн муутай хүн байжээ. Ойр дотно явсан хүнээ ингэж байгаа хүн улс орныг яах л бол
Огт сонгож болохгүй үл бүтэх нөхөр. БХамгаалах салбарын удирдах бүрэлдэхүүний томилгоог жинхэнэ ургийн модоор үржүүлсэн. Одоо ч үргэлжилсээр байгаа. Салбарын алба хаагчид маш сайн мэднэ дээ
Попын суга алтан товчтой?!
сонгуульд бүү сонго манай архангайчуудаа жинхэнэ авилгач
Хамгийн сураггүй сайд!
энэ мэтийн армийн хоол хороосон мудакууд юугаа мэддэгюм. харваас орк