Хамгийн урт саналын хуудас 78.7 см байна

2024 оны 05 сарын 09

СЕХ-ноос өчигдөр 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар 23 нам, хоёр эвслийг СЕХ бүртгээд байна. Аймаг, нийслэл болон 330 суманд сонгуулийн хороо байгуулж,  2,691 хэсэг байгуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Тавдугаар сарын 14 гэхэд бүх хэсгийг байгуулна. СЕХ-ноос сонгуулийн саналын хуудасны загварыг баталлаа.

Ирэх долоо хоногоос нэр дэвшигчид тодорхой болно. Өчигдрийн байдлаар 77 бие даагч тодорхой болоод байна. Нэр дэвшигчид тавдугаар сарын 14-21-ний хооронд тодорсноор сонгуулийн бэлтгэл ажлын гол ажлууд бэлэн болно" гэв.

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасны загварыг баталсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар иргэд мажоритар, пропорциональ холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох гэж байгаа нь хамгийн онцлог өөрчлөлт. Тиймээс саналын хуудас сонгогчдод ойлгомжтой байх талаас нэлээд анхаарсан.

Саналын хуудас хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Эхнийх нь 48 гишүүнийг пропорциональ системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ бүх мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд СЕХ сонгогчдод хүрч ажиллана. Жишээ нь, бид номын баярт оролцож, сонгогчийн боловсрол олгох, саналын хуудас ямар байх талаар мэдээлэл түгээнэ.

Саналын хуудсан дээр намуудын дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Саналын хуудсыг энэ дагуу баталсан. Саналын хуудас тусгай нууцлалтай, үнэт цаас. Нам, эвслүүдийн нэр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэнэ. Намаас тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь нэрсийн дарааллаа СЕХ-нд ирүүлдэг. Жишээ нь, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийн хэнийх нь нэр хамгийн эхэнд байх вэ гэдгийг тухайн нам шийддэг" гэлээ.

Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байгаа бол нам, эвслийн нэрийг дугуйлах хэсгийг төхөөрөмжид уншуулахад 11 секунд болж байгаа ажээ. Энэ хоёр саналын хуудсыг уншуулахад нийт 38 секунд шаардагдаж байгаа гэнэ. Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх бөгөөд энэ удаагийн сонгуулийн саналын хуудасны хамгийн урт нь болох юм. Нэг сонгогч санал өгөх байранд ороод саналаа өгч гарах хүртэл ойролцоогоор гурван минут зарцуулна гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top