Европын цус сорогчдын тухай домог хэзээ, хэрхэн үүсэн бэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 05

XVIII зууны эхээр Сербид ер бусын зүйлс тохиох болжээ. Олон арван хүн нэгэн нууцлаг өвчний улмаас хорвоог орхих болов. Хачирхалтай нь тэд бүгд үхэхийнхээ өмнө саяхан нас барсан хөршүүдтэйгээ таарсан гэж ярьж байжээ.

Энэхүү түүхийн төвд хоёр тосгон ордог. Сербийн өмнөд хэсгийн Медведжя болон зүүн хойд хэсэгт байрладаг Кисилова тосгод. Эл хоёр тосгон хоорондоо 200 км зайд оршино. Тухайн үед нэлээн зайтай ч арван жилийн турш тус хоёр тосгоноос оршин суугчдынх нь ер бусын үхлийн талаарх ижил төстэй мэдээ ирнэ.

Сербийн тэр хэсэг тухайн үед Австри-Унгарын бүрэлдэхүүнд багтдаг байсан тул нууцлаг үхлийн нөхцөл байдлыг тодруулахаар тосгод руу Австрийн эмч нарыг илгээсэн байна.

Томилолтоосоо ирээд тэд олж мэдсэн зүйлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлан бэлтгэв. Тайлангууд нь төд удалгүй хэвлэлд гарч, улмаар эрдэмтдийн анхааралд орсон байна.

Эмч нарын томилолтын үр дүнд 1725 онд Австрийн өдөр тутмын “Wienerisches Diarium” сонинд анх удаа “вампир” буюу цус сорогч гэсэн үг гарч, улмаар Европ даяар дэлгэрсэн гэж. “Цус сорогчид: Европ домгийн эхлэл” номын зохиогч Германы түүхч Томас М.Бон үздэг.

Англи хэлэнд вампир гэдэг үг анх 1732 гарч иржээ. Тухайн үед Зүүн Европыг “вампиризм” гэх тахал нөмөрсөн тухай олон сонин мэдээлж байв. Амьд хүний цус уудаг домгийн амьтан эрт дээр үеэс л дэлхийн олон үндэстний аман зохиолд гардаг ч “вампир” гэсэн нэр томьёо Европт анх XVIII зуунд бий болсон байдаг.

“Чөтгөрийн гар”

“Вампиризм”-ыг баримтжуулсан тохиолдлын эзэн бол Кисилова тосгоны тариачин Петар Благоевич. Тэрээр бүх насаараа Кисилова тосгондоо амьдарч, 1725 онд байгалийн жамаар 62 /65/ насандаа нас барсан байна. Уламжлалын дагуу оршуулга нь болсон. Харин тэр цагаас хойш таагүй явдлууд тохиож эхэлжээ.

Благоевичийг оршуулснаас хойш найман хоногийн дотор тус тосгонд есөн хүн хорвоог орхисон байна. Тэдэнд нэгэн нууцлаг өвчний шинж тэмдэг илэрснээс хойш нэг хоногийн дотор хорвоогоос хальцгаажээ. Үхэхийнхээ өмнө бүгд Благоевичтай таарсан тухай ярьж байжээ. Тэдний хэлснээр, талийгаач идэх юм эсвэл гутал өгөхийг шаардаж байсан гэх. Эхний золиос нь түүний хүү Петара болов. Тэр талийгчийн хүслийг биелүүлэхээс татгалзсан ба маргааш өглөө нь нас барсан байдалд олджээ. Өөр нэг хувилбараас үзвэл Благоевич, бэлэвсэн эхнэр дээрээ ирсэн гэх. Гэвч түүний эхнэр маргааш өдөр нь хөрш тосгон руу ум хумгүй зугтсан аж.

Айдаст автсан тариачид юуны өмнө Петара хүүгийн шарилд вампиризмын шинж тэмдэг болох хумс нь ургаж, уруул дээр нь цусны мөр үлдсэн эсэхийг шалгахаар шийджээ. Ингэхдээ тэд Австрийн итгэмжлэгдсэн түшмэл Фромбальд болон нутгийн санваартныг байлцахыг шаардсан байна. Шарилыг нээхэд Петара хүүгийн цогцос шинэхэн мэт байсан тул хүмүүс чөтгөрийн явуулгын нотолгоо хэмээн хүлээн авчээ.

Нүүр, гар, хөл, ер нь бүхий л бие нь амьд байгаа мэт байсан гэж Фромбальд түшмэл хожим нь тайландаа бичсэн байв. Хачирхалтай нь түүний аманд шинэхэн цус байсныг хохирогчдынх нь гэж нутгийн хүмүүс үзэв гэж бичжээ.

Харин орчин цагийн хэл шинжээчид “вампир” гэдэг үг хуучин славян болон турк “онпыр” буюу “чөтгөр” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг байна.

Даблин дахь Тринити коллежийн профессор Клеменс Рутнерийн үзэж буйгаар, “вампир” гэх нэр томьёо нь шарил нээх ажиллагаанд байлцсан Австрийн түшмэл орчуулагчийн “упир/чөтгөр, цус сорогч” гэдэг үгийг сонсоод, буруу тогтоосноос үүдэлтэй гэж тайлбарласан нь бий.

Мэдээж хэрэг тухайн үед Кисилова тосгоны оршин суугчид хэл шинжлэлийн нарийн ширийн асуудалтай манатай байсан. Тэд үзүүрлэсэн долоогонын мод Петара-гийн зүрх рүү дүрэхэд, Фромбальдын гэрчилснээр, их хэмжээний цус гарчээ. Үүний дараа цогцсыг шатааж, улмаар тус тосгонд цус сорогчдын тухай яриа намжсан байна.

Томас Бон профессорын онцолсноор, Кисиловагийн цус сорогч Европт олон нийтийн анхаарлыг татсан ч цус сорогчдын алдар цуу түгэх үе нь хараахан ирээгүй байлаа. Тухайн үед Европ Соён гэгээрүүлэх үед орсон байсан ба боловсорсон олон нийт дэлхий дахинд болж буй бүхий л зүйлсийг шинжлэх ухаанаар тайлбарлаж болно гэж чин сэтгэлээсээ үзэж байв.

Үл мэдэгдэх өвчин буюу гайдук-вампир

Дээр өгүүлсэн үйл явдлаас хойш зургаахан жилийн дараа Австрийн армийн цэргийн мэс засалч Йоханнес Флюкингер туслах багийн хамтаар Сербийн Медведжя тосгонд өрнөсөн өөр нэгэн цуврал нууцлаг үхлийн шалтгааныг тогтоохоор хөдөлжээ.

Энэ удаад үйл явдал серби /албан гаралтай ч гэгддэг/ гайдук /зэвсэглэсэн тариачин/ Арнаут Павле-гаас эхэлжээ. Цуу ярианаас үзвэл, Павле цус сорогчид өөрийг нь мөрдөн мөшгөдөг тухай бүх насаараа ярьдаг байжээ. Өөрийгөө хамгаалахын тулд тэр цус сорогчдыг оршуулсан газрын шороог идэж, тэдний цусаар биеэ буддаг байсан гэх. Харамсалтай нь түүнд энэ аргууд нь золгүй явдал тохиохоос аварч чадаагүй байна. Тэр өвс ачсан тэрэгнээс унаж, хүзүүгээ хугалжээ. Павле ийн золгүй нас барснаас хойш 40 хоногийн дараа эргэн ирсэн гэж домогт өгүүлдэг. Тэр тосгоныхоо дөрвөн оршин суугчийг тамласан гэх ба удалгүй тэр дөрөв мөн хорвоог орхижээ. Цаашид ийм таагүй явдал гаргахгүйн тулд тосгоны ахлагчид гайдукийн шарилыг нээж үзэхэд цогцос шив шинэхэн байсанд ихэд гайхацгаасан байна. Түүний нүд, чих, хамраас шинэхэн цус урсаж байжээ.

Эл шинж тэмдэг л таамаг тавихад хангалттай байв. Сэрэмжтэй тосгоныхон үзүүрлэсэн модоор цогцос руу хатгахад талийгчаас ёолох дуу гарч, их хэмжээний цус гарчээ. Гэвч үүгээр бүх зүйл дууссангүй. Талийгаач Павле хөршүүдээ төдийгүй тугалуудыг тарчлаадаг байсан болж таарав. Хэсэг хугацааны дараа тугалууд өсөхөд, нядалж, нутгийн хүмүүс хүнсэндээ хэрэглэжээ. Ийнхүү тосгонд 17 шинэ цус сорогч гарч ирсэн гэх.

Цэргийн мэс засалч Флюкингер халдварт өвчин судлаач байсан ба герман хүний зангаар сэжиг бүхий хүмүүсийн цогцсыг гаргахыг тушаажээ. Тэрээр ямар нэгэн халдварт өвчин дэгдэхээс сэргийлж, тосгоны оршин суугчдыг автуулсан айдсыг дарахыг хүссэн байна. Хэрэв ямар нэгэн өвчин үхлийн шалтгаан нь байсан бол тэр үеийн анагаах ухаанд танигдаагүй өвчин байв. Тэрбээр цогцсуудыг “задралд орсон” эсвэл “гэмтэлгүй” хэмээн ангилж, задралд орсныг нь эргүүлэн оршуулж, харин гэмтэлгүй шарилуудыг шатаажээ. Ингэхдээ эхлээд толгойг нь цавчсан гэдэг.

1732 оны нэгдүгээр сард цэргийн эмч Тосгонд гүйцэтгэсэн ажлынхаа тухай тайланг нийтэлжээ. “Visum et Repertum /Үзсэн ба мэдээлсэн/” гэж нэрлэсэн түүний тайлан жинхэнэ шуугиан тарив.

Соён гэгээрсэн Европын шинжлэх ухаан, шашин, шүүхийн зүтгэлтнүүд, цус сорогчид бодит аюул эсэх, оршуулгын газрын дэргэд амьдрах аюулгүй эсэх, цус сорогчид унтаж байхад нь дайрах эсэх талаар маргаан дэгдээжээ.

Эл маргаан 1946 оныг хүртэл үргэлжилжээ. Тэр онд Францын эрдэмтэн Огюст Кальме “Сүнсний тухай номлол” нэртэй алдарт бүтээлээ нийтлэв. Бүтээлдээ эрдэмтэн үхсэн хүн хэзээ ч босож чадахгүй тул цус сорогч нь зөвхөн төсөөлөл бөгөөд бодит аюул гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн байна.

Сербийн тосгодод болсон үйл явдалд шинжлэх ухааны тайлбар бий юу?

Эхний гол асуулт: Тосгодын оршин суугчид юунаас болж нас барав?

Тэдний зарим нь “цус сорогчийн” хордуулсан махыг идсэний дараа хорвоог орхисон гэснээс үзвэл тэдний үхлийн шалтгаан нь боом байсан байж магадгүй. Ямартаа ч профессор Рутнерийн хэлснээр ийм дүгнэлт хийх боломжтой гэж Вений нэрт патологоанатомич Кристиан Райтер үздэг.

Дээр үед боом өвчин дайны үеэр болон дайны дараа дэлгэрэх нь их байжээ. Шалтгаан нь дайнаас үүдэн хүн, мал олноор дүрвэдэг байв. Боом нь халдвартай амьтнаас хүнд дамждаг, үхэлд хүргэдэг халдварт өвчин. Домог ярианаас үзвэл “цус сорогч”-дын хохирогчдод үхэхээс нь өмнө амьсгал боогдох эсвэл давчдах шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь хүнд хэлбэрийн хатгалгаа байх боломжтой. Тайлангуудыг анхааралтай уншихад цус сорогчийг нүдээрээ харсан хүн байдаггүй. Тэд цус уудаг гэсэн санаа нь Австрийн эмч нарын тайлбараас үүдэлтэй хэмээн профессор Рутнер үздэг.

Гэсэн хэдий ч олон хүний гэнэтийн үхлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахаас цус сорогч байдаг гэдэгт итгэдэг итгэлийг үгүй хийх нь хамаагүй хэцүү аж.

Тухайлбал, Медведжя тосгоны түүхч Иван Нешичийн ярьснаар, цус сорогч байдаг гэдэгт итгэдэг итгэл, айдас өнөө хэр нутгийн оршин суугчдын дунд байсаар ирсэн. Серби цус сорогч нь цусаар дүүрсэн арьсан бөмбөг гэж нутгийн оршин суугчид итгэдэг байна. Хэрэв ямар нэг хурц зүйлээр хатгах аваас агаарын бөмбөг шиг хагардаг. Тиймээс хүмүүс хаалга, цонх, үүдэндээ долоогонын мөчир өлгөдөг заншилтай болсон гэж Нешич ярьжээ.

Цус сорогчийн шинэ төрх

Ер бусын гэх үйл явдал өрнөсөн хоёр тосгон хоёул хил орчмын бүсэд байрладаг байсан ба Османы эзэнт гүрний олон зуун жилийн ноёрхлын дараа XVIII зууны эхээр Габсбургийн хаант улсын мэдэлд шилжжээ. Үйл явдлууд маргаантай газар нутагт болсон учраас л Австрийн түшмэдийн “вампиризм”-ын талаарх тайлангууд олны анхаарлыг татсан гэж профессор Рутнер үзэж байна.

Харин Базелийн их сургуулийн Зүүн Европын түүхийн профессор Хайко Хауманны хэлснээр, Зүүн Европт цус сорогч байдаг гэдэгт итгэдэг итгэл түүхэн зорилготой байжээ. “Энэ л итгэл тосгод, нутгийн хүмүүсийг нэгтгэж, гаднын хүмүүсийг илчилж, үхлээс айх айдсыг хэлбэржүүлж, нууцлаг үйл явдлыг тайлбарлаж, эцэст нь барууны үзэл санаа, сэтгэлгээний загвар орж ирэхээс хамгийн гол нь хамгаалдаг байсан” гэж Хауманн үзэж байна.

XVIII зууны дунд үед Австри-Унгарт цус сорогчдын тухай мэдээлэл дахин гарч ирсэн ч эрх баригчид мухар сүсгийг хазаарлах үүднээс цус сорогчидтой тэмцэхийг хориглож байжээ.

Ямартаа ч 100 гаруй жилийн дараа цус сорогчид Европт эргэн ирсэн, Гэхдээ өөр дүр төрхтэй. Цусаар дүүрсэн бөмбөлөг бус харин хээнцэр, нүд булаам, цонхигор язгууртны дүрээр эргэн ирэв.

Орчин цагийн уран зохиолын ухаалаг бөгөөд хээнцэр цус сорогчийг Английн зохиолч Жон Полидори гаргаж ирсэн билээ. Түүний “Цус сорогч” богино өгүүллэг 1819 онд гарсан. Гэхдээ шинэ үеийн вампирын том дүр бол яахын аргагүй Брэм Стокерын 1897 оны зохиолын баатар гүн Дракула юм. Түүний мөнхийн алдар цуу бидний өөрсдийн айдас, хүслээс үүдэлтэй гэж профессор Хауманн үзэж байна. “Хэрэв Дракулагийн тухай бодох л төдийд таны бие зарсхийдэг бол тэдний тухай домог зорилгоо биелүүлсээр л байна гэсэн үг. Энэ бол бидний айдас, итгэлгүй байдал, дур хүсэл, хувийн дайсагналын тусгал юм”. Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top