Арслан Э.Оюунболд наадамд зодоглох эсэхийг өнөөдөр шийднэ

2024 оны 07 сарын 08

 

Үндэсний их баяр наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр эхлэв. Үүнтэй зэрэгцэн бөхчүүд болоод бөхийн хорхойтнууд дунд сэргээш илэрсэн бөхчүүд зодоглох эсэх тухай яриа өрнөж байгаа юм.

Сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэг Монгол Улсын арслан Э.Оюунболд Монгол дахь Олон улсын ба үндэсний спортын арбитрт хандан нэхэмжлэл шаардлага хүргүүлээд байна.

Э.Оюунболд арслангийн шаардлагыг Монгол дахь Олон улсын ба үндэсний спортын арбитрын давж заалдах комисс хүлээн авсан бөгөөд Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос түүний маргааныг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ болон эрх бүхий комисс шийднэ гэжээ. Уг асуудалтай холбогдуулан МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр 15.00 цагт хуралдахаар товлов. Тус комиссын даргаар П.Мөнхжаргал /хуульч/ ажиллаж, О.Амгаланхүү /эмч/, Ж.Эрдэнэбаяр /хуульч, өмгөөлөгч/, Д.Золбаяр /тамирчин асан/, Д.Нямдорж /эмч/ нар бүрэлдэхүүнд  нь багтдаг юм байна.

Монгол Улсын арслан Э.Оюунболд шаардлагадаа:

“Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг надад хууль журмын дагуу мэдэгдээгүй болон бусад шинжилгээ өгсөн бөхчүүдэд хандан тэднийг олон нийтэд шинжилгээний хариу сөрөг гарсан гэж хэлүүлсэн нь тамирчин миний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож өгөх,

Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг өнөөдрийг хүртэл надад гардуулж, өгч танилцуулаагүй болохыг тогтоолгох,

Допингийн эсрэг байгууллага намайг 2019 онд допинг хэрэглэсэн гэж үзэж байгаа бол “Олон улсын дүрэмд заасны дагуу дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн шинжилгээ авахгүй байх ёстой” атал 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр шинжилгээ авсан нь тамирчны эрхийг зөрчсөн болохыг тогтоож өгөх,

2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьц Допингийн эсрэг байгууллага хэд хоног ямар нөхцөлд байлгаж, хадгалалтын журмыг сахисан эсэхийг тогтоолгох,

2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьцуудыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу хэдний өдөр явуулсныг тогтоолгох,

БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээний хариу яагаад хоёр сар илүү хоног болсныг тогтоолгох,

Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагуудад гэмтэл бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ тайлбарлах гэхээр хүлээж авдаггүй байсныг тогтоолгох,

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагууд болох Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг хуулийн байгууллагаас хойшлуулахгүйгээр саатуулан шалгахад их хэмжээний допингийн төрлийн эм бэлдмэл илэрсэн мэдээллийг гаргасан. Тэд чиг үүргийн дагуу допингтой тэмцэж байсан уу, эсвэл допингийн төрлийн эм тариагаар ашиг орлого олох зорилготой ажиллаж байв уу гэдэгт тайлбар гаргуулж авах,

Ж.Хатанбаатар ерөнхийлөгч ажлаа өгсөн гэх атлаа яагаад одоогийн Допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлд (2023.10.25-ны өдөр бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн) байдаг, энэ нь тэрээр ажиллаж байсан он жилүүдийнхээ явцад гаргасан алдаа зөрчлүүдээ нуун далдлах зорилго агуулж байгаа эсэхийг тогтоолгох,

Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Тэгвэл сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн Монгол Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.203) 2024 оны 07 сарын 08

Оюунболдоо барилдахыг хармаар бна даа...

0  |  0
Top