Анхаар! Танай гэрт бичил хуванцар

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 03

Гэр ахуйн өдөр тутмын хэрэгслүүд бидний бие организмыг бичил хуванцраар “бордож” байдаг. Бичил хуванцар хаа сайгүй өргөн тархаад байна. Эдгээр бичил хэсгүүд хуванцар эд хэрэгсэл задрахад бий болдог байна. Бичил хуванцар зүрхний шигдээс, нөхөн үржихүйн асуудал, тэр бүү хэл хорт хавдар үүсгэж буй нэг шалтгаан болоод байна.

Канад улсад 2019 онд явуулж байсан судалгаанаас үзвэл, жилд хүний бие организмд 52 мянган бичил хуванцар ордог байна.

Нью Мексикогийн их сургуулиас саяхан явуулсан судалгаа ихээхэн дуулиан тарьсан. Судалгааны хүрээнд эмч нар 23 хүн болон 47 гэрийн тэжээмэл нохойд шинжилгээ хийхэд бүх оролцогчдод багагүй хэмжээний бичил хуванцар илэрчээ.

Бичил хуванцар байгальд орчинд өргөнөөр тархаад байгаа хэдий ч хүнд бие организмаа бичил хуванцраар “хооллохоос” урьдчилан сэргийлэх боломжууд байгаа бөгөөд гал тогооноос шууд эхлэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.

Танай гэрийн бичил хуванцрын таван гол эх үүсвэр

Хуванцар гампанз

АНУ-ын Химийн нийгэмлэгээс явуулсан судалгаагаар, хуванцраар хийсэн гампанзын улмаас өдөр тутам хүн полипропилений 79.4 сая ширхэг бичил хэсгүүдийн үйлчлэлд өртдөг байна. Тиймээс сайжруулсан шилээр хийсэн гампанзыг сонгох боломжтой гэж судлаачид зөвлөжээ. Ийм материалыг угаахад хялбар бөгөөд бичил хуванцар агуулдаггүйгээрээ давуу талтай. Зарим брэндүүд цэвэр цул модоор хийсэн гамбанзыг хэрэглэгчдэд санал болгож байна.

Бичил долгионы зууханд зориулсан хуванцар савнууд

Бичил долгионы зууханд хэрэглэж болох хуванцар савнууд хүнсийг халаах явцад их хэмжээний бичил хуванцар ялгаруулдаг байна. 2023 онд Небраскагийн их сургуулиас явуулсан туршилтаар бичил долгион зууханд хэрэглэхэд тохиромжтой гэж тэмдэглэсэн хүүхдийн хоолны зарим хуванцар савлагааны нэг сантиметр тутамд дөрвөн сая хүртэл ширхэг бичил хуванцрын хэсэг илрүүлжээ. Микроскопын тусламжтай харахад, ийм төрлийн бичил хуванцрын хэсгүүд бөөрний эсийн өсгөврийн 75 хувийг устгадаг болох нь батлагджээ.

Хуванцар саванд хөлдөөсөн мөс

Хуванцар саванд хөлдөөсөн мөс бичил хуванцрын эх үүсвэр болдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Хуванцар савлагаатай ус мөн ижил.

АНУ-ын “HealthCentral” компанийн мэдээллээр, энэ сэдвээр явуулсан судалгаа тийм ч их байдаггүй байна. Гэхдээ хуванцрыг хөлдөөхөд яг халаах явцтай ижил бичил хуванцар ялгардаг болох нь тодорхой болжээ. Тиймээс хүнсний силикон эсвэл зэвэрдэггүй гангаар хийсэн мөсний сав нь экологийн цэвэр бөгөөд эрүүл мэндэд аюулгүй сонголт байх боломжтой гэж судлаачид зөвлөжээ. Гангаар хийсэн савнууд хурдан хөлддөгөөрөө давуу талтай гэнэ.

Цаасан аяга тийм ч экологийн цэвэр хувилбар биш аж

Хэдийгээр цаасан аягыг хуванцрыг орлох экологийн цэвэр хувилбар гэж үздэг ч хачирхалтай нь ийм аяга байгаль орчныг бичил хуванцраар бохирдуулахад хувь нэмэр оруулдаг байна. Учир нь цаасан аягыг наахад хэрэглэдэг цавуу, наалт нь 10 хувийн өндөр нягтралтай полиэтилен агуулдаг байна. Энэ нь цаасан аягыг дахин боловсруулахад томоохон хүндрэл учруулдаг байна. Учир нь дахин боловсруулалтын явцад цаасыг өндөр нягтралтай полиэтилен наалтаас салгах шаардлага гардаг аж. Үүгээр бас дуусахгүй гэнэ. Цаасан аяганд халуун ундаа хийхэд эрүүл мэндэд хортой хэд хэдэн төрлийн химийн бодис ялгардаг болох нь мөн л судалгаагаар тогтоожээ. Үүнд фторид, хлорид, сульфат, нитрат зэрэг хорт бодис ялгардаг болохыг тогтоосон 2021 оны судалгааны үр дүнг “Journal of Hazardous Materials” сэтгүүлд нийтэлжээ. Зэвэрдэггүй гангаар хийсэн аяга байгаль орчинд аюулгүйгээс гадна бичил хуванцрыг үйлчлэлийг буруулдаг байна.

Ууттай цай

Сонирхолтой нь ихэнх дүрдэг цайны уутыг экологийн хувьд цэвэр бус полипропилен хуванцраар хийдэг байна. Цаасан уут хүртэл цавуу, наалтын хэсэгтээ хуванцрын ул мөрийг агуулж байдаг.

Пакистаны Дау анагаах ухааны их сургуулиас 2023 онд явуулсан судалгаагаар, дүрдэг цайг халуун усанд хандлахад хэдэн саяас 3.1 тэрбум хэсэг бичил хуванцар ялгаруулдаг болохыг тогтоожээ. Фторын нэгдэл, хүнцэл, зэс, тугалга, мөнгөн ус, кадмий, барий, нитрат зэрэг хортой бодис дүрдэг цайны уутанд агуулагддаг байна. Тиймээс цайг ган төмөр эсвэл ширмэн данх, хандлагчид хандлах зэрэг экологийн болон эрүүл мэндийн хувьд ээлтэй олон аргууд байдгийг эрдэмтэд сануулжээ. Тэр бүү хэл “Plastic Pollution Coalition” байгууллага цайны даавуу уут хэрэглэх эсвэл байгалийн бөс даавуугаар цайг шүүж, хандлахыг зөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 03

Маш чухал мэдээ бна

2  |  0
Top